эргэцсээр наадамтай залгалаа. Яагаад ч юм өвгөнийгөө л хэд хоног харж суув. Хөөрхий хүүхдүүдтэйгээ бужигнана. Бөхөө үзнэ. Эр хүн байхын ид хавын тухай сэдэвтэй л бол юм болгонд дуртай. Хоёр хүргэн ганц шил виски өгснийг өдөр, өдөрт бага, багаар уун уусаар наадмын гурав хоногтоо дуусгав. Уусан үедээ шингэн царай нь ухаа ягаан болчихно. Хааяахан над руу их эергүү харчихаад
– Өвгөн нь ч жаргаж байна даа гэх. “Болоо доо өвгөн минь, чи минь л жаргалтай байвал” гэж би бодно. Өвгөн гэлтгүй надад ч гэсэн сайхан байлаа. Үр хүүхэд эрүүл саруул, идэж уухаар дутахгүй л бол үүнээс илүү юм хүнд тэгтлээ хэрэг болох уу? Амьдралын сайхныг мэдрэхийн тулд хамгийн эхлээд амьд байх хэрэгтэй юм даа гэж бодлоо. Тиймээ, амьд байх. Хэд хоног ойртоогүй өнөө бичих ажилдаа наадмын дараа орлоо. . .
* * *
Сүүлд нь бодоход Сувдаагийн хувьд хэзээ мөдгүй үхнэ гэж бодох. Дээр нь ганц охиндоо санаа зовох, ерөөсөө амьдрал, хувь заяандаа гомдож цөхөрсөн цөхрөлөө надад гаргаж байгаа нь тэр юм билээ. Сэтгэл зүйн асар их дарамтанд орсон хүн тэгэхээс ч өөр яах билээ дээ. Тэр шөнөө миний утас дахин дуугарлаа.
– Болороо найз нь өвдөөд байна гэнэ. Би түүний дууг сонсонгуут түүнд гомдсон гомдол алга болов.
– За найз нь одоохон . . .
– Охин, охин . . . гээд үгээ гүйцээж чаддаггүй.
– Санаа зоволтгүй. Тайван бай. Найз нь одоохон очно гээд Хүслэнг гэртээ түгжээд сэмхэн гарлаа. Шөнө дунд таг харанхуй. Энэ өвчин угаасаа шөнө дөлөөр өвддөг ёрын өвчин. Ямар юмаа хийж хажууд нь байхгүй энд ирдэг байнаа гэж өөрийгөө зүхэв. Сүхээ рүү залгалаа нойрмог байна
– Чи Сувдаагийнх руу шууд очооч. Би бас очиж байна
– Тэгэлгүй яахав, одоохон
Яарсан сандарсан үед уриалгахан үг сонсох хичнээн сайхан байдгийг хүн болгон мэдэх биз ээ. Надад ч гэсэн сайхан санагдлаа. Сүхээ бид хоёр тэднийд зэрэг шахам ирцгээв. Сувдаа хүнд, хүнд амьсгаадна. Хурдхан шиг өвчин намдаах тариа хийгээд эмнэлэг авч явлаа. Эмнэлэг дээр очуут Сүхээг Хүслэнтэй үлдээлээ. Сувдаа
– Найзынхаа тэр жижиг цүнхийг гэнэ. Тэр бас хэзээ ч хэвтэж магадгүй гээд ойр зуурынхаа юмыг бэлдсэн бололтой.
– Ариун цэврийн хэрэглэл, бүх юм чинь байгаа юу?
– Байгаа, байгаа. Тэр зураг гээд охиныхоо жаазтай зургийг авлаа. Эмнэлэгт яаран сандран ортол эмч
– Одоо хөнгөвчлөх эмчилгээнд оруулахаас аргагүй болжээ гэлээ. Дотор палхийгээд явчихав. Эмч хүний хувьд би ойлгож байгаа юм. Түүнээс Сүхээ Сувдаа хоёр мэдэхгүй л дээ. Сувдаа бол өвчин намдаах тариа л бодож байгаа. Сувдааг хэвтүүлчихээд эмчтэй нь хурдхан уулзлаа. Эмч
– Чи мэдэж байгаа шүү дээ. Дотор хавдар нь одоо томроод хамаг эрхтэнээ дарчихсан байгаа. Үндсэндээ зарим эрхтэн нь ажиллахгүй. Өнөөдрөөс морфинд оруулна. Ер нь тэгээд уулзах ёстой хүмүүс байвал уулзуулаарай гэж эрсхэн хэллээ.
Хөөрхий дөө, түүнд хэн ч байх билээ. Анхмаад л хачин дургүй хүрэв. Гэлээ гээд яахав. Хэлэхгүй л бол болохгүй. Анхмаад, мөн ажлынханд нь бас ирж уулзаач, байдал эвгүйтлээ гэж хэллээ. Анхмаа удалгүй гүйгээд ирлээ. Би түүнийг “Үгүй ерөө цаг нь тулахаар ирж байх шив дээ” гэсэн харцаар угтсан бол Сувдаа “Ашгүй дээ, амжлаа” гэсэн янзаар хүлээж авсан юм. Одоо надад Хүслэнгийн талаар горьдох, найдах юмгүй болсон тул тэр хоёрыг орхихоор шийдсэн юм. Тэднийг надгүйгээр ярих зүйлээ чөлөөтэй яриг гэж бодоод
– Найз нь гарчихаад ирье дээ гээд Анхмаад
– Хорин минутын дараа энэ тариаг сувилагчид хэлээд хийлгээрэй. Өөрөө ч мэдэж байгаа гээд гарлаа. Гэрт Хүслэн Сүхээ хоёр байгаа болохоор “хэсэгхэн хугацаанд ч гэсэн Хүслэнтэй хамт байя” гэж бодов.
– Болороо эгч ээ, нөгөө, нөгөө . . . Хүслэн нь Сүхээ ахтай нь хоол идсэн
– Өө тийм үү? Ямар хоол?
– Өндөг бас нөгөө каш
– Оо ёо ёо, Сүхээ ах нь ямар мундаг юм. Каш чанадаг
– Нөгөө, нөгөө . . . Бүжинг би бас санасан ш дээ
– Чи бүр авч болно шүү
– Нөгөө, нөгөө . . . ээж нь уурлана.
– Одоо ээж нь уурлахгүй ээ гэж хэлэхтэй зэрэг миний нулимс урслаа. Сүхээ тэр хоёр хоёулаа гайхан харав. Сүхээ асуусан харцаар харна.
– Үгүй ээ, үгүй. Чиний бодож байгаа биш. Гэхдээ л . . .
Сүхээ миний мөрөөр тэвэрч, ар нуруун дээр зөөлхөн, зөөлхөн алгадна. Миний утас дуугарч би ухасхийн авлаа. Анхмаа байв.
– Найз нь энэ шөнө сахиад хоноё доо гэнэ.
– Тэгээ тэг гээд хариу ч сонсолгүй утсаа салгалаа. Яагаад би биш тэр гэж? Надад ялагдал мэдрэгдэж, гомдол, цөхрөл зэрэг сүлэлдэнэ. Дахиад утас дуугарахаар нь шууд авч
– Бас юү гэсийн? гэж цухалдуухан хэлтэл Анхмаа биш Сувдаагийн ажлынхан байв. Тэд Сувдаагийн тасгийг асууж байна. Тэдэнд давхрыг нь өрөөтэй нь хэлж өгөөд
– Та нар гарахаа дөхүүлээд эгчдээ хэлээрэй. Анхмаа эгч нь тэнд байгаа гэвэл
– Бид нар өнөөдөр амжихгүй ээ. Маргааш очно. Гэлээ ч гэсэн бид уулзчихаад явахдаа хэлнээ гэнэ. Намайг хэрхэн тогтворгүй байгааг Сүхээ хөндлөнгөөс ажаад байгааг гэнэт мэдрэв. “Нээрээ, тэр манайд байгаа ш дээ”
– Чи одоо яв гэж ширүүхэн хэллээ. Тэр
– Яаралтай хэрэг болвол намайг дуудаарай гэхэд нь хариу хэлсэнгүй. Зөвхөн толгой л дохилоо. Түүнтэй ярих ч дур хүрэхгүй байв. Хүслэн
– Сүхээ ах нь явж байгаа юм уу?
– Тиймээ, Хүслэн
– Нөгөө, нөгөө . . . Сүхээ ах нь энд байдаггүй юм уу?
– Байдаггүй юмаа. Тэр одоохон явна. Сүхээ ч удалгүй явлаа.
* * *
Нэг мэдсэн чинь миний хуруу хүртэл хөшчихжээ. Цаг харвал их орой болж. Өвгөнийхөө хажуугаар орж хэвтлээ. Тэр түмэн үрчлээт гараа цээжин дээрээ тавьсан байх юм. Ингэж унтахаараа зүүдэлдэг гэдэг тул гарыг нь зөөлхөн буулгалаа. Тэр мэдсэнгүй. Би унтахаасаа өмнө үргэлжлүүлэн бодлоо.
* * *
Хүслэнд үлгэр уншиж, зүүрмэглээд ирэхээр нөгөө дуугаа аялан унтууллаа. Эх хүн байх, тэр тусмаа хүүхдээ бүүвэйлэх гэдэг ямар сэтгэл уярам байдгийг мэдрэх шиг. Харин би бараг унтаж чадсангүй. Яагаад гэвэл хацраа бумбайлган унтаж байгаа энэ охин хамгийн сүүлчийн өдрөө надтай хамт байгаа байж магадгүй. Одоо тэд тариан завсраа, охиноо яаж өгч авалцахаа ярилцаж байгаа. Амь гэдэг хором мөч бүрээр Сувдаагаас минь холдож байгаа. Ээ, Сувдаа минь, Сувдаа минь ямар гээчийн гай дайрчих нь энэв дээ гэж Сувдааг нэг бодовч, яагаад чи намайг нэг нүдээр үздэггүй юм бэ? Энэ өвчний сураг сонсогдсоноос хойш би л чамд хамгийн ойрхон байсан шүү дээ. Үнэн сэтгэлээсээ чамд туслахыг хүсч байсан. Тусалж ч байгаа. Охиныг чинь авахын тулд биш ш дээ. Зүгээр л найзын хувиар, хүний ёсоор тусалж байгаа. Би хүүхэдтэй болохыг хүсдэг. Чи үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ингэж бодоод аньсаган завсраар урсах нулимсаа арчлаа. Өөрөө өөрийгөө ороосон бодолдоо боомилогдон байв. Тэдэн рүү утасдмаар, ямар нэгэн худлаа шалтаг хэлээд залгамаар санагдана. Тэгэвч чадсангүй. Унтах гэж хэвтлээ. Миний хажууд Хүслэн булцгар гараа дэрлээд хамар нь шуухитнан унтана. Түүнийг өрөвдөхийн дээдээр өрөвдөнө. Ямар хэцүү орчлон бэ . . .
* * *
Хамраа тачигнуулан хурхирах өвгөнөө тохойгоороо ёворлоо. Тэр амаа тамшаалан ямар нэгэн юм шивнээд цааш эргэв. Үсээ засуул гэж хэлэхгүй бол муу буурал үс нь жигтэйхэн ургачихаж гэж бодлоо. Нэг мэдсэн чинь унтжээ. Өглөө эртлэн босов. Учир нь урд шөнө бодсон бүхнээ бичих гэж яарсан хэрэг. Анх удаа би барилгачидаас түрүүлэн шууд ширээндээ суув.
* * *
Маргааш өглөө нь босонгуутаа тэсвэр алдан Анхмаа руу залгатал тэр утсаа авсан хэрнээ цаашаа ярих нь сонсогдоно. Тэд инээлдэж байв. Анхмаа
– Тэгье л дээ. Би тэр нотариатчийг дуудчихъя. Танай кафены хажуугийн хаалга бил үү? гэснээ сая нэг юм наашаа анхаарч
– Байна уу? Болороо юу? гэв.
“Бүр нотариатчдаа тулчихсан байх шив дээ” гэж бодсон би юу гэхээ мэдэхгүй хэсэг гацсанаа тасалж орхилоо. Зүрх гэдэг цээжиндээ багтахгүй дэлсэнэ. Надад ярих тэнхэл байсангүй. Утас эргээд хангинав. Дэлгэцэнд нь “Anhmaa” гэсэн нэр гарна. Би авсангүй. “Тэд инээлдэж байсан” гэж бодохоор л гол зурна. Би баахан бөглөрч суугаад, Хүслэнг цэцэрлэгт нь хүргэж өглөө. Яагаад ч юм Хүслэнг сүүлийн удаа үнсэж, сүүлийн удаа хүргэж өгч байгаа юм шиг санагдана. Энэ өглөө надад машины чимээ, шувуудын жиргээ, навчисын сэрчигнээн аль алиныг нь сонссонгүй. Зөвхөн Хүслэнг л ширтэж байлаа. Ингэж тэгсээр байгаад бас хоцорчихож. “24-ийн цэцэрлэг” гэсэн хаягтай байшингийн хаалгыг дахиад л нүдлээ. Цэнхэр халаадтай бүдүүн эмэгтэй багш хаалга онгойлгоод
– Долоо хоногт ганцхан өдөр авчирч өгч байж та нар хоцроохгүй байж болохгүй нь үү?
гэхэд Хүслэн
– Багшаа, манай ээжийн нуруугаар өвдөөд . . . гээд ярих гэтэл багш нь охиныг татаж оруулаад хаалга хаагдав. Намайг нэг амьсгаа аваад эргэтэл хаалга дахин нээгдэж багш нь
– Хүүхдийнхээ хоолны мөнгийг өгөөрэй гэж хахир дуугаар хэлээд хариу хэлэхийн завдалгүй хаалга дахин хаагдав. Хаалганы цаана
– Муусайн баячууд хүүхдийнхээ хоолны мөнгийг ч цагт нь өгчихгүй гэх багшийн дуу сонсогдоно. Хүн хүндээ ямар дээрэлхүү юм дээ гэж тэгэхэд бодогдсон. Одоо энэ охин өнчрөх юм бол . . . гээд цааш нь бодохоос аймшигтай санагдаад больчихлоо.
Хүслэнг өгчихөөд шууд эмнэлэг явах гэсэн бас л чадсангүй. Юу ч юм нэг юм миний өмнүүр хөндөлсчихөөд болж өгөхгүй юм. Эв нь таарвал би уйлах гээд л байх шиг байна. Намайг дуудтал нь байж байя гэж өөртөө шийдвэр гаргалаа. Гэртээ очвол нэг л хонхи оргиод болохгүй. Хэвтлээ, бослоо, усанд орлоо, зурагт асаалаа, унтраалаа . . . Байн, байн утсаа ширтэнэ. Хорвоо дээрх хамгийн тамтай өдөр тэр л байх гэж одоо бодогдоно. Яг үнэндээ энэ бүх хугацаанд Сувдааг яаж байгаа бол? гэж санаа зовсон гэхээсээ илүүтэй , Сувдаа охиноо яахыг хэрхэн шийдэж байгаа бол? гэсэн бодол миний санааг зовоож байсан гэвэл болно. Хүн гэдэг тийм л байдаг юм билээ. Одоо би юуг нь нуухав дээ. Зөвхөн энэ бодлынхоо төлөөнөөс ямар нэгэн нүгэл үүрэх ёстой бол үүрэхээс яахав.
Гэтэл ашгүй нэг юм утас дуугарлаа. Би ч юманд цохиулсан юм аятай ухасхийн авлаа. Сувдаагийн ажлын тогооч байв.
– Сайн уу? Болороо эгчээ, Бид нар ирээд явлаа. Яанаа Сувдаа эгч ямар аймаар болчихоо вэ? Бид нар ерөөсөө ийм байгаа гэж бодоогүй гэж байна. Энэ яриа надад нэг их сонин санагдсангүй. Тэгсэн хэдий ч
– Харин тийм ээ. Хэцүү л байна. Анхмаа яасан бэ? Яагаад над руу ярихгүй байна? гэтэл
– Биднийг ирсэн чинь Анхмаа эгч гараад явсан. Харин сая биднийг гарах гэж байхад Анхмаа эгчийн нөхөр нь ирж байсан. Бодвол тэр хоёр ээлжээ сольсон байхаа гэлээ.
Би энэ үгийг сонсоод тархин дундуураа татуулчих шиг л болов. Үг ч хэлж чадсангүй. Зүгээр л санаа алдлаа. Надад одоо элдвийг бодох тэнхэл ч алга. Би ядарчээ. Зүгээр цөхөрчихөж.
Утас дахиад л дуугарлаа. Харвал дэлгэцэнд “Huurhun huu” гэж гарав.
Үргэлжлэл бий . . .
– See more at: http://www.biirbeh.mn/index.php?sel=content&f=one&obj_id=6712#sthash.DSY96msX.dpuf