Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Төрбат 12 жилээр зохиомжилсон “Тэнгэрийн соёрхол” туульсын чуулганаа өнгөрсөн оны сүүлчээр уншигч олонд хүргэсэн юм.
Тэрбээр 1980-аад оны дундуур “Могойн чуулган” романаа бичсэн нь утга зохиолын ертөнц хийгээд уншигчдын дунд багагүй шуугиан тарьж, утга зохиол судлаач шүүмжлэгчид “Монгол романд шинэчлэл хийлээ” гэцгээж байсан гэдэг. Түүнээс хойш 12 жилээр зохиомжилсон туульсын цуврал роман бичих санаа төржээ.
-Улиран одож буй луу жилд та уран бүтээлийн олз омог дүүрэн байна. 12 романаа гараас гаргасан гэсэн үү?
-Олон жил хүсэж, мөр өөдөж явсан 12 романыг минь “Мөнхийн үсэг” группийн “Болор судар” хэвлэлийн газрынхан уншигч олны хүртээл болгосон нь намайг төдийгүй миний бүтээлийг уншдаг олон хүнийг баярлуулсан болов уу. 12 романаа бичиж явсаар байгаад л 2012 онд гараас гаргалаа. “Хулганын зиндаа”, “Үхэр унасан бурхад”, “Бар засаг”, “Туулай туурьс”, “Луу данс”, “Могойн чуулган”, “Морин зэрэглээ”, “Хонин холбоо”, “Мич шүтэх цаг”, “Тахиа тамга”, “Нохой хэрэл”, “Гахайн мөсөн хуяг” хэмээх нэртэй.
-Эдгээр романы үйл явдал бүгд хоорондоо холбоотой юу. Тухайлбал, “Хулганын зиндаа” романд юун тухай өгүүлдэг вэ?
-Тийм ээ, бүгд хоорондоо холбоотой. Өнөөгийн бидний эх орон гэж нэрлэдэг энэ газар шороон дээр хүн үүссэн цагаас эхлэн тэмцэл тулааны түүх тасраагүй юм билээ. Түүний нэгээхэн хэсэг буюу эрт цагийн түүх “Хулганын зиндаа” романд гардаг юм. МЭӨ III зууны үед “Манан түдүн” хэмээх түрэг аймаг монголчуудыг шахан түрж, газар нутгийг нь эзлэн авсан домог бий. Мөн үүнтэй уялдаатай “Эргүнэ хунгийн домог” ч гэж байдаг. Энэ бүгдээс ургуулж монгол овгоос үлдэж хоцорсон наймхан хүний тухай энэ романд өгүүлнэ. Бичиг үсэг үүсээгүй харанхуй балар цагт ч гэлээ овгийн үүсэл гарал, үлгэр домгийг аминаасаа илүү, алаг үрээсээ илүү хайрлаж ирснийг Хиад, Нукуз нарын дүрээр үзүүлэхийг чармайсан юм. Хожим монгол туургатны хоёр удам судар эндээс үүссэн гэж болно. Их эзэн Чингисийг боржигон цустай, хиад ястай гэдэг шүү дээ. Эртний манай аман хуульд хулгай хийсэн хүүхдийн толгойг авч эцгийнх нь хүзүүнээс зүүдэг ёс байсан байна. Одоо хэрэв тэгдэг бол мөн ч олон эцгийн хүзүүнд хүүхдийнх нь толгой зүүлттэй яваа даа. Энэ мэт сонин, содон үйл явдал романы турш өрнөнө.
-Дараагийнх нь “Үхэр унасан бурхад” романд тэгэхээр аль цаг үеийн түүхийг өгүүлэх вэ?
-“Хамаг Монголыг Хабул хаан захиран байв” гэж “Монголын нууц товчоо” эхэлдэг. Хабул хаан улсын төлөө үнэхээр ухаан бодлоо чилээсэн хүн байж. Тэрбээр нас барахдаа хүртэл өөрөө долоон хүүтэй байтал хаан ширээгээ Сэнгүм Билэгийн хүү Амбагайд гэрээсэлж үлдээсэн байдаг. Энэ бол ураг саднаасаа илүү улс орноо гэсэн ухаан юм. Одоо бол эсрэгээрээ байгааг бид харж байна шүү дээ.
-Энэ цагийн болох, бүтэхгүйг эртний түүхээр шүүмжлэх нь хэр өгөөжтэй бол?
-Хүн л түүхийг бүтээдэг хойно болохгүй юм байхгүй. “Бар засаг” романд өгүүлсэн түүх ч энэ цаг үеийн сүүдэр мэт санагдах вий. Эсвэл энэ цаг үе тэр түүхэн цаг үеийн сүүдэр шиг бодогдож мэднэ. Яагаад гэвэл, их эзэн Чингис хаан өөрийн төрсөн дүү Хавт Хасарыг төр булаах гэв хэмээн барьж, орон шоронд хорьж, хасаг тэргэнд хүлж занчсан үнэн түүхийг энд өгүүлдэг. Өүлэн эх цагаан ингэтэй тэшүүлэн ирж, Хасарыг авраагүй бол цаашдын хувь заяа хэрхэхийг хэн мэдэх вэ. Азаар тэр цагт хэвлий нэгтэй үрс төр барьж байж дээ. Их хааныг ичээх ижий байсан нь аз юм даа.
-Нэрт найруулагч Ч.Жумдаан “Гүюг хаан” уран сайхны кино бүтээх гэж байгаа гэсэн. Зохиолыг нь та бичсэн гэсэн үү?
-“Туулай туурьс” романаасаа сэдэвлэж кино зохиолоо гаргасан юм. Монгол төр цагийн цагт нүүж явсан гэвэл худлаа. Өгөөдэйн үед Хар хорум хотноо суурьших гэж үзсэн юм билээ. Энэ цаг үеийн Түмэн амгалант ордны нууц хуйвалдааныг дүрсэлсэн роман даа. Өгөөдэй хаан өөрийн үхлээр өөд болоогүй байх магадлалтай. Шадар түшмэл, лалын шашинт Абдур Рахмантай хээрийн ордондоо дарс зооглож байгаад тэнгэр болов гэдэг. Абу сайд, их хатан Дөргэнэтэй нууц амрагийн холбоотой байсан байж болзошгүй гэж өгүүлдэг юм. Энэхүү сэтгэлийн холбоотнуудын төр эргүүлэх гэсэн нууц хуйвалдаан ялдгийн даваан дээр Эмильд нутаглаж байсан Гүюг хаан цэрэглэн ирж төрөө аварсан түүх бий. “Төрийн өмнө нүгэлтэй бол төрсөн ээж ч ялтай” гэж шударгыг баримталсан хаан бол Гүюг.
-Абу сайд гэдэг нь бодит хүн үү?
-Бодит хүн. Дөргэнэ хатан бол Гурван мэргидийн тэргүүн Тогтоа Бэхийн хүү Ходын хатан байсан. Харин Абдур Рахман лалын худалдаачин юм билээ. Хожим хаан төрд нүүр олж, хатан төрийн өвөрт орж төрийн Тэргүүн сайд болсон түүхэн хүн. Тэр байтугай, цагаан цаасан дээр хаан тамга дарж, дээр нь дуртай тоогоо бичиж татварыг хэтрүүлэн авч байсан, түүгээрээ их баяжсан сайд. Түүнийг Гүюг хаан цаазаар авсан. Мөн энэ зохиолд Фатима гэж үзмэрч эмийн тухай гардаг. Тэр бол Өгөөдэй хааны их цэрэг бага Азийн орнуудыг эзлээд эргэж ирэхдээ авчирсан олзны шивэгчин байж. Дараа нь мэрэг төлөг үзүүлж хааны ордонд шургалсан Абу сайдын хамсаатан.
-Таны романуудын хамгийн гунигтай ч юм уу, тархи, сэтгэлийг тань хамгийн их эмзэглүүлж бүтсэн нь аль вэ?
-“Луу данс” маань хамгийн гунигтай роман. Цаг үе нь ч эмгэнэлтэй. Ер нь Гүюг хаан аян дайны замд учир битүүлэг нас барсан цагаас эхлэн Монгол төрийн сүлд гудайсан санагддаг юм. Бэлэвсэн хатан Огуль Хаймыш ихэд ганцаардаж, төр жолоодох хоёр хүү нь балчир байсан. Харин Гүюг хааны нэг насны дайсан Батхаан ер бусын хүчирхэг болж ирсэн. Тиймээс Батын ивээл дор Монголын хаан төрийн хасбуу тамга Өгөөдэйн удмаас Тулуйн удамд шилжиж, төр эргэсэн юм. Гол буруутан нь Бат. Хамгийн эмгэнэлтэй дүр бол Огуль Хаймыш хатан. Түүнийг Орхон мөрний эрэгт нүцгэлэн хүчирхийлж, дараа нь нойтон эсгийд ороож голд живүүлсэн хүн бол Мөнхсаран ноён. Энэ ч бас бодит хүн.
-Таны хэлж байгаагаас үзэхэд манай түүх тэр чигтээ уран зохиол шиг санагдлаа. Магадгүй ингэж бичиж байж өнөө цагийн бидэнд түүхээ сонирхох, ухаарч мэдэхэд нь тусалдаг болов уу?
-Түүхийг түүхий бичиж болохгүй. Олон юм харж, уншиж, бодохоос эхлээд түүхийн сэдэв хүнийг ёстой буйлуулдаг байх. Би ч ингэж хичээсэн. Түүхийг зохиож бас болохгүй. Түүхийг тухайн үеийн шилдэг хүмүүсийн оюун ухаан, амь нас, амьдрал тэмцлээр бүтээдэг болохоор тунгаамал байдаг юм. Манай Монгол Улсын түүхийн хил рүү урд хөршийн түүхчид хийгээд зохиолчид багагүй өнгөлздөг шиг байна. Гэтэл бид юу хийж байна вэ. Өөрийн орны үнэн түүхийг уран сайхны аргаар уншигч олондоо хүргэх нь оюун санааны тусгаар тогтнолыг баталгаажуулж буй эх оронч алхам гэж би боддог. Тийм учраас түүхэн утга зохиолыг төр дэмжих хэрэгтэй. Мөн түүхийн эгзэгтэй цаг үеүдийн тухай өгүүлсэн телевизийн олон ангит кинонуудыг төрөөс санхүүжүүлж хийлгэдэг байх ёстой юм. Энэ үйлсэд зөвхөн МҮОНТ бол ганцаардана. Хувийн хэвшлийн телевиз, студи, продакшнуудыг энэ ажилд санхүүжүүлэн дайчлах хэрэгтэй. Тэгж байж бид эх түүхээ эсэн мэнд авч үлдэнэ.
-Өнгөрсөн жил түүхэн кино бүтээх уралдаан зарласан санагдаж байна. Хэр үр дүнтэй байсан юм бол?
-Уралдаан зарласан нь сайн хэрэг. Гэвч энэ бол ганц алхам. Бас аливаа уралдааныг шударга дүгнэх ёстой. Тал тохой татсан, танил талаа харсан шүүгчдийн шүлс тэнд үсрэх юм бол олон уран бүтээлчийг үргээхэд хүргэнэ. Иймээс түүхэн зохиол, түүхэн кино руу уран бүтээлчдийг даллан дуудах ажлыг ёстой чухам “шударга байцгаая” уриан дор л явуулах учиртай. 1945 онд маршал Чойбалсан “Цогт тайж” киног бараг улсын төсвийн 50 хувиар бүтээсэн гэдэг. Тэглээ гээд огт алдаагүй. Зөвлөлтийн найруулагч Сергей Бондарчук “Дайн ба энх” туульсын киног “Мосфильм” студийн бүтэн жилийн төсвөөр хийсэн. Бас л алдаагүй. Иймээс манайх шиг баялаг түүхтэй орны түүхэн сэдэвт уран бүтээл ялангуяа кино бүтээх нүсэр ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн ивээлд авах нь зөв алхам гэж боддог шүү. -Ярилцсан танд баярлалаа.
Л.Ганчимэг