хүнтэй ноцолдсоор байгаад . . . Би нус нулимстайгаа хутгалдаад уйлаад байдаг, уйлаад байдаг. Бузрын амьтан чинь дуусчихаад бас аргадах гэж янз, янз болсноо сүүлдээ чамд өөрийн гэх хүн байхгүй шүү. Амаа мэдээрэй. Хэрвээ чи хэлэх юм бол энэ байрны бүх эрчүүл чамайг шившиглэх болно шүү. Орчлонгийн шившиг болов чи гэж загнасан гэлээ. Би Сувдааг одоо л уйлах болов уу гэсэн чинь тэгсэнгүй. Харин ч хөмхийгөө зуугаад
– Би тийм газар охиноо үлдээх гэж үү? Чи тэрийг хүсэж байна уу? гэлээ. Энэ удаа би
– Чи надад үүнийгээ яриагүй ш дээ. Санаж байгаа биз дээ? Хэрвээ ярьсан бол би юу боллоо гэж асрах газрын чинь тухай дурсах юм бэ гэж ширүүхэн хэллээ. Тэртэй тэргүй би ялагдаж байсан болохоор тэвчээр барагдаж байсан байх л даа. Сувдаа юм хэлсэнгүй. Түүнийг дуугай байх тусам би байгаа байдалдаа, гаргасан аашиндаа гэмшиж байлаа. Тэгээд
– Уучлаарай Сувдаа, би муухай аашилчихлаа гэхэд тэр
– Одоо надад ялгаагүй дээ гэж хөндийхөн өнгөөр хэлэв. Миний зүрх цөмөрчих шиг л болсон. Өнчин өрөөсөн жаахан охин хүнд, тэр тусмаа багшдаа хүчиндүүлчихээр чухам ямар байдаг бол гэхээс дотор арзайж байлаа. Түүний дэргэд миний зовлон юу ч биш байв. Тэгээд цаашдын хувь тавиланг нь мэдэж байгаа нэгд эмч, хоёрт найз хүний хувьд түүнийг чадлынхаа хэрээр хайрлаж асарч байгаад дуусгая гэж дотроо хатуу шийдэв. Би энэ шийдвэртээ хүрсэн юм шүү. Өвчиндөө зовиурлаж, хорвоо ертөнцөд гомдсон бүсгүй хүний авир гэдэг дэргэд нь байхад ч халгамаар байдаг юм билээ. Гэхдээ би тэссэн л юм даа. Гэхдээ энэ тухай одоо бичихгүй ээ.
Сувдааг хэн нэг нь харах хэрэгтэй болж байсан үе. Хэн нэг нь юү байхав. Анхмаа сүүлийн үед утас шөрмөсөө ч авахгүй, дуу муутай болчихсоныг хэлэх үү, эртээрхэн Надмид бид гурав дээр ирснээс хойш бүр ч чимээгүй болсон байлаа. Тэгэхээр би л үлдэв. Ажилдаа хэлж байгаад хоёр сарын чөлөө авлаа. Сувдаа Анхмааг байнга асууна. Ямар сайндаа Анхмаа руу утасдлаа . . .
* * *
– Хөгшөөн Анхмаа ярьж байна гэх өвгөнийхөө дуунаар би ширээнээсээ бослоо. Яг түүний тухай бичиж байх үед тэр утасдаж байгаа нь сонин ч юм шиг
– За сайн уу? Юу л хийж байна даа? тэтгэврийн мисс минь гэх түүний дуу цовоо цойлгон сонсогдоно. Хэд дүү юм гэсэндээ намайг шоолж байгаа нь тэр.
– Юу хийхэв дээ. Өвгөн тэтгэврийн босс тэгэхээр би юу болох нь мэдээж шүү дээ. За тэр яахав. Манайхаар нэг ирээч дээ. Өвгөн бид хоёртой жаал хуучлахгүй юм уу?
– Би ойрд нэг хот орохоороо заавал очноо. Том хүү маань доктор болсон гэнэ. Сая Австралиас ярьлаа. Тэгээд л баярлаад, хүнд хэлмээр санагдаад болдоггүй. Ямар сайндаа та хоёрлуугаа залгаж байхав
– Өө тийм үү? Болж дээ. Эрдэм ном хөөхөөр ингэж л үр дүнд хүрч байгаа юм даа. Бага хүү чинь хаана байгаа билээ?
– Эндээ энд. Хүнтэй суудаггүй нэг хүн. Намайг эргүүлдээд байж л байна. Уг нь санаагаар болдог бол нэг хүүхэн бараадаад надад ачийг минь үнэрлүүлвэл зүгээр байх юм. За, за найз нь тэгж байгаад дараа яръя гээд утас тасарлаа. Хөөрхий дөө, муу Анхмаа минь их л баярлаж дээ. Овоо л доо. Хүү нь сургууль соёл гээд гүйгээд байсан гайгүй л яваа юм байна гэж бодоод эргээд суух гэсэн чинь нэг л болдоггүй.
Тэгэхээр нь нэг даавуун тор бариад гарлаа. Гадаа барилгын дуу хадсан хэвээрээ. Нар ч голлох маягтай. Манай байрны үйлчилгээнийхэн бүгд хаагаад нүүчихсэн тул эль хульхан. Аргагүй дээ, мөдхөн энэ байрыг нураах юм чинь эртхэн шиг нэг газар олж бизнесээ үргэжлүүлэхийг бодолгүй яахав. Дэлгүүрээс нэг дал дөрвөн өндөр авлаа. Өнөө орой нэг сайхан гурилтай шөл хийж иддэг хэрэг ээ.
* * *
Намайг залгахад Анхмаа утсаа авч байна. Дуу нь ихээ сул байна шүү.
– Чамд боломж байвал Сувдаа дээр нэг ирээч хө. Цаадах чинь чамайг өдөр болгон л сурах юм гэтэл их л зовиуртай дуугаар
– Найз нь өнөөдөр амжихгүй нь ээ. Хэд хоногоос болъё гэнэ. Гэнэтхэн уур хүрэв. Найз, найз л гэх. Яг цагаа тулахаар иймэрхүү үед ганц удаа ирэх нь байтугай ярих ч үгүй юм гэж бодоод утсаа аваад өрөөнөөс гарлаа. Сувдаагаас холдож байгаа ухаантай.
– Чи одоо энэ хүн дээр нэг ирчихэд яадаг юм. Хэдэн төгрөг зээлсэн гэсэн тэрэндээ гол цохиод байгаа юмуу? Авч болсон юм, өгч болох байлгүй гээд л би баахан аашилж өгсөн. Ямар ч авцалдаагүй мөнгө төгрөг гээд уурласан шалтгаан бол мэдээж өөр. Яагаад ч юм надад Надмидтайгаа нийлж эдний охиныг авах гээд тэрнийгээ өөрөө хүсээгүй нөхөр нь хүсч буй мэт болгон надад жүжиглээд байгаа нь таалагдаагүй юм. Тэгээд л тэр өдөр Анхмаад уурлах шалтагаа нэгд ирэхгүй байгаатай нь, хоёрт мөнгөтэй холбосон хэрэг. Анхмаа утасны цаанаас уйлах нь л сонсогдсоноос өөр юм хэлсэнгүй. Би ч нэг их үнэнийг хэлчихсэн хүн гэж өөрийгөө бодно.
– Удахгүй эмнэлэгт хэвтэнэ. Дараагийнхаа химийн тариаг хийлгэх ёстой гэж Сувдаад нилээн ойр байж, бүх юмыг нь мэдэж, асарч тойлж байгаагаа тодорхойлж хэллээ.
– За мэдлээ. Би заавал очноо гээд утсаа салгалаа. Сувдаа
– Юу гэж байна? Ирнэ гэнэ үү?
– Ирэх нь ч ирнэ гэнээ. Гэхдээ өнөө маргаашдаа амжихгүй гэнэ. Дуу нь жаахан сулхан байна, яагаа юм бол? гэхэд Сувдаагийн харц илт буугаад явчихлаа.
Тэр өдөр Хүслэн ирлээ. Ээжийгээ ч их санасан бололтой.
– Та нь эдгэнэ гэсэн яасан бэ?
– Удахгүй ээ, охин минь удахгүй
Ээж охин хоёрыг үлдээгээд гарлаа. Учир нь намайг Сүхээ дуудаад болдоггүй. Сувдааг хараад ойрд гадагшаа гараагүй. Бага зэрэг уйдах ч аястай. Сүхээтэй хоёул гудамжаар алхаж хуучин байраараа очлоо.
– Сувдаагийн кафед орж үзэх үү? гэхэд тэр
– Тэгье л дээ. Хоол ч идье
Кафед ороход ажилчид нь намайг таниад сүйд.
– Бид гурав үргэлж энд суудаг юм.
– Дандаа юу?
– Тийм. Сувдаа энд, Анхмаа тэнд
– Яг гадны хүмүүс шиг юм. Гадаадад бас хүмүүс нэг л ордог уушийн газраа орж, нэг уудаг юмаа уудаг юм билээ. Би түүнд энэ байр танайхыг нүүж ирэхээс өмнө Сувдаагийнх байсан тухай, Сувдаа хэрхэн өсөж том болоод хэрхэн энэ байраа өөрийн болгосон тухай товчхон ярьж өглөө. Сүхээ биширсэн янзтай толгой дохиж, хуучин гэрээ тойруулан харна. Тэгснээ
– Чи бид хоёр аав ээжийн эзгүйд их тоглодог байж билээ. Нүдээ боогоод л . . . өөр тоглоом байдаггүй л байсан юм байх даа гэхэд надад тэр үе нүдэнд зурайтал харагдав. Сүхээ намайг хурдхан барьж аваад л үнсэхийг боддог байсан байх. Би ч гэсэн дээ нэг их удалгүй баригддаг байсансан. Тэрийг бодож байснаа би
– Өөр тоглоом байсаан байсан. Чи тэнд байсан өрөөг санаж байгаа биз дээ? гээд унтлагын өрөө байсан буланг заахад
– Тиймээ, тэнд л би чинийхээ хамаг нандин бүхнийг авсан. Яалаа гэж мартахав дээ. Одоогоороо санаж явдаг шүү гээд Сүхээ гараа явуулж миний гарыг атгав. Эр хүнд ийм өнгө аясаар гараа атгуулна гэдэг ямар сайхан, сэтгэл хөдлөм болохыг ингэж атгуулж суугаа бүсгүй л ойлгоно. Гэсэн ч би гараа угз татан авч
– Үнэн юм уу? Нэг туулай тэврүүлээд л үлдээх чинь билээ. Амьдралд мартаж болохгүй юм гэж байдгийм шүү гэлээ. Сүхээ намайг гайхаж байгаа нь илт. Би тэр өрөөг бодоод өнгөрсөн бүхэнд Сүхээ ямар ч байсан буруутай юм шиг санагдана. Учир нь би өдий болтол эх хүн болж чадахгүй байна шүү дээ.
– Ерөөсөө явцгаая гээд эрсхэн бослоо. Гэнэтхэн хувирч эвгүй аашилсанд Сүхээ гайхаж байсан ч би нүүр өгөлгүй шууд явсаар Сувдаагийн ирлээ. Хүнд хийсэн бүхэн нь эргэн ирдэг гэгчээр Сувдаа ч гэсэн намайг ааштайхан угтлаа. Тэр Хүслэнгийн хоёр туулай тэвэрч авхуулсан зургийг үзэж суусан бололтой, хажууд нь байна. Намайг ороод ирэнгүүт Хүслэн гүйж ирээд
– Болороо эгчээ, Болороо эгчээ . . . нөгөө, нөгөө . . . Бүжин нь ганцаараа сууж чадахгүй байна гэхэд нь түүнийг удаан гэгч нь тэвэрч үнсээд
– Хүслэн миний дүү Бүжиндээ чи томоотой суу гээд эвтэйхэн зөөлөн хэлвэл тэр суудаг юм гэхэд Сувдаа ширэв татаад өрөө рүүгээ орлоо. Гэм хийсэн хүн шиг түүний араас сэмхэн гишгэсээр орвол тэр цаашаа хараад таг дуугүй
– Найз нь хурдхан шиг нэг шөл хийчихье гээд эргэтэл
– Хэрэггүй. Ер нь чи надад цаг заваа зараад хэрэггүй. Тэгж байснаас амьдралаа бод Цаашдаа амьдрах хүн
– Яасан бэ? Сувдаа. Бие нь таагүй байна уу?
– Чамд хүнтэй суух боломж гараад байгаа юм биш үү? Чи чинь хүнтэй сууж хүүхэд гаргахын бөөн хүслэн биз дээ? Манай хүүхдэд нэг л туулай байхад хангалттай гээд хоолой нь зангирав
– Яагаад байгаа юм дээ? гэж цөхөрсөн өнгөөр асуухад
– Өөрөөсөө асуу. Чи намайг нэг усан шөлөөр, энэ охиныг энэ чихмэлээрээ аргалж дөнгөнө гэж бодоод байна уу? гэж улаан галзуу хэллээ. Тэгтэл Хүслэн гүйж орж ирээд
– Болороо эгчээ, нөгөө, нөгөө . . . Бүжин нь суучихсан гээд инээхэд Сувдаа
– Чамайг хэн орж ир гэсийм? Миний нүднээс далд тогло, тэр туулайтайгаа. Ор цаашаа. Хүний туулай өгөөрэй чи. Би чамайг хүний юм авч бай гэж хэлсэн үү? Айн? гэж Хүслэн бид хоёрыг цочтол хашгирлаа. Охины царай нэг хачин болж, ам нь өмөгнөөд гарлаа. Намайг
– Сувдаа . . . гээд юм хэлэх гэтэл тэр огт сонсолгүйгээр яриаг минь тасалж
– Би арай үхчихээгүй байна. Эцсийн шийдийг чи биш би гаргана гээд цээжээ балбахад нь нүднийх нь ухархай нулимсаар дүүрээд ирлээ.
– Тайвшир даа. Тайван байхгүй бол наад бие чинь хямарчихна гэхэд түүний нүд хачин эвгүй болсноо
– Чи үүнийг л хүлээж байгаа биз дээ? Тэгээд ч чи эмч хүн. Намайг хэзээ үхэхийг ч мэдэж байгаа. Энэ чинь миний охин. Яс махаа уран байж би төрүүлсийм гэж багтран хашгирав.
Би түүний хажууд байж тэссэнгүй. Гарахад араас
– Тэр туулайгаа манайхаас аваарай гэж хашгирлаа. Харин одоо миний нүдний ухархайгаар нулимс яах ийхийн зуургүй дүүрээд ирлээ. Хурдхан шиг л гармаар. Энэ бүхнийг сонссон бололтой Хүслэн Бүжинг авчирч өгөв. Бүжингээ шүүрээд гараад иртэл хэсэгхэн салхи огцомхон үлээж орчныг хуйрагнуулаад намдав. Би гомдохын дээдээр гомдож байлаа.
– Тиймээ, тийм. Чинийх . . . Чиний охин гэж хэлээд ам руугаа орсон нулимсыг залгиж явсым. Үнэн үгний амт тийм гашуун байдгийг мэдэрч явсан даа.
* * *
Цааш нь бичиж чадсангүй. Тэр үеийн сэтгэлийн зовлон одоо нүүрлээд байх шиг санагдаад түр болихоор шийдлээ. Сэтгэл сэргээх гэсэн юм шиг өвгөн маань хонины ганц хаа барьчихсан орж ирлээ.
– Махны үнэ гэдэг тойм алга. Байрны хэдэн хөгшчүүл нийлж ганц хонины гулууз хувааж авлаа. Өнөө маргаашгүй наадам болох гээд байдаг. Ганц хавирга ч болтугай буцалгаж иднээ гэж байна. Өвгөнөө өрөвдөх шиг болов.
– Урд нь бол бүтнээр нь аваад л болдог байсансан. Одоо ч ганц мөч аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг л болох байхаа даа гэхэд
– Хажуугаар нь ногоо гурил хийгээд болноо болно. Тэгээд ч одоо хүүхдүүд нэг их өөх мах гэхээ больж. Энэ их мах иддэг үе биднээр дуусаж байгаа байлгүй.
– За тийм ч байхаа даа. Үгүй, тэгээд хүүхдүүд бас жаал жуул юм дөхүүлэх байлгүй дээ.
– Тийм дээ тийм. Ер нь ч тэгээд идэж ууна гэдэг ч нэг л хэрэг дээ гэж өвгөн маань хэллээ. Манай өвгөн тэгж байгаад их аятайхан дүгнэж хэлдэг юм. Нээрээ л бодоход, амьдралд идэж уух нэг л асуудал болохоос амин чухал юм биш шүү дээ.
Би ширээндээ сууж чадахгүй
Үргэлжлэл бий . . .