Дөчин дөрвөн өег зандан ханатай, дөрвөн мянган сунамал зандан уньтай, хас зандан тоонотой, хавтгай зандан хаалгатай, Дэнсгэрэл хааны хүү Дэнсүвээ баатар гэж байж гэнэ. Нэгэн удаан хаан эцэг нь чилээрхэж тун хүндээр өвдсөнд эмч домч, оточ бариач хичнээн хүнийг залж үзүүлсэн боловч засрах шинжгүй байжээ. Тэгэхээр нь тэр гүрэнд алдартай шарсан мах анддаггүй шар зурхайчийг залж үзүүлсэн чинь: Баруун хойд зүгт гадаад далайн захад гурван уулын дунд зост улаан толгойд Гүш улаан цэцэг гэдэг цэцгийн хатан бий. Түүнийг авч ирвэл эдгэнэ гэж айлджээ. Дэнсүвээ баатар тэр зүгт явахаар болоход адуучин Аг сахал өвгөн: За Дэнсүвээ баатар чи баруун хойд зүг рүү явж байтал чинь зам дээр нэг аглаг тал тааралдана. Тэ талаар явж байтал хар цагаан хоёр могой бие биеээ ороож салах аргагүй эрчлэн үхэж байгаа тааралдана. Түүнийг чи биед нь гэм хийхгүйгээр эрчийг нь салгаж хоёр тийш нь явуулаад тэр газар нь үүнийг тавиарай гээд шагайн чинээ цагаан чулуу өгчээ. Тэгээд түүнээс цааш явж байтал чинь нэг уулын амнаас цагаан халтар гичий гарч ирээд урчих шахах байх. Энэ бөгжийг үзүүлээрэй гэж алтан бөгж өгчээ. Түүнийг ядам хуруундаа хийж гэнэ. Түүнээс цааш явахад чинь нэг уулан аманд долоон хар гэр бий. Хамгийн адгийн гэрт ор. Цагаан, хар, хөх гурван адсага баруун хойморт нь дэвссэн байгаа. Цагаан адсага дээр суу түүнээс дээш сууж болохгүй. Бүр шахаад байвал хар адсага дээр нь сууж болно. Хөх адсага дээр хэрхэвч сууж болохгүй шүү. ЭНэ бөгжөө хүнд битгий үзүүл гэж захижээ. Дэнсүвээ баатар аян замдаа гарчээ.
Баруун хойд зүгийг барьж долоон долоо дөчин есөн хоног яваад нэг их нүд алдам тал газар орж ирж гэнэ. Тэр талын тэхий дунд нь орж явтал асар их тоос шороо манарч. Ойртож очтол хоёр том бух мөргөлдөж байх шиг харагджээ. Бүр ойртоод дэргэд нь хүрч ирвэл бух биш, хар цагаан хоёр могой бие биеэ ороон салах аргагүй болон өнхөрсөөр бүхэх шахаж байжээ. Дэнсүвээ баатар тэр хоёр могойг эвтэйхэн барьж орооцолдоог нь гаргаад хоёр тийш нь тавьж дунд нь өвгөний өгсөн шагайн чинээ цагаан чулууг газарт хатгаж орхиод явжээ. Нэг ууланд хүрч түүнийг таваад ам руу нь орж явсан чинь нэг цагаан халтар гичий гүйж ирээд золтой л урчихсангүй хоргоогоод байхаар нь нөгөө алтан бөгжөө үзүүлсэн чинь сүүлээ шарваад яваад өгчээ.
Дэнсүвээ баатар цааш нь яваад нэг хамар давтал тэр уулын аманд долоон хар гэр байж гэнэ. Хамгийн адгийн гэрт орсон чинь ялдамхан зантай авгай хүн дээшээ суу гэж баруун хоймор өөд заахад хамгийн адгийн цагаан адсага дээр сууж гэнэ. Авгай маш сайхан цай аягалж өгөхөд нь галын эхэнд тулгын хавирга дээр дусаасан чинь тас хайлж сэтэрчээ. Тэгээд идэж уусаар байтал идээндээ хордож согтуу болжээ. Энэ байдлыг далимдуулан хүүг дээшээ суу гэсээр байгаад хар адсаган дээр гаргажээ. Түүнээс цааш улам согтоод байтал нэг ядуу бүсгүй юм гуйж иржээ. Хүү согтуудаа өгөх юмаа олж ядаж байгаад өвгөний өгсөн алтан бөгжийг сугалаад өгчихжээ.
Тэгсний дараа дээшилсээр дээшилсээр байгаад хөх адсага дээр суутал нүхэн там руу унаж гэнэ. Тэгээд яасныг мэдэхгүй болжээ. Газар дээр нь юу ч үгүй ганц том бул хар чулуу үлдсэн байжээ. Тэгтэл нэг өдөр бул хар чулууны ёроолоор нэг үнэг гүйж яваад ёроолыг нь ухсан чинь нүх гарчээ. Нүхээр доошоо харсан чинь газар там. Тамын ёроолд хүн хэвтжээ. Үнэг сүүлээ усанд дүрж ирээд тэр хүний дээр сэгсэрсэн чинь тэнд хэвтсэн хүн сэргэжээ. Үнэг ганц шилгээгээд гоёмсог сайхан бүсгүй хүн болж нөгөө Дэнсүвээ баатрын авч явсан бөгжийг гаргаж ирээ бул хар чулууг шидсэн чинь бул хар чулуу бут үсэрч шороо болоод нүхэн там бүтэж, Дэнсүвээ баатар газар ил гарч ирж гэнэ. Тэгэхээр нь тэр бүсгүй: Та хаанахын хэн гэгч, хаа хүрч яваа хүн бэ? гэж асууж гэнэ. Дэнсүвээ баатар нэр нутаг усаа явж байгаа хэрэг зоригоо бүгдийг тоочиж хэлжээ. Гэтэл тэр бүсгүй: Та адуучин өвгөний өгсөн бөгжийг яасан бэ? гэж асуужээ. Дэнсүвээ баатар ухаантай ухаангүйн завсар нэг ядуу бүсгүйд өгснөө там тум санаж байгаагаа хэлжээ. Тэр бүсгүй та адуучин өвгөний үгийг дагаж мөрдөж чадаагүйн учраас ийм нэгэн цагийн саад тотгорт автжээ. Тэр гүш улаан цэцэг гэдэг чинь би байна гээд Дэнсүвээ баатрыг дагуулан явж гарчээ. Тэгээд хоёул явсаар байж нөгөө цагаан халтар гичийн урах дөхсөн уулын аманд орж ирсэн чинь хэдэн том цагаан гэр байна гэнэ. Гүш улаан цэцгийг тосч өдий төдий аягачин гийчин угтаж ирээд тэр хоёрыг жууз дамнуурт суулгаж аваачаад нэг там цагаан гэрт оруулж битүү хивс торго магнагаар бүрхсэн ор дэр бүхий тохилог сайхан өргөөнд оруулж цай унд амттай шимтэй бүхнээр дайлж зочлоод сайхан амрааж хонуулаар маргааш нь замд нь үдэж өгчээ
Энэ нь Гүш улаан цэцгийн нутгийн хилийн зааг байсан юмсанж. Түүнээс цааш явж байсан чинь Гүш улаан цэцэг Дэнсүү баатарт хэлжээ. За олдоо ингэсхийгээд бид хоёр нэг их уудам талд орно. Тэгэхэд тал дундаас цагаан морьтой, цагаан дээлтэй цагаан малгай өмссөн хүн цагаан дарцаг барьж угтаж ирээд цагаан лусын хаан таныг морилж цай зоогло гэж байна гэх байх. Хоёулаа очно. Цагаан лусын хаан алт мөнгө, эрдэнэ, сувд их бэлэг өгнө. Бид яарч явна, хожим хойно болъё гээд битгий аваарай. Харин баруун талын хоймрын авдар дээрхи цагаан арьсаа хайрла гэж хэлдэг юм шүү гэж гэнэ.
Тэгээд цааш явж байтан чинь үнэхээр их талд орж ирээд голд нь орж явтал цагаан морьтой, цагаан хувцастай, цагаан дарцаг барьсан хүн зам товчилж ирээд та нарыг манай цагаан лусын хаан ирж цай зоогло гэж хэллээ гэж гэнэ.
Тэр хоёр нөгөө хүнийг дагаж очжээ. Цагаан лусын хаан тэр хоёрыг алтан олбог түшлэгт суулгаад арслан тавцан ширээнд есөн зүйлийн идээ тавьж алтан амсартай мөнгөн дотортой агар завьяа хундганд нь арз хорз, архийг амсар дүүрэн бялхуулан барьжээ. Идээ хоолыг нь идэж уугаад явах болоход лусын хаан алт, мөнгө, эрдэнэ сувд асар их бэлэг барьж нутгийн хил зааж хайрласан ачтай гавьяатай хүн билээ гэжээ. Дэнсүвээ баатар: Бид яаруу яваа улс билээ харин надад юм хайрлах гэж байгаа бол баруун дээд талын авдар дээр байгаа цагаан адсагаа хайрла гэжээ. Хаан буруу харж уйлж, зөв харж инээгээд: Би хүнд өгдөггүй юмсан, гэтэл нутгийн хил зааж хайрласан ачтай хүнд өгөхөөс биш яахаг гэж босч очоод цагаан адсагаа нэг сэгсрээд илбээд өгчээ. Гэтэл цагаан лусын хааны дагина: Оо би Гүш улаан цэцгийг дагаж авахгүй бол боож үхнэ, босч оргоно гэд сүйд болж гэнэ. Хаан: За яая гэхэв явахаас биш гэжээ. Тэгэхийн хамт цагаан лусын хааны дагина цагаа адсагаа аваад сугандаа хавчуулж аваад гүйжээ. Түүнээс цааш явж байтал удалгүй хар морьтой, хар хувцастай хар дарцаг барьсан хүн давхиж зам тосон ирээд та нарыг манай хар лусын хаан ирж цай зооглоно уу гэж байна гэжээ.
Тэр гурав хар лусын хааныд очиж мөн л идээ цагааг нь амсаж ууж идэээд явах болсонд хар лусын хаан манай нутгий хил тогтоож хайрласан ачтай буянтай хүн билээ үүнийг авч хайрла гээд мөн их хэмжээний алт мөнгө, эрдэнэ сувд барьжээ. Дэнсүвээ баатар: Ай хаантан минь би яаруу хэрэгтэй явна. Ийм их юм авч чадашгүй. Харин та надад юм хайрлах гэж байгаа бол зүүн хоймрын авдар дээр байгаа хар адсагаа хайрла гэж гуйжээ. Тэгэхээр нь хар лусын хаан буруу харж уйлж, зөв харж инээгээд: За яая гэхэв хүнд өгдөггүй юмсан. Гэтэл нутгийн хил тогтоож хайрласан ачтай гавьяатай хаан хөвгүүн, бас Гүш улаан цэцэг дагина нар хамт яваа болохоор өгөхөөс биш яаж харамлахав гээд босчхар адсагаа нэг сэгсрээд нэг илбээд өгчээ. Гэтэл хар лусын хааны дагина: Оо биш Гүш улаан цэцгийг дагаж явахгйү бол боож үхнэ оргож босно гээд л сүйл майд болж гэнэ. Тэгэхээр нь хар лусын хаан за яахав яв гэжээ. Хар лусын хааны дагин хар адсагаа сугандаа хавчуулчихаад дагаад гүйжээ. Ингээд дөрвөн хүн хамт явсаар Дэнсгэрэл хааныд хүрч ирвэл хаан дөнгөж амсьгаатай төдий байжээ. Тэгсэн чинь Гүш улаан цэцэг Дэнсүвээ баатарт: За бид одоо очоод үүдэн дээр нь гадаа зогсч байна. Чи хааны ордны зүүн хойд талд байгаа төмөр байшинг очиж онгойлго гэж гэнэ. Дэнсүвээ баатар гэр гурвыг дагуулаад төмөр байшингийн үүдэн дээр зогсоогоод өөрөө очиж төмөр байшингийн хаалгыг онгойлгосон чинь гурван алд биетэй гурван алд сүүлтэй улаан үнэг гараад зугтжээ. Тэгэхийн хамт цагаан лусын хааны дагина цагаан өнгийн адсагаа гурав сэгсрээд гурав хөлбөрөөд цагаан халтар гичий болж аваад хойноос нь хөөгөөд хааны хотыг гурав эргүүлээд төмөр байшинг гурав тойруулаад үүдэн дээр нь хөөж ирээд аман хүзүүг нь тас хазаж алжээ.
Хоёр дахь давхарын хаалгыг онгойлго гэж Гүш улаан цэцэг хэлжээ. Дэнсүвээ баатар хоёр дахь давхрын хаалгыг нь онгойлгосон чинь мөн л гурван алд биетэй, хурван алд сүүлтэй хөх саарал үнэг гараад зугтжээ. Тэгэхийн хамт хар лусын хааны дагин хар адсагаа гурав сэгсэрч гурав хөлбөрөөд хар халтар гичий болж хойноос нь хөөж хааны хотыг гурав эргүүлээд төмөр байшинг гурав эргүүлээд үүдэн дээр нь хөөж ирээд аман хүзүүг нь та хазаж алжээ. Гүш улаан цэцэг Дэнсүвээ баатарт хандан: За одоо гурав дахь давхарын хаалгыг онгойлго гэжээ.
Тэгтэл ерэн алд биетэй есөн алд сүүтэй амандаа арван хоёр төмөр соёотой өлөн хөх чоно гараад зугтжээ. Гүш улаан цэцэг алтан бөгжөө гурав үлээж гурав хувираад хамгийн сүүлд дэлэхээрээ дээврийн чинээ болдог, хумихаараа хуравчийн чинээ болдог хар бүргэд болон хангайг хорин дөрөв эргүүлж алтайг арван гурав эргүүлж хөөсөөр төмөр байшингийн үүдэн дээр авч ирээд эхлээд хоёр нүдийг нь сох тоншиж бүдрээгээд дараа нь арван хоёр төмөр соёог нь булга тоншиж хаяад эцэст нь голт зүрхийг нь зад тоншиж алжээ. Тэгээд үхсэн гурван амьтны дэргэн зогссон гурван амьтан дахин хүн байдалдаа хувираад Гүш улаан цэцэг Дэнсүвээ баатарт: За чи эд бүхний төмөр байшинд оруулж байгаад дахин цоожилж түймэрдэн шатаалга гэжээ. Дэнсүвээ баатар тэр бүхнийг хийж дуусгаад, хаан аав нь ч эдгэж Дэнсүвээ баатар Гүш улаан цэцгээр ямбын хатан хийж, хар цагаан лусын хаадын дагинасаар аяганы хатан хийж наян хоногийн хайр жаран жилийн жаргал хийж амар сайхандаа жаргажээ.