Бүх аянд өөрийн гэсэн өнгө бий. Төгөлдөр хуурынхд тэр тусмаа. Ягаан, шар, хөх, улаан, хар аль эсвэл хүүхэд шиг гэнэхэн цэнхэрийн аль нэгийг төгөлдөр хуурын ая бүр илэрхийлж чаддаг. Сонгодог урлаг үүссэн цагаас хойш “хөгжмийн хаан”-тай хэн хамгийн сайн “нөхөрлөж” чадав? Бетховен, Франц Лист, Шопен нарыг эхлэн дурдаж болох юм. Таны оюуны таашаалд зориулан төгөлдөр хуурын сонгомол бүтээлүүдээс хүргэж байна.
Людвиг Ван Бетховен-Сарны сонат
20-хон настай гоо үзэсгэлэнт гүнгийн авхайд ухаангүй дурласан суут хөгжмийн зохиолчийн толгойд юу орсон бол? Өөрийн шавь Жюли Гичардиг санагалзахдаа Бетховен 1801 онд сарны сонатыг бичжээ. Түүний хамгийн алдаршсан бүтээлийг 1832 онд хөгжим шүүмжлэгч Людвиг Реллстаб голын урсгалд туссан сарны гэрэлтэй адилтгажээ. Агуу бүтээл бүхэн эмэгтэй хүнээр хөглөгдөн төрдөг гэж эс хэллүү? Ай, яасан гуниглуун, яасан сайхан.
Сергей Рахманинов- Prelude in G Minor Op. 23
Уянгалаг гэхээсээ илүү сэтгэл хөдөлгөм хурдан хэмнэлтэй энэхүү ая нь Оросын цэргийн алхааг санагдуулам. Хүнд хэлбэрээр тоглогддог учир мэргэжлийн хөгжимчид л Рахманиновын “Prelude”-ийг жинхэнээс нь амилуулж чаддаг. Энэ бүтээлийн алдаршин түгсэн учир нь төгөлдөр хуурын хүчтэй өнгийг зөөлөн, урсгал өнгөтэй зэрэг хослуулж чадсан. Хэсэг бүр нь нэг нэгнээсээ ялгарч сонсогддогоороо онцлогтой.
Клод Дебюсси-Clair de Lune (Сарны гэрэл)
Импрессионист хандлагад шинэ өнгө аясыг оруулж ирсэн Клод Дебюссигийн гайхагдахын аргагүй сод туурвил юм. Тэрээр 1890 онд “Clair de Lune”-ийг бичиж дуусгасан авч 1905 он хүртэл олны хүртээл болгоогүйн учир нь эргэлзээтэй. Магадгүй тэр ганцхан өөрөө л зохиож чадах, энэ уянгалаг бүтээлээ зөвхөн өөртөө хадгалахыг хүссэн ч юм билүү? Хэдий “сарны гэрэл” гэсэн нэртэй ч, энэ ая бороо орж дуусах үеийн намуухан, аниргүй, сэтгэл гэгэлзүүлсэн уур амьсгалыг эрхгүй санагдуулдаг юм.
Фредерик Шопен-Fantasie impromptu
Шопены хамгийн алдартай Ноктюринийг бид “Хайрын тухай дэлхийн шилдэг 7 бүтээл” нийтлэлдээ оруулж байсан. Гэвч тэр нь Шопены тэргүүн зэргийн бүтээл биш юм. Fantaisie-Impromptu-г дэлхий даяараа түүний шилдэг туурвил гэж үздэг ч Шопен өөрөө үүндээ тийм ч дуртай байсангүй. 24-хөн насандаа үүнийг биччихээд, түүнээс хойш насан турш харамссан гэдэг. Бүсгүйчүүдийн хамгийн дуртай хөгжмийн зохиолчдын нэг Фредерик Шопены толгойд үүнээс ч илүү бүтээл бүрэлдэж байсан ч юм билүү.
Иохан Себастиан Бах- Prelude in C Major (Ave Maria)
3 минут 3 секундын турш диваажинд очмоор байна уу? Бахын си мажор дахь “Prelude”-ийг бичигдсэнээс нь хойш 137 жилийн дараа Францын романтик хөгжмийн зохиолч Чарльз Гунод өөрийнхөөрөө өөрчлөн, илүү аялгуулаг болгоод “Ave Maria” гэсэн нэрийг өгчээ. Христийн сүмийн хуриман дээр үүнийг ихэвчлэн тоглодог ба Лучиано Паваротти, Крис Корнел зэрэг дуучид дуу болгон амилуулж байсан түүхтэй.
Франц Лист- Liebesträume (Хайрын мөрөөдөл)
“…Хайрлахын жаргалаар би түрхэн зуур нас нөгчөөд
Хайрт бүсгүйнхээ гарт булшлагдсан чигтээ хэвтсэн ч
Үнсэлтийнх нь ярууд цохигдон, нүдээ нээгээд хартал
Үнэнч түүний минь нүдэнд диваажин хөвж байв…”
Франц Листийн “хайрын мөрөөдөл”-д зориулж бичсэн Германы яруу найрагч Фердинанд Фрайлигратын шүлэг. Үүнээс цааш тайлбарлах нь илүүц биз.
Филипп Грасс- Metamorphosis
Филипп Грасс бол 20-р зууны сүүл үеийн гайхалтай шинэлэг, содон хөгжмийн зохиолч юм. Гэсэн ч түүний уран бүтээлээс тун цөөн хүн нэрлэж чаддаг. Минималист урсгалыг дагнадаг болохыг нь түүний Метаморфофис тод мэдрүүлнэ. Их энгийн, сэтгэл хөдөлгөм энэ аяз цорын ганц юм.
www.URLAG.mn