Язгуур урлагийн долоон хамтлаг хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол төгсөшгүй” тоглолтыг сар шинийн босгон дээр үзэгчдэд толилуулах гэж байна. Уг тоглолтын найруулагч, Төрийн шагналт Д.Сосорбарамтай уг уран бүтээлийн талаар товч ярилцлаа.
-Сар шинийн өмнөхөн язгуур урлагийн долоон хамтлагийн хамтарсан тоглолт болох гэж байгаа юм байна. Хэд дэх удаагаа болж байгаа тоглолт вэ. Урьд өмнө ингэж хамтлагууд хамтарч тоглож байв уу?
-Энэ тоглолт хоёр дахь удаагаа болох гэж байна. Өнгөрсөн жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор таван хамтлаг нэгдэж “Монгол” гэсэн нэртэй тоглолт хийсэн. Энэ таван хамтлагийн нэгдсэн тоглолтын үр дүн нь Blu-ray DVD болж гарч байгаа. DVD 9 форматаар гарч, хамтлагуудын бүтээл мөнхөрч байгаа. Уран бүтээлчдийн тухайн цаг үе мөнхөрч байна гэсэн үг.
Нөгөө талаар Монголын төр гэдэг бол олон түмэнд үйлчилдэг, олон түмэнд боломж олгодог байгууллага. Монгол Улсын Ерөнхийлөгч ч хэлсэн амандаа хүрч босоо монгол бичгийг мөнх тэнгэрийн бичиг гэж нэрлэж, Монголын хэл соёл, зан заншил, Монгол Улсын нүүр царай болсон бүх л эд агуурч, соёлыг дээдэлж эхэлж байна. Үүний нэг том илрэл нь язгуур урлагийн тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хийж байгаа явдал бөгөөд дэлхийн стандартын микрофон, дуу цацруулагч зэргийг таван хамтлаг тус бүрт Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулж “Цаашдаа улам их амжилт гаргаарай. Дэлхийн энгээр сэтгэж яваарай” гэж урам өгсөн. Түүнээс гадна дэлхийн өөр орнуудад тоглох боломжийг нээсэн. Тэр боломжийг нээж Канадад тоглох талаар хэлэлцээ, ярианы төвшинд явж байна. Мөн Хятад, Японд тоглохоор яригдаж эхэлж байгаа. Энэ бол эхний тоглолтын үр дүн.
-Энэ удаагийн тоглолтын онцлог юу байх вэ?
-Хоёр дахь тоглолтод оролцох долоон хамтлагийн нэг нь рок чиглэлтэй, нэг нь жазз чиглэлтэй гэх мэтээр дэлхийн хөгжмийн төрөл жанруудыг сүлж хийж байгаа. Зарим нь жинхэнэ цэвэр монгол сууриа барьж байна. Хамтлагууд 5-9 хүнтэй. Өнгөрсөн жил микрофон өгдөг шиг энэ удаа долоон хамтлагийн долуулангийн өнгө төрх, араншинд тохирсон дээд зиндааны гутал, хувцас, малгай бүхнийг хийж энэ өгөх гэж байна.
Би үүнийг уламжлал болгож өв соёлоо дээдэлсэн, авьяас, ур чадвар, ухаан бодлоороо эвлэлдэн нэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор цаашид уламжлал болж яваасай гэж хүсч байна. Ингэж нэгдэхдээ хүчээр, тулгалтаар биш, сайн дурын үндсэн дээр, өөрсдийнхөө сэтгэл зүрхний дуудлагаар нэгдсэн нэгдлийг бий болгоё. Үүнийг бий болгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн өөрийн бодол санаа асар их нөмөр болж байгаа. Ийм учраас энэ тоглолт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохиогдож байна. Дараа дараагийн жил, зөндөө олон удаа уламжлагдаж, зуун зуунаар дамжаад Монгол Улсын тэргүүн болсон тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ингэж явж байвал сайн хэрэг. Сан хөмрөг нь улам арвин болж, боломж нь улам нээгдээд цаашаа явна гэсэн үг.
-Ямар долоон хамтлаг энэ удаагийн тоглолтод оролцох бол. Хэзээ тоглолтоо хийх вэ?
-“Алтан ураг”, “Арга билэг”, “Бөртэ”, “Жонон”, “Домог”, “Хөсөгтөн”, “Тэнгэр аялгуу” гэсэн долоон хамтлаг байна. Тоглолт хоёрдугаар сарын 8,9-нд хоёр удаа болно. Ноднингийнхоос ахисан дээд хэмжээний тоглолт үзүүлнэ гэж бардам хэлж болно. Дуу гаргалт зэргийг болж өгвөл дэлхийн стандарт руу гаргаж хийх зорилготой. Бас Blu-ray DVD, DVD гаргана. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хийсэн таван хамтлагийн тоглолтын хамгийн том олз гэвэл хамгийн анх удаа тайзны бүтээлээр техникийн дэвшлийг ашиглаж Blu-ray DVD хийж байна. Киноны хувьд “Аравт” кино Blu-ray DVD гаргасан анхных байсан. Тайзны бүтээлийн хувьд таван хамтлагийн тоглолт анхных. Түүгээрээ Ерөнхийлөгчийн ивээл хүмүүст их урам өгч байна. Тэр урман дээр Шинжлэх ухааны баримтат киноны нийгэмлэг оролцож Blu-ray DVD гаргаж байгаа юм. Хоёр дахь тоглолтыг бас тэгнэ.
-Тоглолтын нэрийг ямар утга бэлгэдлээр өгсөн бэ?
-Тоглолтоо яагаад “Монгол төгсөшгүй” гэсэн юм бэ гэвэл энэ монгол үндэстэн, монгол хүн гэдэг чинь ороо бусгаа он жилүүдийг өнгөрөөж, зуун зуун, мянга, мянганыг элээхдээ унаж боссон түүхэндээ ер нь газардаж үзээгүй үндэстэн. Хэзээ ч мөхөж байгаагүй. Монгол мөнхөд байгаа, мөнхөд үргэлжилнэ гэсэн тийм бэлгэдэл, хийморь, урагшаа харсан зорилгоор ажиллаж байна. “Монгол төгсөшгүй, мятрашгүй” гэсэн агуулгатай.
Эх сурвалж: www.news.mn
Д.ОЮУН