Тануус хүчээ хуримтлуулаад эргээд дайлна биз дээ. Би гурав хоног аргална. Эр нөхөр минь амьд байвал эхнэр хүүхдээ олоод ирэх биз дээ гэж. Тэр цэргийн жанжин: жа тэгвэл бид мордож 3 хоногт хүчээ хуримтлуулж эргээд дайрья. Эх үр та хоёр эсэн мэнд сууж элгэн саднаараа энх амгалан золгоно биз дээ гэж ерөөгөөд явжээ. Хүүхэн ганцаараа үлдээд хүүгээ харж хайрлаад, ханиа санаж гансраад нутаг дээр хамт хоцорсон эмгэний гэрт орж энэ явдлаа хэлжээ. Эмгэн нас өндөр харж хандах хүнгүй учир хүүхэнтэй хамт хар нутаг дээр хаягдаж үлдсэн байжээ. Эмгэн хүүхэнд хэлж гэнэ. Энэ мангасын цэргүүд өнөөдөр манайд ирэхгүй маргааш ирж мануусыг заншлаад нөгөөдөр л зооглох биз дээ. Хүүхэн минь чи л айхгүй бол ээжид нь арга ч байна гэж.
Хүүхэн тэгээд эмгэний үгээр мангасыг аргалахаар болжээ. Тэгээд гэртээ хариад үүдэндээ 7 алд нүх ухаж 7 давхар ширдэгээр бүтээгээд зүүн хатавчиндаа хөлдүү хонины гуя гуулин шанага 2 зэхээд хүүгээ нэг хөхүүлж ураг сүүл аманд нь үмхүүлээд ямар ч гэсэн хүлээгээд суужээ. Гэтэл эмгэний хэлсэнээр болж тэр өдөртөө харагдах бараа алга гэнэ. Маргааш өдөр нь алаг морьтой буруу захтай дээлтэй анчин гөрөөчин байрын арьс үс ганзгалсан 2 хүн ирж Монгол хүн шиг мэндлээд гэрт нь орох гэтэл үүдийг нь өргөж дийлсэнгүй гэнэ.
Тэгээд тэдний нэг нь хүүхнээс та энд ганцаараа байна уу гэж асууж байна гэнэ. Үгүй эмгэн буурал ээжтэйгээ, энхрий бяцхан хүүтэйгээ гурвуулаа л гэж гэнэ. Нөгөө 2 танайх яагаад нүүгээгүй юм гэж байна гэнэ. Уналга хөсөг байхгүй эр хүн үгүй бид яаж нүүхэв дээ гэж. Тэгтэл маргааш манай ноён ирээд магад танууст тусална гээд нөгөө хоёр явжээ. хүүхэн ч эмгэнийд ороод хэлэлцсэн үгээ хэлж. Эмгэн: энэ 2 заншлаач нь байна. Эсгий үүд өргөж даахгүй ямар Монгол байхав маргааш 2лаа хэлэлцэж тохирсоноороо хийе. харин хүү чинь айх вий. Би гэрт чинь ороод сууж байя. Чи илүү гэрт байж байгаад намайг дуудахаар гараад ирээрэй гэжээ.
Маргааш өдөр нь болж мангасын хаан иржээ. Магад зөөлөн хоол гэж маш ихээр баярлаад ажиг сэжиг бололгүй хүүхнийд яваад оржээ. Эмгэн мангастай мэнд мэдээд цай аягалаад суган доогуураа өгч. Мангас чи яагаад надад суган доогуураа цай өгөв гэхэд манай ёс юмаа гэж. Тэгээд хоол болоход хоол аягалаад хойшоо харж 2 нулимаад өгч. Мангас чи юунд нулимав гэхэд эмгэн манай ёс юмаа гэж. Гэтэл гэнэт мангас эмгэнийг татаж унагаад аа чи хүүхнээ хурдан дууд эсвэл алтан ясыг чинь яаж тараахыг хар гээд хөл доороо гишгээд байж гэнэ. Эмгэн охин минь хүүгээ хөхүүл гээд чи өөрөө дууд гэж гэнэ. Мангас хэлсэн ёсоор өөрөө хүүхнийг эмгэний хоолойгоор дуудаж гэнэ. Хүүхэн ч тохирсоноороо эмгэн ээж минь түр азна. Борцоо нүдье гэж хэлжээ.
Хүүхэн энэ зуур хатавчны завсраар хараад сууж байсан болохоор айж тэвдэх зэрэгцээд нэг хэсэг хөшчихжээ. Тэгээд нэг харсан чинь манхан улаан хүү нь хойморт мангастай тоглоод сахалнаас нь татаад самсаанаас нь зулгаагаад сууж байна гэнэ. Эвий хүү минь гэж санаад нэг хөхөө гаргаад манхан улаан хүү минь мантгар цагаан мээмээ ид гээл хатавчныхаа завсраар даллажээ. Хүү гэнэт эхийнхээ мээмийг хараад уйлаад мөлхөж гэнэ. Мангас хүүгийн хойноос босох гэтэл эмгэн зуураад босгосонгүй гэнэ. Энэ зуур хүү нь ээжрүүгээ мөлхөөд очиж хүүхэн ч хүүгээ тэврээд авангуут мангас ч ухас хийгээд үүдний 7 алд нүхэнд унажээ. тэгээд эмгэн хүүхэн 2 хонины хөлдүү гуя гуулин шанага 2-р мангасын толгойг цоо цохиод алж гэнэ.
тэгээд маргааш өглөө ургахын улаан нарнаар дайснаа дарж дархан цолоо мандуулсан Монгол цэргүүд ирэхэд хүүхэний нөхөр эсэн мэнд байж элэг бүтэн уулзаж ихэд баяр болжээ. тэгээд цэргийн жанжин ирт сэлмээр дарж чадаагүй мангасын хааныг эмгэн хүүхэн 2 яаж дарав гэж асууж. Эмгэн ч хөлдүү хонины гуя гуулин шанагаар дарлаа гэж. Энэ ямар учир вэ гэхэд Эмгэн мангасын хаан зэр зэвэнд дарагдахгүй сэлмээр цавчаад дийлдэхгүй шидтэй юм билээ. Эхгүй учир зулай нь битүү болохоор тэнд л амь сүнс нь байсан тэрийг дарах зэвсэг биш мөртлөө зэвсэг болох зүйл энэ 2-с өөр алга байлаа гэж. Тэгээд олуул ихэд баярлаж Монгол цэргийн жанжин энэ өдрөөс эхлэн хөлдүү хоинины гуя гуулин шанага 2-г зэвсэгт тоож түүгээр зангах дохихыг цээрлүүлэн амар сайхандаа жаргаж энх тунх эсэн мэнд он удаан жил сайхан амьдарсан гэнээ.