Сод Богд Чингис зах нутаг нутгаар явахын цагт нэгэн өдөр дотоод есөн сайдаа авч мөр хайж бараа хараж яваад зарлиг болруун: Аль ч зүгээс ямар ч дайсан ирэх магад үгүй есөн сайд минь гурван хэсэг болж яв. гэж зарлиг болов. Эзний зарлигийг дагаж Зэлмэ, Чу мэргэн, Шихихутуг гурвуул нэг хэсэг, Боорчи, Борохул, Мухулай. гурвуул нэг хэсэг, Сүлдэсний Сорхан шар, Бэсүдийн Зэв, Ойрадын Хар Хирүгэ гурав нэг хэсэг болж гэрт үлдэв.
Эзэн босоод зургаан сайдаа авч мөр хайж, бараа хараж Чахарай арлаж ханыг, Залман ханыг өлүгэиелж явтал эзний доороос
Халтар тэх
Хариан гүйхүйд эзэн
Толбот бор мориороо нь
Довтлон гүйцэж
Агссан нумаан
Ангайлган татаж
Алтан сумаан
Алдлан тэлэж
Алаг тэхийг
Атиртал харваж
Алахсан даруйд
Ар дахь сайд нь
Амдан бууж
Авч ганзгадахыг завдтал
Эзэн зарлиг болов.
Үүнийг та нар
Үтэр өвчиж шар. Би тэр шар дэвсэг гарч бараа харъя хэмээгээд одов. Тэнд эзэн хааны нойр хүрч
Толбот мориныхоо дал дээр
Ташуураан тулж унтаад нэгэн зүүд зүүдлэв. Чингис хаан сэрээд зургаан сайддаан зарлиг болруун : Би нэгэн зүүд зүүдлэв,
Бор зүрхэн минь бол бол хийв
Богино хавирга минь шир шир хийв
Болош үгүй дайсан ирэх нь бололтой
Өндөр уулын цаадахь
Өргөн шар талд
Гурван хар тугтай
Гурван зуун дайсан байна
Гурван зуун дайсны
Хошуучлагч баатар нь
Жигртэн /жигүүртэй/ морио унаж
Зэвтэй сумаа тэлэж
Бат хуягаа өмсөж
Бараан сахалаан илж
Баруун тийш ширвэж
Зүүн тийш ажиглаж
Зүү мэт жирвэлзэж
Утас мэт улалзаж явна.
Энэ зүүд минь хэрвээ үнэн бол зургаан сайд минь та
нар яагахиху буй? гэж асуув.
Шихихутуг хэлэв:
Хол ойрыг харагч
Хоёр хурц нүдээрээн
Монгол аймгийг мохтол
Мэргид аймгийг мэгдтэл
Тайчууд аймгийг далтаритал
Сарын газрыг саравчлан харж
Жилийн газрыг жилэбчилэн харж
Хар нүдний цөцгийгөөр
Хаан чамдаан туслая
Эргэх нүдний хурцаар
Эзэн чамдан туслая гэв.
Зэлмэ хэлэв:
Үхэх амиан хайрлах үгүй
Үгүйрэх малаан харамлах үгүй
Үзэгдэх дайсныг үсэртэл нударч
Харагдах дайсныг халтуритал дарж
Зам даа тохиолдсоныг зад цохиж
Мөртөө тааралдсаныг мөлт цохиж
Хар тугийг нь хамран авч
Барьсан хүнийг нь байлдан авч
Хийсэх тугийг нь гишгэн дэвсэж
Уранхай тугийг нь уландаа гишгиж
Дайсны сүрийг даран сөнөөж
Дахин босох чадлыг мөхөөе гэв.
Чу мэргэн хэлэв:
Довтлон орох чадал үгүй боловч
Тогтсоныг бататгах чадалтай би
Эрчилэн дайрах чадал үгүй боловч
Эвдэрснийг сэлбэх чадалтай би
Уулинхай/аймхай/зантай Чу мэргэн би
Уулгалан орох цаг болход
Ухран зугатах магад үгүйг
Урьдаас хаандаа хэлье
Улс орноон тогтоосон хойно
Учиртай үгээрээн туслаж чадна.
Харь дайсныг довтолох цагт
Хаан эзэн Чингис чамд
Хашир миний болгоомжтой үг
Хааяа боловч тус боломуй гэв.
Боорчи хэлэв:
Өрсөлдөн ирэх дайсны
Өмнөх замыг бөглөж
Халдан ирэх дайсны
Харайх замыг хааж
Ачит эзэн чиний
Амь биеийг хамгаалж
Алтан жолоог чинь
Алдал үгүй дагаж
Хандсан зүгт чинь
Хагацал үгүй явъя гэв.
Борохул хэлэв:
Харвах сумны халхавч болж
Хангинах зэвийн бамбай болж
Итгэлт эзэн чиний
Идэт биед ирт мэс бүү хүргье гэв.
Мухулай хэлэв:
Дайсныг дарж олзыг оруулж
Ирэх дайсны ирийг мохоож
Буцах дайсныг бултыг хядаж
Хөлөг мориныхоо сүүл дээгүүр
Хүдэн манан татуулж
Унасан мориныхоо дал дээгүүр
Ургах сайхан нарны
Улаан гэрлийн сацруулж
Байлдаан бүхэнд ялсан
Баяртай сайхан мэдээг
Баатар чамдаан хүргье гэв.
Чингис хаан өгүүлрүүн:
Шилдэг зургаан сайдын
Шийдвэртэй үгийг сонсож
Шарсан тэхийн махнаас
Шаламгайлан идэж дуусгаад
Шаргал морины цулбуурыг
Шихихутугт өгч
“ Үзсэн зүүдний минь
үнэн худлыг мэд” гэж явуулав.
Шихихутуг шанхан шаргал морийг унаж
Тал газар талбигуулж
Тайга газар алхуулж
Хөндий газар хатируулж
Хөвч газар сажилуулж
Шар дэвсэгт хүрээд
Шалгаж сайтар харваас
Бараан туг хийсгэсэн
Балмад дайсны цэрэг бачим тулгархад
Баатар Шихихутуг байсан газрын зүг
Бачимдан давхиж ирээд
“Шар дэвсэг дээр чочимог гарч очивоос
Гурван зуун дайсантай
Бачим тулгарч уулзав.
Тайчуудыг таньсангүй
Мэргэдийг мэдсэнгүй
Монголыг мохтол харж чадсангүй хойшоо ганцхан хялалзаж үзэхэд эзний зүүдэнд үзэгдсэн дайсантай адил мэт баймуй” гэв.
Сайд баатар Боорчи
Саарал мориндоо мордож
Салгуун дайсны өмнөөс
Салбага/шалмаг/-ийг очоод
Санаа зоригыг асууруун
“Та юун хүмүн буй?
Ёст хүмүн бол ёсоо хэл
Нэрт хүмүн бол нэрээ хэл” хэмээбээс
Тэд өгүүлрүүн:
“Нэрээн асуулцахаар ирээгүй бид
Нэвширтэл байлдахаар ирлээ бид”
Боорчи хэлэв:
Над учираа хэлвээс
Найрамдлаар өршөөж боломой
Наадах тулах санаатай болвоос
Нарны галтайд эхэлье гэв
Чингэтэл цаадахи хүмүн хэлрүүн
Танд хэлэх сайн нэр бидэнд үгүй
Тарвагачин, загасчин хүмүн бид гэв.
Чингэхэд Шихихутуг өгүүлрүүн:
Тэднээс үг асуух хэрэг үгүй
Таньсан тайчууд баймуй
Татгалзал үгүй байлдъя гэв.
Борохул буун гүйж бор бамбайгаа авч богд эзэнээн хамгаалан зогсов. Зэлмэ хөндлөн этгээдээс илд барьж ороод мөртөөн тохиолдсоныг зам гартал цохиж
Гурван хар тугийг нь
Гулд татаж аваад
Уулан дээр аваачиж
Уруу харуулан хатгав. Чу мэргэн хэдүй нь тогтоожээ. Боорчи урагшаа алалдан явах зуураа хойш Чу мэргэнийг харж “ Өө Чу мэргэн байз! Эзэн хааны төлөө ингэж зүтгэдэг бил үү? Нүхнээс гарсан алаг даага мэт годхийн зугатах чинь буй?” хэмээбээс Чу мэргэн эргэж ирээд инээж өгүүлрүүн “Зэргэлдэн байлдья хэмээгээд зэв дутаад байна хэмээбэс эзэн алтан саадагнаасаа шунхат зэвээ сугалж өгөв. Чу мэргэн шунхат зэвийг сумлан татаж суниалган тэлэж эрхийдэн сойж эргүүлэн чиглүүлж дайсны тэргүүнийг тас харваж жигртэн халзан морийг барьж ирээд эзэнд унуулав. Эзэн тэр морийг унаж үзвээс нисэх шувуу, хийсэх салхи мэт байв. Чингэхигэд зөрчих дайсныг цөхрүүлэн дарж, хатгалдах дайсныг хагас болгож байтал Борохулын толгойд сум тусав. Тэр доош унаж нумаа тэмтэрч аваад салдархилан/сэлдэрхилэн/ түшиж бамбайгаа алдал үгүй барьж зогсмуй. Боорчи урагшаа алалдаж байх зуур хойшоо харж түүнд өгүүлрүүн: “Эр хүмүн гагц суманд унадаг бил үү? Эврээн цохиулсан ишиг мэт эргэлдэн салгалах чинь юу ву?” хэмээбээс Борохул мориндоо буруу талаас харайж мордоод халхавчаа барьж хайхрал үгүй байлдаж явав. Чингэхигэд халдаж ирсэн дайсан алагдсан хүмүүнийхээ хүүрийг авч дутаав. Эзэн зарлиг болоруун: “ Буруу хандсан дайсныг яах билээ?” хэмээбэс Боорчи өгүүлрүүн:
Бурхан болсон хүмүүнийг
Буянаар үддэг
Буруу хандсан дайсныг
Зэр зэвээр үддэг нэхье хэмээбэс тэр үгийг эзэн зөвшөөрч нэхэв. Цайдын цагаан талд дайсныг гүйцээд олон хонинд орсон чоно мэт чавчиж нэг зуун хүмүүнийг алав. Хоёр зүүн хүмүүн дутаав. Энэ байлдаанд зуун морь, тавин хуяг олзолж авав. Тэр цагт Чингис хаан Тэнгэр эцэгтээ мөргье гэж довцог өндөр дээр гарч тохомоон дэлгэж тавиад бүсээн хүзүүндээ өлгөж залибаран өчив.
Эрэмгий сайнаар эзэн эс болов би
Эрхэт тэнгэр эцгийн хайраар
Эзэн боллоо би.
Эцэг тэнгэрийн ачаар
Эсэрхүү дайснаан дарлаа би
Хамуругч/хамтрагч/ сайнаар
Хаан эс боллоо би
Хан тэнгэр эцгийн
Хайраар эзэн болло би
Хан тэнгэр өршөөлөөр
Харь дайсныг дарлаа би гэж мөргөв. Тэндээс мордож явахдаа эзэн зургаан сайдаан магтаж дуулав.
Эхлээд Шихихутугыг магтсан нь:
Мэргэдийг мэгдүүлж
Монголыг мохоож
Тайчуудыг таньж
Дайсныг даралцсан
Татарын Шихихутуг минь гэж магтав.
Зэлмийг магтсан нь:
Ороо гөрөөсний отолго болсон
Омогт дайсны зүрхийг чичрүүлсэн
Унах морь үгүй болход
Унаагаа авчирч өгсөн
Умдаасан цангах цагт
Уух дарс өгсөн
Сэргэг бага нойртой
Сэцэн мэргэн ухаантай
Улс төрийн төлөө
Урьд цагаас зүтгэсэн
Урианханы сайн Зэлмэ минь гэж магтав.
Чу мэргэнийг магтсан нь:
Зарлигыг минь алдал үгүй дагаж
Заасныг минь эндэл үгүй гүйцэтгэгч
Дайсны тэргүүнийг тас харваж
Унасан жигртэн морийг нь
Уулгалан барьж
Хатгалдах дайсныг хага цохиж
Зөрчилдөх дайсныг цөм цохисон
Зүрчидийн Чу мэргэн минь гэж магтав.
Борохулыг магтсан нь:
Харвах сумны халхавч болсон
Сурхирах суманд саравч болсон
Толгойгоо шархтдах
Тохомоо эс алдсан
Хүсиний сайн Борохул минь гэж магтав.
Мухулайг магтсан нь:
Дайсныг дарж олзыг оруулалцаж
Ирэх дайсны ирийг мохоож
Буцах дайсны боривыг хянгардаж
Хөлөг мориныхоо сүүл дээгүүр
Хүдэн манан татуулж
Унасан мориныхоо дал дээгүүр
Ургах нарыг гийгүүлж
Дайсны хөрөнгөнөөс тасархай утас орхилгүй
Хугархай зүү гээлгүй
Хураан авч ирсэн
Жалайрын сайн Мухулай минь гэж магтав.
Боорчийг магтсан нь:
Намайг залуу байх цагт
Найман шаргыг эрэх үед
Наран ургах хэрд
Надтай уулзсанаас хойш
Насуда/насандаа/ үнэнээр зүтгэсэн
Нахуу баяны хөвгүүн
Найрт хулэг баатар минь
Айл зүүр явахдаа
Алаг бяруу мэт номхон байвч
Алалзах дайсантай уулзахад
Арслан барс мэт догширч
Аюулт дайсныг дарахын төлөө
Амь биеэ үл хайрлагч
Ачит хүлэг баатар минь
Ханилан явах цагт
Хар бяруу мэт номхон байвч
Хатгалдах дайсантай тулах цагт
Харцага шонхор мэт догширч
Харийн дайсныг дарахын төлөө
Халуун амиа үл бодогч
Хайрт хулэг Боорчи минь
Инээлдэн явах цагт
Ижил бяруу мэт номхон байвч
Ирэх дайсан учирхад
Идэт араатан мэт догширч
Идэмхий дайсныг дарахын төлөө
Итгэлт биеэ үл хайрлагч
Ивээлт нөхөр Боорчи минь
Наадан явах цагт
Намрын унага мэт эелдэг боловч
Нанчилдах дайсантай учирхад
Начин шонхор мэт довтолж
Насун ямагт зүтгэсэн
Найз хүлэг баатар минь
Харил буцал үгүй явагч
Хаан эзнээ дагагч
Хайрт хүлэг Боорчи минь гэж магтан дуулав. Эзэн зургаан сайдаан магтан дуусахад Боорчи эзэн ээ магтан дуулсан нь:
Есүхэй баатар эцэгтэй
Есөн өрлөг түшмэлтэй
Ер бүгдийг эрхэндээ оруулсан
Ертөнцийн эзэн Чингис хаан минь
Өгэлүн хатан эхтэй
Өрлөг есөн түшмэлтэй
Өгэдэй, Тулуй хөвгүүнтэй
Өршөөл хайр ихтэй
Өнгө улсыг өмнөө сөгтгүүлсэн
Өшөөтөн дайсан бүгдийг
Өлмий дороо гишигсэн
Өндөр дээд эзэн хаан минь
Хаан эзэн чамайг байхад
Харийн дайснаас халширах явдал үгүй
Эзэн баатар чамайг байхад
Эзэрхэг дайснаас эмээх явдал үгүй
Хамаг бүгд хамтарч
Хамаатан садан мэт эвлэлдэж
Харийн дайсныг хамх цохьё
Халуун зуураа цэнгэлдэн сууя
Хун галуу мэт хуралдан цэнгье
Худалч хүмүүний үгэнд бүү орьё
Харцага шонхор мэт харайн дүүлэн явья
Хатгалдах дайнд
Халуун амиа бүү хайрлая
Ангир шувуу мэт алаг үрээ бүү хөнөөе
Алалцах дайсанд амиа бүү хайрлья
Элгэн садан дотор оо
Эв найрамдлыг бүү алдья
Эзэрхэг дайсантай тулахад
Энэ биеэ бүү хайрлая. Хүлэг Боорчийн дуулсан үг энэ буй.
Сод богд хаан гурван зүүн тайчуудыг дарж эсэн мэнд гэртээ эргэн ирж энх амгалан жаргаж суув.
1959 онд уйгаржин монгол бичгээр хэвлэгдсэн Ц.Дамдинсүрэнгийн МОНГОЛ АРДЫН ЗОХИОЛЫН ДЭЭЖ ЗУУН БИЛИГ ОРШИВОЙ хэмээх номноос криллд буулгав. Уг домгийг 1947 онд Улаанбаатарт хэвлэгдсэн Нууц товчоо хэмээх номоос эх авсан ажээ.
Зарим үгийг уг дуудлагаар нь бичсэн болно.
Анхааран уншсанд гялайлаа.