“Өнөөдөр” сонин “Найзууд” булангийнхаа зочноор Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, “Гамма” агентлагийн захирал С.Цацралт, соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр нарыг урилаа.
"Бид гурав төрхөө өөрчилж үзэхээр шийдсэн юм. Зарим хүн танихгүй байсан"
Сонгуульд саналаа өгөхийн өмнө, 2008.4.14
-Жүжигчин, гэрэл зурагчин, шог зураач гурав хэрхэн нөхөрлөсөн түүхээс ярихгүй юу?
Со: -Би бол хөдөөгийн хүүхэд. Харин энэ хоёр соёлтой, иргэншиж, нийгэмшсэн газрын залуус. Манай С.Цогтбаяр бол 19 дүгээр хороололд өсөж торнисон. Харин манай С.Цацралт Дөчин мянгат хавьцаа өссөн юм билээ. Багын найзууд нь сүрхий атаманууд байдаг сурагтай. Би 1978 онд нэг тийм хүрэн тэрмэн тэрлэгтэй, хот мэдэхгүй хүүхэд хөдөөнөөс ирж байсан. Жанжны талбай, хойшоо Рашаантын 18, урагшаа Багшийн дээд гэсэн гурвалжин дунд л явна. Баянхонгор руу ярих гэж Төв шуудан орохоос биш өөр газар мэдэхгүй. 1982 онд Драмын театрт ажил лах болсноор энэ хоёртой танилцсан. “Илүү сартай зун” кино гарсны дараа улам дотноссон. Манай хоёр яагаад ийм хөдөөний хүнтэй найзалсан тухайгаа ярих байх.
Ца: -“Илүү сартай зун” киног хийх үед Цогоо бид хоёр “Үнэн” сонины эвлэлийн үүрт байлаа. Эвлэлийн үүрийн дарга Б.Цэнддоо “Тэргүүний мундаг сэхээтэн, их авьяаслаг жүжигчин хүн ирнэ” гэсэн чинь тэр нь Со байсан. Со-г кинонд тоглуулах гэтэл найруулагч И.Доржсамбуу гуай хориг тавьсан шиг байгаа юм. Тэгсэн Со “Би өвчтэй хүн. Ганц кинонд тоглочихоод маргааш үхлээ” гээд…
Со: -Маргааш нь ч юу юм бэ. “Нөгөөдөр” гэсэн шүү (инээв).
Ца: -Тэгээд бид нэг их идэж уугаагүй юу гэдэг шиг, “Русский чай” гээд клубтээ ярилцлага хийсэн юм.
Цо: -“Үнэн” сонин “Тоншуул”, “Сэтгүүлч” сэтгүүл, “Шинэ хөдөө” гээд сонин гаргадаг байсан. Тэр үед Со хошин шогт тоглодог байсан тул “Тоншуул”-аар орж гарч, манайхантай насны зөрүүтэй ч хамаагүй найзалдаг байв. Удалгүй “Тоншуул” сэтгүүлийн дэргэд “Учиртай инээд” гэж Монголын анхны хошин урлагийн бие даасан хамтлаг байгуулагдсан. Энэ хамтлагаас манай хошин урлагийн түүх эхэлсэн гэж болно. “Учиртай инээд”-д Со ч орох сонирхолтой. Хамтлагийн ахлагч байсан шог зохиолч И.Цэрэнжамц гуай ч Со-г авах хүсэлтэй. Тэгсэн мань эр шалгуулахдаа эсэргүү шүлэг уншаад “Үнэн” сонины дарга нар ардчилсан үзэлтэй нам үүсэхэд толгойлох нөхөр байна гэж айгаад аваагүй. Гэхдээ л орсноос ялгаагүй хамт байсан даа.
Со: -“Тоншуул” сэтгүүлээр орох их гоё. Тэд тамхи их татна. Цогоо бол татдаггүй. Хэдий тамхины утаатай ч яриа хөөрөө нь эрүүл, сайхан газар байлаа. “Русский чай”-ны ярилцлагын дараа бид задгай буу халж, ярихааргүй юм ч ярьсан. Тухайн үеийн нийгмийг чимхээд л ярилцсан чинь үзэл бодол нийлж байна аа. Тэр дотроос хамгийн тод үлдсэн нь миний хоёр найз, Б.Цэнддоо байдаг юм. Тэр цагаас хойш өөрсдийн замаар, сэтгэл санаа бие бие рүүгээ татагдах болсон. Сонирхдог бүх юм адилхан. Дэлгүүрт ороход нэг цэгт очно. Тэр нь номын тасаг. Тийм учраас жинхэнэ дөт найзууд болсон. Хэзээ, хэн, яаж гуньж, баярлахыг мэд дэг. Ийм л гурвалжин үүссэн юм даа. Өдий бол тол салахгүй явна. Олон ч газраар хамт явсан. Японд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар ах бид гуравт “Шадар гурав” гэж нэр өгсөн юм.
-Нөхөрлөлийн талаар юу гэж боддог вэ?
Цо: -Хүмүүсийн нөхөрлөлийг хараад байхад янз бүр байна л даа. Зарим нь нийлж ан гөрөө хийнэ. Бодоод байсан бид эрэгтэй улс хэрнээ анд явж үзээгүй юм байна. Цацаа бид хоёр сүүлийн үед гар утсаараа “ан” хийдэг болоод байгаа.
Ца: -Манай нэг найз “Та хоёрт буу үүрүүлээд явуулбал хээр очоод ан хийчихээр юм байна шүү” гэсэн (инээв).
Цо: -Чамтай ярьж суухдаа сая би хоёр буга унагачихлаа.
Со: -Бид нэгнээ үргэлж нөхдөг. Жишээ нь, Цацралтын бодитой хандсан, онцгой анхаарч авсан гэрэл зургууд миний хийх бүтээлийн санаа байх нь бий. Миний өөрийн зохиосон дуун дээр Цацралтын авсан зураг клип болох жишээтэй. Цогоо шог зургийн ном гаргасан шүү дээ. Тэр номын нээлтийг театрт, зургийн үйл явдлыг жүжигчдээр хийлгэсэн. Гурван биенээсээ гадна гэр бүл, үр хүүхдээрээ найз. Зовлон, жаргалаа ч нэгнээсээ нуулгүй ярьдаг. “Би чамайгаа мэдэлгүй яах вэ дээ. Дуу чинь ингэсэн байна” гэх жишээтэй.
Ца: -Шинэ бүтээл хийх анхны санаа олоход найзууд маань урам өгнө.
Цо: -Со-гийн ертөнцийг үзэх үзлийг хэнээс ч илүү мэдэрсэн болохоор бусад хүн Со-г сүрлэг гэж байхад бид хоёр “Үгүй ээ, энэ хүн чинь дотроо магадгүй чамаас ч уян зөөлөн хүн шүү дээ” гэх жишээтэй. Залуу байхад янз бүрийн л найз хүнд байна л даа. Нас яваад ирэхээр шигшигдэж байгаа юм уу, бид хорвоогийн үнэн мөнийг таниад ирэхээр ч юм уу, тэр олон найз холдоод байдаг юм байна.
Ца: -Бид гурав найз хэвээрээ үлдээд, бусад найз алга болчихсон хэрэг биш л дээ.
Цо: -Бидний фракц гээд биднийг ойлгодог хүрээлэл бий. Ийш тийшээ хамт явна. Харин нас яваад ирэхээр илүү дотно байдгууд нь цөөрөөд ирэх юм. Манай Б.Бадрууган “Байны гол руу ойртоод байна” гэж хэлдэг байсан. Одоо бодоход хорвоог орхисон найз зөндөө байна. “Гамма”-гийн Батзориг, жүжигчин Цэвээнравдан гээд.
Цо: -Биднийг дагадаг залуучууд олон байна. Бидний нөхөрлөлийн хүрээнд 19-20-той залуучуудаас гадна 70-80-тай ахмадууд ч байна. Ах мад дипломатч Содном гуай, Гунгаадорж гуай байна. Хүний нөхөрлөлд үзэл бодол, бие биеийн хээ ертөнцийг ойлгох ойлголцол чухал гэхээс нас зүсний зөрөө байхгүй. Мөнгө санхүү, албан тушаал, нам бүлэглэлийн ямар нэгэн ашиг сонирхол дээрх нэгдэл бол нөхөрлөл биш. Харин жинхэнэ нөхөрлөл их бодитой, олон жилийн настай байгаа юм. Хараад байхад хэсэгхэн зуурын нөхөрлөл их байна. Зас гийн эрхэнд байх хугацаан дахь, нэг хүнийг компанийн захирал байх хугацааны ч юм уу.
Ца: -Нэг ажил бүтээхийн тулд найзалдаг ч юм уу. Эсвэл нэг малчныг баян байхад нөхөрлөсөн нөхөрлөл шуурганаар л байхгүй болно шүү дээ. Бидний нөхөрлөл ямар ч шуурга болсон, хэдэн Засаг солигдсон ч хувирахгүй. Социализм, ардчилал гээл бүх л цаг үед найз байсан.
Цо: -Ер нь бид өөрсдийнхөө үзэл бодол, зүг чиг, үнэнд ойр байдаг хүмүүстэй нөхөрлөе гэж боддог.
-Бусад найзуудтайгаа уулзаж, учирч чаддаг уу?
Цо: -Хүмүүс ажил хэрэгч, завгүй болсон. Фэйсбүүкээр л их харилцдаг болж. Тэгэхээр байнга холбоотой байгаа юм шиг хэрнээ уулзаагүй бүтэн жил болчихсон байдаг. Сошиал нэтворкоор хүмүүс ойрхон байгаа юм шиг мөртлөө амьд, жинхэнэ харилцаа холдоод байгаа юм шиг санагддаг. Бид гурвын хувьд сонгодог, амьд харилцаагаа хадгалахын зэрэгцээ нийлж юм хийх боломж, бололцоогоо өөрсдөө бүрдүүлж чадсан. Хэрэв бүрдүүлж чадаагүй бол бас нийлэхгүй шүү дээ.
Со: -Бид Монголынхоо хамгийн нандин газруудаар явсан байдаг. Гэр бүлээрээ Бичигт хад, Хамрын хийд, Хөвсгөл, Их газрын чулуугаар аялж, аяллын дундаас сэтгэлгээний олз их олдог. Хааяа зуу татчихаад найзаараа авахуулна. Нэгнээрээ авахуулах бас гоё л байдаг юм.
Ца: -Нэг талаас бид гурвыг харвал гэрэл зураг, шог зураг, дуу хуур гээд нийлчих мээр уран бүтээлчид биш хэрнээ энэ гурван мэргэжил синтез болоод их гоё нийцдэг. Бид “Бичигт хадны цуурай” гээд уран бүтээлээ Баянхонгорын Баянлигийн Их, Бага, Дунд бичигт гэдэг газруудад хийсэн. Чулуун зэвсгийн үед олон улсын хадны сүг зураач дын симпозиум болсон газар (инээв). Уулын ам тэр чигээрээ сүг зурагтай. Тэнд очоод бид сүг зураг үзээд ийш тийшээ тараад явчихгүй юу. Тэгсэн “Хөөх энэ ямар гоё зураг вэ” гэхээр нь эргээд харсан чинь нөгөө уулын энгэрт ярьж байгаа хүний яриа тэгж хажууд байгаа юм шиг сонсогдож байна. Акустик гоётой газар байсан. Байгалийн театр гэсэн үг. Тэгэхээр нь Со концертоо тоглоод, хадны сүг зураг нуудын дунд Цогоогийн шог зургууд, Монголын байгалийн тухай миний гэрэл зургуудыг тавиад нутгийн хүмүүст үнэ төлбөргүй үзүүлсэн. Эндээс үүссэн уран бүтээлийн тоглолтоо ганц Баянхонгор биш, Өмнөговь, Дундговь, Хөвсгөл гээд Монголын байгалийн үзэсгэлэнтэй газруудад хийсэн. Сүүлдээ гадагшаа явдаг болж байна. Бие биенийхээ уран бүтээлийг дэмжиж, санаа нийлээд хийхээр юм их дажгүй, өвөрмөц болж байгаа юм.
Со: -Бид гурав хамтдаа таван удаа тоглолт хийсэн. Саяхан 32 хүний бүрэлдэхүүнтэй Япон явж, гурван удаа үзэсгэлэн гаргасан. Үзэж байгаа хүмүүс нь ч, үзэсгэлэн гаргасан газар нь ч үнэхээр гоё юм. Манай хоёр тэр гоё бүтээлүүдээ Элчин сайдын яаманд бэлэглэнэ лээ.
-Та гурав их хөгжилтэй байдаг байх. Тохиолдсон хамгийн хөгтэй явдлуудаасаа ярихгүй юу?
Со: -Анх “Бичигт хадны цуурай”-д явахад хоёр удаа татаж унатлаа инээсэн юм. Насаараа үерхчихээд би энэ хоёртоо нэг онигоог яриагүй юм байна л даа. Нэг казах нөхөр: -Чоро помбойлгодгийг чинь монголоор юу гэдэг билээ гэхэд нөгөөх нь: -Сохор номин гэж. Тэгсэн дахиад -Чоро помбойлгодгийг чинь монголоор юу билээ гэтэл, -Би чамд хэлсэн биз дээ гэхэд нөгөө нөхөр: -Аан мухар олгой бил үү гээд ярьсан чинь элэг нь хөшчихсөн. Энэ хоёрыг тэгж инээнэ гэж санаагүй. Ер нь хамт байхад хөгжилтэй юм их болно. Манай Цогоо бол ичих ч үгүй танихгүй хүнтэй юм яриад эхэлнэ. Цацаа бид хоёр ичээд цаашаа хараад зогсчихно.
-Эрчүүдийг эмэгтэйчүүд гаднаас нь хараад лав хов жив ярьдаггүй, толинд бараг хардаггүй гэж боддог. Гэтэл эрчүүд харин ч толинд их хардаг гэсэн судалгаа бай даг юм билээ. Ер нь эмэгтэйчүүдийн төсөөлд гөөс өөр сонирхолтой хийдэг зүйл бий юү?
Цо: -Залуу байхад толинд хардаг байсан байж магадгүй. Одоо хөгшрөөд ирэхээр толинд хараар цочоод байдаг болохоор харахаа байчих юм байна шүү дээ. Юуг хов гэх вэ гэдгээс л шалтгаална. Нийгмийн нэг эд эс учраас хоорондоо нарийн ширийн юмаа ярина. Хов живийг ярих эрхтэй хүмүүс шүү дээ. Бид бүх зүйлийн гэрч нь. Ардчилал дөнгөж эхэлж байхад ч бид байж л байсан. Тиймээс аливааг шүүмжлэх, засаж хэлэх эрхтэй. Тулга тойрсон хов ярихгүй л дээ. Тэр нь бидний хэв маяг биш. Ер нь бид гуравт ярихгүй сэдэв гэж байхгүй. Галактикаас эхлээд дэлхий сөнөх гэж байгаа тухай хүртэл ярина. Нэг нэг гэр авчихсан. Яаж борлуулдаг юм байгаа юм (инээв).
-Дэлхий сөнөнө гэснээс 21-нд та гурав юу хийсэн бэ?
Цо: -21-нд дэлхий сөнөх тухай “Өдрийн сонин”-д зураг зурж тавьсан.
Со: -Энэ хоёр намайг байнга явуулна. Би бол явж дуусаагүй. Харин арванхоёрдугаар сарын 21-нд л “яваагүй”.
Цо: -“21-нд дэлхий сөнөнө гээд Санзайд нэг амралтын газар ирсэн чинь буцах унаа байдаггүй. Чи хаана байна?” гээд Со руу ярьсан чинь “явах” шинжгүй. Тэгсэн манай нэг найз жаахан байж байгаад очиж авах уу гэсэн (инээв).
Со: -Би нэг жил Баянхонгорын Ламын гэгээний наадамд оччихоод буцаж яваад Элсэн тасархайд түр саатлаа. Ирэнгүүтээ Цогоо руу залгаад “Найз нь дөхөж явна. Элсэн тасархайд ирлээ” гээд ярихгүй юу. Тэгсэн Цогоо Цацаа руу ярьчихаж. Цацаа над руу залгаад “Би Элсэн тасархайд байна” гэж байна. Тэгэхээр нь “Хаана” гээд босоод ирнэ биз дээ. Ийш тийшээ хараад, ганцаараа гараа гозолзуулаад явлаа. Тэгсэн Цацаа “Чи яваад байна аа” гэхээр нь “Тийм ээ би яваад байна” гэсэн мань эр намайг “явуулж” байж л дээ.
Ца: -Со хөдөөнийх болохоор тэгдэг юм уу их итгэмтгий. Хүмүүс манай Со-г их ширүүн дориун, ууртай догшин гэж боддог шиг байгаа юм. Үнэндээ бид хоёроос илүү уян, зөөлөн сэтгэлтэй, уйланхай.
Цо: –Со их сүрлэг хувцасладаг болохоор тэгдэг байх “Танаас их айж байсан чинь та чинь зүгээр л хүн байна шүү дээ” гэж залуучууд хэлдэг юм (инээв). Бид хоёр бол жийнснээсээ салдаггүй болохоор хүмүүс ирээд хамаагүй л ярьдаг.
-Та гурвын имиж их өөр юм?
Цо: -Со-гийн имиж их өөр л дөө. Дээл хүнийг гоё, цэгцтэй, сүртэй болгочихдог юм байна. Сүүлийн үед дээл өмсдөг хүн олон болсон. Гэх дээ буруу өмссөн дээл муухай харагддаг. Хааяа хөдөө гадаа явж байхад Манжийн хаан шиг муухай эрээн дээл өмсөөд, тээр дор гуяараа бүсэлчихсэн. Дээрээ бүрх малгай тавиад, доогуураа пүүз өмсчихсөн ч байх шиг. Дээл өмсвөл номоор нь л өмсөх нь зөв. Бидний хувцаслалт, харагдах байдал өөр л дөө. Жишээ нь, зарим найзууд бие биенээ дуурайгаад адилхан болчихдог. Бидний харагдах өнгө өөр боловч сэтгэл, дотор санаа сайхан нийлдэг. Ялангуяа тэр нь уран бүтээл дээр илүү харагдаж, нэгнээ ойлгодог.
-Та гурав чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Сүүлийн үед юуг түлхүү сонирхож байна вэ?
Цо: -Бид гурав Туул гол өгсөөд цастай байхад нь ч, цас ханзраад цөн түрээд, ногоо цухуйж нов ногоон болоход ч алхдаг байсан. Тэгж алхахаар санаа оноо гарч ирнэ. Буцахдаа кофе ууна. Тэгж яваад л ер нь кофенд орчихсон. Нэг донтохоороо муухай донтоно л доо.
Со: -Цогоогийн кофенд Цацаа бид хоёр орчихсон. Ондоо жороор л хийгээд байгаа юм даа.
Цо: -Бид өөрсдөө найруулж уудаг арга зохиогоод шинэ төрөл маяг үүсгэсэн. Каппучино гэхэд биш. Латтэ ч биш. Тэгсэн мөртлөө найрлага нь ихдэж, багадахгүй. Яг тэр жороор уугаад сурчихсан болохоор “Шадар гурав” ч гээд нэрлэчихэж болохоор шинэ сортын кофе гаргаад ирсэн. Одоогийн хүмүүсийн хэрэглээ соёлтой болсон. Хуучин архи дарс уудаг байсан бол одоо кофе л ууж байна шүү дээ. Уухаараа бас даварна аа (инээв).
Ца: -Одоо зурганд донтоод байгаа (инээв).
Со: -Зураг, номонд бол үнэхээр донтоно. Бид гурав гадагшаа явахаар сонирхлынхоо дагуу ном их авдаг. Цогоод Гиннесийн ном бүх он дарааллаараа байдаг. Харин би олон үзэгтэй. Тэрний нэлээд хувийг Цогоо бэлэглэсэн байдаг. Миний 50 насны ойгоор мөнгөн үзэг өгсөн.
Цо: -Манайх ямар ч үзэггүй л болчихсон байна лээ. Юм бичих гэхээр л үзэг олдохгүй шүү (инээв). Хообий ойролцоо, санаа нэг болохоор амар байдаг. Хэрвээ нэг нь загасчлах сонирхолтой, нөгөө хоёр нь дургүй бол явах ч хэцүү, байх ч хэцүү шүү дээ.
Со: -Манай Цацаагийн гаргасан “100 жил, 100 хүн”, “100 жил, 100 үйл явдал” ном, Их Монгол Улс байгуулагд саны 800 жилийн ойгоор хийсэн гэрэл зургийн том альбом бол үнэхээр гайхалтай болсон.
Цо: -Цацаагийн номыг “National geographic” хамтран гаргасан гэж бодохоор мундаг. Манай Цацаагийн шинэ хообий бол Монголын түүхтэй холбоотой гэрэл зураг цуглуулах. Ёстой донтож байгаа. Фэйсбүүкийн Монголын гэрэл зурагчдын групп дэх залуустай үзэж тарж, үсэрч наалдаж байгаа. Түүхийг шинээр бичих гэж байгаа ийм үед маш хэрэгцээтэй ажил байхгүй юу. Монголын түүхийн олон шинэ эх сурвалж, бидний урьд өмнө харж байгаагүй зургууд гарч ирж байгаа.
Ца: -Үнэхээр үнэ цэнэтэй зураг их гарч ирж байна.
Цо: -Монголын хуучны кинонуудыг HD болгох “Монгол кино” гээд гоё төслийг “Univison”-ынхон Үндэсний архивтай хамтраад хийж байгаа. Эхний кинонуудыг нь очиж үзлээ. “Гарьд магнай” чинь ямар гоё өнгөтэй кино вэ. Равсал панзын дээл чинь ийм өнгөтэй байсан юм уу гэж байгаа юм чинь. Хамгийн гол нь тэр төслөөс дагаж гарах ач холбогдол нь чухал. Манайд өнгөт болон хар олон ч түүхэн кино бий. Тэр бүхнийг дижитал хувилбарт оруулчихаар Монголын түүх магадгүй хэдэн зуун сая шинэ гэрэл зургаар баяжих цаг ирж байгаа юм. Жишээлбэл, Н.Хрущев ирээд Д.Дамдин аваргад цагаа бэлэглэж байгаа ч юм уу, Х.Чойбалсанг хөдөөлүүлэхэд монголчууд уйлж байсан нь кадр кадраараа гэрэл зураг болж ирэх гэж байна шүү дээ. Энэ бол асар үнэтэй өв. Оюутолгой шиг шинэ нээлт болох гээд байна шүү дээ.
Ца: -Одоо цагт фанат л биш бол хүмүүс ном уншиж суух нь багассан. Цаг зав багатай учраас богино хугацаанд их мэдээлэл авах нь чухал. Тэдэнд зориулаад Монголын түүхийн хэрэгтэй чухал өвүүдийг гэрэл зургаар гаргаж байгаа юм. Монгол дэлхийн хамгийн хаягдмал орон байсан юм шиг хэрнээ гэрэл зургаар үлдсэн маш их түүх байна. 1910-1920 онд Мон голд гадаадын 100- гаад жуулчин ирж, зураг авсан байгаа юм. Одоо гадаадад байгаа монголчууд тухайн орноосоо олсон Монголын тухай олон гэрэл зургийг интернэтэд тавьж байна. Жил ирэх тусам Монголын түүх өргөжиж, өмнө үзэгдээгүй шинэ зүйлс нээгдэж байна. Манай энэ хоёр хүртэл хүмүүстэй уулзаж, надад хуучны зураг олж ирдэг. Байгалийн түүхийн музейтэй хамтраад Эндрьюсийн Монголд авч байсан маш олон гэрэл зургийг авчрах гэж байна.
Цо: -Хажуугаар нь бас хэдий хөгширсөн ч нийгмийн дэвшлээс хоцрохгүйг хичээх юм. “Электрон өвөө” хочтой болсон. Манай ач нар ирэхээрээ “Өвөө, таны утсаар тоглоё” гэдэг юм. Манайд ирэх их дуртай. Гол зорилго нь утсаар тоглох. Яагаад гэвэл миний утсан дээр тэдний сонирхлыг татах тоглоом олон байгаа байхгүй юу (инээв).
Со: -Би энэ хоёрыгоо бодоход нэлээд хоцрогдсон хүн. Энэ хоёр интернэт рүү их орно. Надад тийм зав гардаггүй учраас хааяа сонирхсон мэдээллээ л хардаг.
-Найзууд нэг нэгэндээ үлгэр дуурайл болж, нэгнээсээ олон зүйлийг тусгаж авдаг. Та гурав хэнээсээ илүү үлгэр авдаг вэ?
Со: -Цацаа бид хоёр Цогоогоос их үнэ цэнэтэй зүйлийг махбод, оюун санаандаа шингээж авсан. Хүмүүс мэндэлсэн өдрөөрөө бие биедээ бэлэг өгөх ч юм уу, баар саванд ордог. Тэгэхэд манай Цогоо ижий рүүгээ очиж, мөргөдөг. Ижийдээ ааруул жижиглээд аваачиж өгдөг. Энэ сайхан уламжлалыг хотын соёлтой найзаасаа сурсан.
Ца: -Цогоогийн ээжтэй Цогоогоос өмнө найз байснаа яриач!
Со: -Цогоогоос өмнө ээжтэй нь их дотно, эгч дүүс болчихсон байсан. “Илүү сартай зун” кинонд тоглох үеэр бие муутай байсан гэж ярьсан даа. Тэгээд Үйлдвэр комбинатын сувилалд Цогоогийн ээж Гүнжмаа эгчийн гар дээр очсон. Гүнжмаа эгч үйлдвэрийн ажилчдын ахлах тогооч байсан. Би сувилалд байхдаа гитартай энд тэнд очиж дуулна. “Энхрийлэн өсгөсөн ээжийн минь хайр…” гээд дуулахаар Гүнжмаа эгч их дуртай. Уяраад нулимс унагана.
Цо: -Тэгээд хоолоо нэмүүлнэ (инээв).
Со: -Заримдаа оройтоод ирэхээр миний хоолыг халуун хадгалж байна. Сүүлд Цогоотой танилцсан чинь Гүнжмаа эгчийн хүүхэд байсан. Цогоотой их сонин танилцсан. “Үнэн” сонины “Тоншуул”-д “Русский чай” гэдгээс өмнө. Мань эрийн шог зургийг их үздэг байлаа. Ажилчдын соёлын ордны өмнө хойшоо харсан автобусны буудал байдаг юм. Тэнд Цогоо гоё үстэй жилетка өмсчихсөн сууж байна. Би мэндлээд л өнгөрсөн. Тэгээд Драмын театр орохоор Сталины номын сан дээр буулаа. Цэвээнравдантайгаа таараад “Нөгөө шог зураг зурдаг залуутай тааралдаад танилцангаа алдлаа” гэсэн чинь “Тэр чинь ч ёстой авьяасны хүүдий дээ” гэж байна.
Цо: –Намайг нууцаар харж явдаг байсан шиг байгаа юм. Бүүр Цацаагаас өмнө (инээв).
Со: -Миний амьдралын хамгийн эмзэг үе театраас гарсан 1989 он байдаг юм. Нэлээд ширүүн үг хэлээд, тайзнаас адис авчихаад Цогоог дуудсан. Тэр үед би яаж ч мэдэх байсан. Гараад Нүхт рүү, ер нь л мод руу явсан даа. Тэр үед хажуугаас минь холдоогүй найз минь Цогоо.
Цо: -Со-г согтоод уначихаар нь олсыг нь хэд хэд огтолсон юм. Гурван удаа бөгсөөрөө унаад больё гэсэн (инээв).
Со: -Цогоогийн гайхалтай чанар бол дусал ч архи амсахгүй. Цацаа бид хоёр бол хусна аа.
-Шинэ уран бүтээл хийхдээ хамгийн түрүүнд хэнтэй ярьдаг вэ. Найзуудын үүрэг роль ямар байдаг вэ?
Со: -Нэгдүгээр сарын 16- нд Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16” жүжгийг ганцхан өдөр тавина. Жүжгийн нээлтээс өмнө хамгийн түрүүнд манай хоёр найз очиж үзнэ. Санаа оноогоо хэлнэ. NTV-гийн Уламбадрах Японд таараад “Та гурав гоё найзууд юм аа. Би жүжгийг тань телевизээрээ шууд дамжуулж өгье” гэсэн. Бидний нөхөрлөлийн нөлөөлөл ингэж уран бүтээл бүрт дэм болдог нь их сайхан.
Ца: -Шинэ хийж байгаа зүйлээ, шинэ уран бүтээл төрөхөд хамгийн түрүүнд ярина. Нэгнийхээ ажил дээр уулзана. Со-гийн “Үлэмжийн чанар” л гэхэд нэг жилийн ажил болсон. Ёстой мах идсэн (инээв).
Цо: -Хуучны дуунуудыг коверлож их дуулдаг болсон. Хуучны дуунуудыг сэргээж байгаа нь гоё. Гэхдээ болж өгвөл Со шиг тухайн дууг өөрийн нүдээр, өөрийн ертөнцөөр дахин нээж, өөрийгөө харуулбал зүгээр. Түүнээс биш Банзрагч гуайтай, Зангад гуайтай адилхан дуугарч дуулна гэдэг бол бараг элэглэл тал руугаа орж байгаа юм. Уран бүтээл биш.
Манай Со “Үлэмжийн чанар” гэдэг дууны доторх ухааныг нээж хараад, өөрийнхөөрөө хүмүүст шинээр үзүүлсэн. Тийм учраас энэ их авшигтай дуу болсон. Дөрвөн жилийн өмнө бид дараагийн тоглолтоо хийх гээд хэдэн машинтай Хамрын хийд рүү гарлаа. Өөрсдөө сайн мэдээгүй байж байгаад яг түйрэн болох үеэр нь гарчихаж. Гэрийнхэн араас яриад сандарсан л даа. Аймшигтай шуурга болдог юм билээ. Тэр үед бид гурав Согийн машинд “Үлэмжийн чанар”-ыг сонсоод л яваад байлаа. Гадаа хөшиг татчихсан юм шиг битүү харанхуй болдог юм билээ. Тэгсэн үүл ярагдаад хэсэгхэн газар нар туссан. Тэр нар нь яг бидний замыг дагаж явсаар байгаад Хамрын хийд хүрсэн. Тийм сонин байгалийн үзэгдэл таарна гэж байдаг юм уу.
“Үлэмжийн чанар” дууг үнэн сүсэглээд сонсвол тарни уншсан юм шиг хүн өөрийгөө кодлож байгаа л гэсэн үг. Бид өөрсдийгөө кодолчихсон явж байгаад тийм юм таарсан ч юм уу. Тэр үед бүгд ажигласан байсан. Дараа нь машинаас бууж ирээд бүгдээрээ бие биенээсээ ичээд, мухар сүсэг гэх юм болов уу гээд. Тэгж байснаа тэсэхгүй “Та нар ажигласан уу. Гэрэл яваад байсан” гэсэн чинь бүгд харсан байгаа юм. Хав харанхуйд шүү дээ. Тайзан дээр ганц прожектор өгчихсөн юм шиг тийм гэрэл яг бидний замыг дагаад гэрэлтүүлээд байвал яах вэ? Тэндээс буцаад явж байтал замд морь унагалаад…
Со: -Гүүгээч ээ!
Ца: -Тэгсэн тэгсэн. Морь унагалаад ид шидийн юм болсон (Элгээ хөштөл инээцгээв).
Цо: -Зам дээр морь унагалаад. Бүгд бэлгэшээгээд. Чойрын богд гэдэг уулын яг орой дээр нар жаргасан чинь галт уул шиг харагдаад л. Үнэхээр гайхалтай. Би юмыг мухар сүсэгтэй холих дургүй л дээ, шинжлэх ухаанч хүмүүжилтэй болохоор. Гэхдээ л бидэнд тайлбарлаж чадахгүй олон зүйл то хиолдсон. Тэр явдлууд энэ дууг магтах бас нэг шалтгаан болчихдог. Хамгийн гол нь энэ хүн өөрөө Данзанравжаагийн дүрд тоглосон. Хоёрдугаарт, Равжаа хутагтын сүүлийн дүрээр тодроод байгаа Алтангэрэл тахилчтай бид найз. Алтангэрэл тахилч Со-г их хүндэлнэ. Биднийг очи хоор яг Хутагтын өрөөнд оруу лаад, хэрэглэж байсан бүх юмыг нь гаргаж өгнө. Бид Хутаг тын эрхийг нь зүүгээд, аяганд нь цай уугаад VIP үйлчилгээ авна шүү дээ. Магадгүй тэр бүхэн учиртай байх.
Со: -“Үлэмжийн чанар” яагаад сайн болсон бэ гэвэл олон хүний сэтгэл шингэсэн. Жишээ нь калиграфч Баттөмөр гэж хүн байдаг. Каллиграф гэдэг үгийг уран таталган бичлэг гэ вэл гоё гэж боддог. Бат төмөрийг би таван мөрөөр бич гээд. Нөгөөх маань “Тоншуул” дээр 2-3, “Гамма” дээр хоёр ч удаа ирээд “Со ах аа нэг дуул даа” гээд л нүдээ аниад сонсоно. DVD-г нь манай Бадрал хийсэн. Үнэхээр сэтгэлд хүрсэн. Ингээд уран сайхны зөвлөлийн гишүүд (Цацралт, Цогтбаяр) үзэж баталъя гээд манайд үзсэн. Дуугаа ч баталсан. Баталсныхаа дараа сонсоод нэг өөрчлөх юм байна гэсэн чинь эд нар сүүлдээ “Одоо болно шүү дээ” гээд. “Үлээ-эмжийн” гэхээр дуу нэг л эхэлж өгөхгүй байсан юм. Тэгсэн шөнө нь “Үлэмжийййн”… гээд ороод ирлээ. Нойр ч муутай хоносон. Маргааш нь “Анир” студийн Алтанхуяг дээр очтол бас дургүйцээд “Эдээрээ оролдвол эвдэхийн цондон, эхнэрээрээ оролдвол салахын цондон. Муу болгочихвол яана” гээд. Тэгээд сайн болсон л доо. Гэвч засах хэсэг газар байгаа. Дахиж бичүүлнэ. Дуу нь өөрөө тарнийн авшигтай учраас тэр болгоныг нь олох ёстой юм байна л даа.
Со: -Язгуур урлагийн таван хамтлагийн нэгдсэн тоглолтыг өнгөрсөн жил зохион байгуулсан. “Монгол” гэсэн тэр тоглолтыг блюрэйгээр бичүүлсэн 1000 ширхэг DVD-г бичүүлээд ирэх сард авчрах гэж байна. DVD-гээ өөрөө үзээд баярлаад Цогоо руу ярьсан юм. “Би нөгөөхөө үзлээ. Үнэхээр гоё болсон байна “ гэсэн чинь Цогоо “Хөөе, чи хөөрчихсөн байна. Одоо тайвшир” гэсэн (инээлдэв).
Цо: -Со сэтгэл нь хөөрөхөөрөө ээрчихдэг юм. Блюрэйгээр бичигдсэн концерт Монголд одоогоор байхгүй л дээ. Пиксел нь маш өндөр. “Аравт” кино л энэ технологоор хийгдсэн. Манай Со жинхэнэ сэтгэлтэй залуу хүүхдүүдийг нэгтгэж орчин үеийн гоё тоглолт тавьж байгаа. Таван хамтлаг байсан бол энэ жил долоон хамтлагийн тоглолт хийх гэж байна. Хэн ч тэгж сэтгээ гүй. Хоорондоо өрсөлддөг байсан хамтлагуудыг нэгтгэ сэн. Үү ний эхлэлийг тавина гэдэг гоё байхгүй юу. Айн Рэнд гээд мундаг зохиолчийн жүжгүүдийг тайзнаа тавьснаар тэр зохиолчийн номыг уншдаг залуусын бүлэг үүсэж байна. Жишээ нь, Цацралтын хийж байгаа ажлууд гэхэд дандаа шинэлэг. Тэр сэтгэлгээг арай өөр зүйлд, албан тушаал, улс төрд биш гоё юманд зарцуулж байгаа уч раас ийм сайхан зүйл төрж байгаа юм. Хэрвээ улс төр яриад, хор найруулж байсан бол тэр хүнээс ямар сайхан юм гарах вэ дээ. Бид ингэж л хөгжих ёстой байхгүй юу. Тархи толгойгоороо хөгжинө үү гэхээс газрын баялгаа аваад хэдэн тэнэг мунаг хүмүүс, хэчнээн мөнгөтэй байгаад яах юм бэ. Африк шиг л болно. Ийм хүмүүстэй нөхөрлөж байна гэдэг нэг бодлын бахархал.
Цо: -Бид хоёрын хэлж байгаа зарим ухаалаг яриаг Цацаагийн нэрийн ард өгчихгүй юү. Нүдний шилтэй, иймэрхүү юм ярьж мэдэхээр нөхөр байна гэж харагдана (инээв). Дандаа инээж, наргихдаа хамт байна гэсэн үг биш. Хүний амьдрал юм хойно гуньж гутах үедээ хамгийн түрүүнд найзууд руугаа ярина. Шил юм хувааж ууна. Үхэл хагацал тохиолдоход өөрсдөө настай болж байгаа болохоор хямарна. Тэр болгонд ярина. Үнэндээ муухан хамаатнуудаас дээр байдаг гээд хэлчихвэл хамаатнууд гомдчихдог юм болов уу (инээв). Ойр ойрхон уулзаж учирдаг болохоор нэгнээ үнэн сэт гэлээсээ ойлгодог.
Цо: -Сүүлийн үед ажиглаад байхад хүмүүс залуусыг их шүүмжлэх болж. Өөрсдөө залуу байгаагүй юм шиг, алдаан дээр нь дөрөөлж шүүмжлээд байдаг. Гэтэл тэр хүмүүс авьяас, мэдлэг туршлагаа залуу байхдаа хийсэн алдаа нууд дээрээсээ үндэслэж олж авсан байхгүй юу. Би нээрээ муухай уран ярьж байна аа. Алж өгч байна даа(инээв).
Ца: -Саяны хэсгийг минийх дээр биччихээрэй (инээв).
-Та гурав онигоо их зохиодог уу?
Ца: -Цогоогийн онигоо фэйсбүүкээр дүүрэн байгаа.
Со: -Онигоо гэснээс Цогоогийн зурж өгсөн нэг зураг манай ажлын өрөөний хананд өлгөөтэй байдаг юм. Хааяа хүмүүс орж ирээд уур хүргэчихээд гарахаар нь зургаа харж инээгээд сайхан болчихдог юм.
Ийнхүү бид хоёр цагийн турш хөөрөлдлөө. Монголын нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олсон энэ гурван эрхэм 30 гаруй жил үерхэлдээ үнэнч явж иржээ. Энэ олон жил болсон гэхэд тэдний нөхөрлөл шинээрээ, бас хором ч уйдамгүй хөгжилтэй. Та гуравтаа сайн сайхныг хүсье.
Р.Оюунцэцэг