Урлагийн төлөө энэ насаа зориулж, орон нутгийн театрынхаа галыг манаж үлдсэн цөөн хэдэн гавьяат манайд байдаг билээ. Түүний нэг Завхан аймгийн “Хөгжимт драмын театр”-ын дуучин, гавьяат жүжигчин Т.Цэцгээг хотод ирэхэд нь уулзаж, халуун яриа өрнүүлсэн юм.
-Уран бүтээлийн ажлаар хотод ирсэн гэж сонссон. Зорьсон ажил бүтэмжтэй юу?
– “Star” телевизээс жил бүр зохиодог Цагаан сарын нэвтрүүлэгт оролцох гэж ирлээ. Нэвтрүүлгийн зураг авалтад ороод, Тэрэлжид очиж амарлаа. Орон нутгийн театруудаас уран бүтээлчид ирж оролцдог юм.
-Хэзээ нутаг буцах вэ?
-Энэ жил аймгийн маань 90, театрын маань 30 жилийн ой тохиож байна. Телевизийн нэвтрүүлэгт орох, хувийн ажил гээд нутаг буцах арай болоогүй.
-Таныг найруулагч гэж сонссон. Яагаад дуучин болчихсон юм бэ?
-Завханы соёлын ордонд долоон жил ардын дуучнаар ажилласан. Эрх үүд Театрын найруулагчаар төгсөөд нутагтаа очсон юм. Тэр үед манай театрт хоёр найруулагч ажиллаж байсан. Би гурав дахь нь болоод яахав гэж бодсон. Театрт маань ардын дуу дуулах хүн байгааг үй. Тиймээс дуучнаараа ажиллая гэж шийдсэн. Гаргасан шийдвэр маань буруутсан гэж боддоггүй. Хэрвээ найруулагчаар ажилласан бол гавьяат гэдэг алдарт хүрээгүй байсан болов уу.
БАГАДАА БАГАНАА ТОЙРООД “БОТГО” ДУУГ ДУУЛДАГ БАЙСАН
-Мэргэжлээрээ ажиллаж байв уу?
-Эзэмшсэн мэргэжлээ хаяагүй ээ. Театрынхаа уран бүтээлд туслах найруулагчаар ажилладаг. Албан байгууллага, театрынхаа шинэ жил зэрэг баяр ёслолын үеэр хөтлөгч хийдэг.
-Ирээдүйн дуучны гараа хаанаас эхэлсэн бэ?
-Багадаа баганаа тойроод “Ботго” дууг дуулдаг байсан гэж ээж, аав маань дурсдаг юм. Сургуульд ороод нэгдүгээр ангиасаа л дуулсан байх. Урлаг, уран сайхны ажил тасладаггүй, ангийнхаа хүүтэй хамтарч дуулна. Аймгийнхаа “Хангайн оргил” чуулгат дуулдаг байсан. Хүүхэд ахуй наснаасаа урлагаар хүмүүжиж, урлагаар тэтгэдэж амьдарсан даа. Сурагч байхад дурсамжийн дэвтэр дамжуулж хөтөлдөг байсан даа. Тэр дэвтэрт манай ангийн 33 хүүхэд надад зориулж, “Театрын хамбан улаан хөшиг нээгдэхэд гавьяат дуучин Цэцгээ” гэж зарлуулаад дуулж яваарай гэж ерөөж бичсэн байдаг.
Манайхан тэгшитгэл тоо 33 гэж бэлгэддэг шүү дээ. Ангийнхан маань намайг бэлгэдэж дээ гэж баярлаж явдаг. Өөрийнхөө өдий зэрэгтэй явааг уул усны минь, хамт ажилладаг уран бүтээлч нөхөд, их урлагийн буян гэж боддог. Мөн цаст цагаан Очирваань уул, Улиастайн гол минь, нийт завханчууд минь түшсэн гэж бэлэгшээдэг. Өглөө бүхэн залбирч цайныхаа дээжийг өргөдөг.
-Завханы театрын хөгжил аль шатандаа явж байна?
-Нэг үеэ бодвол хангамж сайтай болсон. Уран бүтээлчид маань амьдрах нөхцөл сайтай, ажилдаа дуртай, сэтгэлээсээ ханддаг. Ажиллаж, амьдрах нөхцөл сайтай байж л чанартай уран бүтээл төрд өг шүү дээ. Бидний хувьд дутсан, гачигдсан зүйл алга. Саяхан “Сонгодог бүтээл-2012” уралдаанд баруун аймгуудын дунд түрүүлсэн.
ОХИНОО ОЮУТАН БОЛОХОД ДАГАЖ ЯВАХ ГЭЭД ЧАДААГҮЙ
-Урлагийн сургууль төгссөн мэргэжилтнүүд орон нутгийн театр руу очих нь бага байдаг. Танай театрын хувьд боловсон хүчин хэр вэ?
-Манай театр харьцангуй залуужсан. Миний өмнө нэг үе байна. Тэгээд миний үе байна. Театрын дарга Г.Доржжүгдэр гэж Улаан-Үдэд бүжиг дэглээчийн анги төгссөн залуу бий. Найруулагч маань Б.Энхжаргал гэдэг залуу хүүхэд ирсэн. Бүжгийн багш маань бас л залуу хүүхэд. Манайд Ганхуяг багшийн удирдсан есөн хүүхэд ирж байсан юм. Амьдралын шаардлагаар зарим нь явсан. Манай нутаг зургаан гавьяаттай. Гал голомтоо сахиж үлдсэн нь одоо би л байна даа. Театраа хөгжиж байна гэж үнэлдэг.
Театрууд уналтад орж, хаалгаа барихад манай театр уран бүтээлээ хийж л байсан. Энэ нь удирдлагууд, уран бүтээлчдийн минь гавьяа. Би чинь театрынхаа өндөр ижий шүү дээ. Манайхан ямарваа зүйл тохиолдвол надад хэлдэг. Цэцгээ эгчээ ийм зүйл тохиолдлоо, яавал зүгээр вэ гээд л. Би ээж нь, эгч нь, найз нь юм шиг зөвлөдөг. Туслах юмсан гэж хичээдэг. Хүнд туслах чинь буян шүү дээ. Би ганц охинтой. Хүнд тусалж явбал эргээд миний охинд туслах ач, тус нь ирнэ.
-Охин чинь мэргэжлийг тань өвлөсөн үү?
-Бага байхдаа намайг дагаад театрт өнждөг байсан. Гэхдээ дуучин болоогүй. Химийн чиглэлээр боловсрол эзэмшсэн. Одоо мэргэжлээрээ ажиллаж байна.
-Нутгаа сахиж үлдсэн цөөн гавьяатын нэг нь та. Яагаад хот ороогүй юм бэ?
-Төрсөн нутаг гэхээр Очирваань уулаа ярих дуртай. Завханчуудын буян заяа, үйл хэрэг бүтэмжтэй явдаг нь Очирваань уул минь түшиж явдгийн буян. Ийм сайхан нутаг ус, ард түмэн, хамт олноосоо яаж холдох билээ. Охиноо оюутан болоход дагаад явъя гэсэн ч чадаагүй. Өөрийн эрхгүй л нутагтаа татагддаг юм билээ. Амьдралын минь хором бүр, урлагт зориулсан он жилүүд энэ нутаг, намхан театртай минь салшгүй холбоотой. Болж өгвөл эндээ л олон жил ажиллаад, амьдрах юмсан гэж боддог.
-Хааяа ч гэсэн харамсдаггүй юу?
-Юундаа харамсах билээ. Би хүссэн ажлаа хийгээд, урлагийнхаа буяныг эдлээд явж байгаа. Хотод очсон ч уран бүтээлээ хийнэ, Завхандаа ч уран бүтээлээ хийгээд л байна. Хотод очсон бол арай илүү байх байж, явах минь яав даа гэж харамссан удаа байхгүй. Би байх газраа, хийх ёстой уран бүтээлээ хийгээд л амьдарч байна.
УРЛАГТ ДУРЛАСАН ХҮН ХОЛДОЖ ЧАДДАГГҮЙ
-Урлаг уран бүтээлчээс золиос шаарддаг юм шиг. Халуун алга ташилт, урмын үгийг хэр үнэ цэнээр олж авдаг вэ?
-Урлаг хатуу үедээ хатуу шүү дээ. Хүмүүс гэртээ амарч байхад бид театртаа бэлтгэлээ хийдэг. Хүмүүс баяр ёслолоор гэр бүлтэйгээ баярлаж байхад бид тэднийг баярлуулахын төлөө халуун наранд, өвлийн хүйтэнд тоглолтын нимгэн хувцастай тайзан дээр инээмсэглээд зогсож байдаг. Энэ бидний үүрэг юм даа. Урлагт дурласан, урлагийг мэдэрсэн хүн урлагаас холдож чаддаггүй юм шиг. Би өөрийгөө азтай гэж боддог. Миний хань уран бүтээлч, театрын жүжигчин хүн бий. Урлагийн хүн л урлагийн хүнээ ойлгодог юм билээ. Бид амьдралаа зохицуулаад л ирсэн. Уран бүтээлч бидний хамгийн сайхан мөч тайзан дээр дуулж дуусаад хөшиг хаагдсан ч, халуун алга ташилт тасралтгүй сонсогдох тэр мөч.
-Та театрынхаа өндөр ижий гэлээ. Залгамж халаагаа хэр бэлдэж байна?
-Залгамжлах хүүхдүүд олон бий. Би чиний багш чинь шүү гэж албан ёсоор хэлээгүй ч Цэцгээ эгчээ үүнийг яаж дуулах вэ, энд нь ямар нугалаа хийх үү гээд гүйж яваа хүүхдүүдийг бүгдийг нь шавиа гэж боддог. Би ч ялгаагүй ингэж л уран бүтээлч болсон. Соёлын төвд юу ч мэдэхг үй хүүхэд ирж байлаа. Тэр үед надад зааж, зөвлөж, тусалж байсан хүн бүрийг багшаа гэж хүндэлж явдаг.
-Сэтгэл догдлуулж, нулимс урсгадаг ардын дууны нууц нь юунд байдаг вэ?
-Ардын дуу монгол түмний минь том бахархал шүү дээ. Ардын дууны үг, ая хүнийг аргадсан, учирласан байдаг. Аялгуу нь тансаг, үг нь уран учраас сэтгэл догдлуулдаг байх даа. Би зохиолын дуу дуулах гээд чаддаггүй. Хоолойны цар хүрээнд тохирдоггүй юм.
-Манайд цол дэндүү үнэгүйдчихсэн юм шиг санагддаг. Та ямар бодолтой явдаг вэ?
-Үнэн шүү. Ганц хоёрхон уран бүтээл хийчихээд энгэрээ цоолдог уламжлалтай. Нэг тоглолт хийсэн л бол соёлын тэргүүний ажилтан авдаг болчихсон үе. Насаараа урлагт зүтгэсэн бидний хөдөлмөр үнэгүй болчихсон. Цол чухал биш ээ. Уран бүтээл чухал шүү дээ. Тэмдэг гэдэг хэн нэгний халаасанд явж байдаг, хаашаа ч болчихсон юм бэ дээ. Хааяа ойлгодоггүй юм. Бидний үед тийм байсанг үй. Цол, шагнал гэдэг өндөр шалгууртай байсан. Бид шагнал, тэмдгийн төлөө уран бүтээл хийж байгаагүй. Сэтгэл зүрхээ л энэ урлагт зориулсан.
-Таны хувьд хэдэн жил хөдөлмөрлөж байж гавьяат цолоор шагнуулсан бэ?
-Би урлагт 35 жил зүтгэж байна. 18 жил хөдөлмөрлөж, соёлын тэргүүний ажилтан авсан. 29 жил тасралттгүй ажиллаж, Монгол Улсын гавьяат жүжигчин тэмдгээр шагнуулсан. Урлагт амьдралаа зориулсаныг минь төр үнэлсэн гэж бодоод, хүндэлж, дээдэлж явдаг.
-Төрөөс гавьяатуудаа хэр хардаг вэ?
-Сар бүр 150 мянган төгрөг өгдөг юм. Төрийн минь буян.
Ч.Гантулга