Цоглог, ритмлэг дуугаараа залуусыг байлдан дагуулж буй охидын “Extacy” хамтлагийн дуучин Э.Хонгорзултай ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Манай хамтлагийн хувьд нэлээд хэдэн шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. “Уруулын будаг” хамтлагийн дуулснаар олны хүртээл болсон “Чамгүйгээр” гээд дууг манайх шинэчилж өөрийн стиль жанрт тохируулаад дуулсан. Ерөнхийдөө энэ дууны ажил өнөөдөр /өчигдөр/ дуусч байна. Дууны бичлэг дуусаад клипний ажилдаа үргэлжлээд орно. Удахгүй энэ дуу маань клиптэй болоод сонсогчдод маань хүрнэ.
-Хөгжмийн зохиолч Өөжгийтэй хамтарч ажиллаж байгаа гэж сонссон юм байна?
-Бид яг одоо дахиад хоёр дуун дээр ажиллаж байна л даа. Хоёулаа ерөнхийдөө club маягийн, өмнө нь гаргасан “Deho”, “You Win” зэрэг дуутай төстэй жанрын уран бүтээл. Түүний нэгийг нь Өөжгий ахаас авсан. Яг одоогоор цоглог ритмтэй, club дуун дээрээ ажиллаж байна. Ер нь манай хамтлагийн гол стиль бол dance pop, club учраас энэ чиглэлийн уран бүтээлээ хийгээд л явж байна даа.
-Танай хамтлагийн цомог их удаан яригдаж байна, гардаггүй ээ?
-Тийм ээ. Бид цомгийн уран бүтээлүүдээ хийгээд л явж байгаа. Гэхдээ ямар нэг хугацаа товлоогүй. Нэг их яарч тэвдэлгүй чанартай цомог гаргахын тулд дуунууд дээрээ ажиллаж л байна. Ямар ч байсан 10-12 дуутай цомог гаргах болно.
-Хамтлагийн бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орох сурагтай байсан. Үнэн үү?
-Манай хамтлаг цаашид одоогийн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ хийнэ. Сүүлд орж ирсэн хоёр гишүүн маань бараг жил болчихлоо. Бид маш сайн найзууд болж, нэг хамтлаг болж чадаж байгаа.
-Удахгүй эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Танай хамтлагийнхан тоглолттой л өнгөрөөх байх даа?
-Тэгнэ. Эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолтуудад оролцохоор төлөвлөгдсөн байгаа. Манай хамтлагийн хувьд одоогоор ээжүүддээ зориулсан “Үүрд хамт байгаач ээж ээ” гээд дуутай. Түүнийгээ бүх сайхан ээжүүддээ зориулаад дуулна.
-Чиний хувьд ээжийгээ хэрхэн баярлуулдаг вэ?
-Ер нь хүмүүс ээжийгээ баярлуулна гээд онцгой, содон зүйл бэлддэг. Харин миний хувьд энгийн мөртлөө сайхнаар баярлуулахыг хүсдэг. Хамт гадуур явж нэг өдрийг өнгөрөөнө. Өглөө эрт босоод хоол цайг нь бэлдэж өгөхөөс эхлээд л баярлуулдаг.
-Энэ жилийн хувьд хамтлагтай болсон юм чинь арай содноор баярлуулахаар төлөвлөж байгаа байх?
-Тийм шүү. Энэ жил бид тав хамтлагаараа ээжүүдээ хүлээж аваад баярлуулахаар төлөвлөсөн. Эмэгтэйчүүдийн баярын өдөр таван ээжийгээ суулгаж байгаад арвуулаа сайхан баярлана. Их гоё байна гэж төсөөлж байгаа шүү.
Эх сурвалж: www.mminfo.mn