-Энэ жил 21 дэх удаагаа болж байгаа “Мөнгөн цом” наадмын онцлог юу вэ?
Жил бүрийн наадам маань өөр, өөрийн онцлогтой болдог. Энэ жилийн хувьд дэмжиж оролцдог байгууллагуудын тоо өссөн. Мөн энэ жилээс ярилцаад зөвхөн яруу найргийн ном биш яруу найргийн болоод яруу найрагчийн тухай бичсэн номуудыг шалгаруулж байх нь зүйтэй гэж үзсэн. Тийм ч учраас энэ жилийн шилдэг тавд судлаачийн бүтээл багтсан байгаа. Ингэхээр хамрах цар хүрээний хувьд “Мөнгөн цом” наадам улам өргөн болсон гэж ойлгож болно.
-Энэ жил хичнээн уран бүтээлчийн бүтээл ирсэн бэ?
Яг яруу найраг гэдэг утгаараа 13 орчим ном бидэнд ирсэн. Мөн яруу найраг судалгааны ном тав, зургаан ном ирсэн. Ингээд хорь орчим бүтээлээс тавыг нь шалгаруулаад байж байна.
-Номын тоо цөөхөн сонсогдож байна л даа. Уран бүтээлчид маань бага гаргасан уу? Эсвэл шалгуур өндөр байв уу?
Ер нь бол гадуур дотуур ном их бичигдэж, хэвлэгдэж байна. Гэхдээ энд авч ирээд наадамд өрсөлдүүлье гэх хэмжээний ном тэр болгон гардаггүй юм.
-Хэн, хэний ямар бүтээлүүд шалгарсан бэ?
За яруу найрагч Д.Сумьяа “Агнистийн шувуу” номоороо тэргүүн байр эзэлж, “Мөнгөн цом” хүртлээ. Удаах байруудад Эрдэнэт хотын яруу найрагч Г.Батсуурийн “Би өөрийнхөө замаар” ном болон яруу найрагч Ж.Батбаатар, утга зохиол судлаач Р.Нарантуяа болон шог зохиолч Д.Жаргалсайханы бүтээлүүд тус тус шалгарсан байгаа.
Бид мөн энэ үеэр “Равжаа судлалын үндэсний төв”-ийн тэргүүн Л.Одончимэдтэй цөөн хором хөөрөлдсөн юм.
-“Мөнгөн цом”-ын түүхээс хуваалцаач?
Одоогоос 21 жилийн тэртээ МҮЧЗХолбоо анх энэ наадмыг санаачлан зохион байгуулж байсан. Тэр үед Дорноговь аймагт ажиллаж байсан Равжаа судлалын ажил ч өрнөж байлаа. Тэр үеэс л хамтран зохион байгуулж байхаар болж өдий хүртэл алдалгүй хамт явж ирсэн.
-Догшин хутагтын мэндэлсэний 210 жилийн ой энэ жил болж байгаа. Ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
21 жилийн тэртээ энэ наадмыг анх зохион байгуулж байхдаа бид Догшин хутагт Данзанравжаагийн мэндэлсэний 190 жилийг тэмдэглэж байлаа. Харин энэ жил 210 жилийнх нь ой тохиож байна. Бид олон ажил төлөвлөсөн байгаа. Үүний нэг хэсэг нь яруу найргийн чиглэлээр хийгдэх ажлууд байгаа. Харин энэ ажлуудыг нээж “Мөнгөн цом” наадмыг зохион байгуулж байна гэж ойлгож болно. Цаашид яруу найргийн төрлөөр их олон ажил хийгдэнэ. Манай хутагтын Юнескод бүртгэгдсэн таван эрдэм чадлынх нь нэг бол “Дорны суут яруу найрагч” юм шүү дээ. Тэгэхээр үүнийг хөгжүүлэх, хутагтынхаа шүлэг зохиолыг судлахаас гадна хутагт зориулсан шүлэг зохиолыг туурвих ёстой.