Үгээр урлахуйн мастер, эрхэмсэг хатагтай, Хүүхэлдэйн театрын захирал Ц.Хулангийн сонирхолтой ярилцлагыг уншигч танд өргөн барья. Түүний "Grand" сэтгүүлд өгсөн ярилцлагаас түүвэрлэн хүргэлээ.
“ Алт гэгч шар төмөр, нефть гэгч хар тос үнэтэй биш. Борог шороо, болжмор шувуу, борчуул, борог ахуй үнэтэй. Монголын нунтагнасан энэ амьдрал үнэтэй, энэ нунтагнасан амьдралыг магтан дуулсан яруу найраг шиг үнэтэй юм үгүйг хүн төрлөхтөн ухаарах л болно” хэмээн омоглон, галтай найрагч бүсгүй ярьж сууна. Гэхдээ удтал он дамнан шалуулсны эцэст ярилцлага өгөхдөө би түүнтэй улс төр мэтийн хөндий сэдвээс аль болох зай авахыг хичээж сууснаа нуух юун. Бүсгүй найрагч болоод тэр үү, эсвэл зөвхөн Ц.Хуланд л байдаг амт байж болох юм, түүний дотоод ертөнц эрхэмсэг нууцлаг, өнгө ялгуун өвөрмөц билээ. Тиймдээ ч тэр л ертөнцийг нээхгүй юм гэхэд зах зухаас нь тэмтрэх гэж оролдлоо.
Жигтэйхэн уран тансаг үгтэй, яруу уянгалаг шүлгүүдийг чинь амтархан уншдагаа юуны өмнө хэлмээр санагдлаа. Хүний дотоод ертөнц үг шигээ байдаг гэсэн. Гэхдээ таны тэр тансаг, нууцлаг ертөнц тийм ч нээлттэй биш. Ганц удаа ч гэсэн баггүйгээр, гоёчлолгүйгээр надтай ярилцана гэж итгэж байна?
Бетховен “Сарны сонат”-аа яаж бичсэн, Моцартын үхэл, Д.Нацагдоржийн дурлалын түүх бүгд нууц хэвээр үлдсэн. Монгол ч бай, гадаад ч бай, уран бүтээлчдийн хөрөг дүр, хувийн амьдрал нууцлаг тусмаа утга зохиол, урлаг өөрөө үнэтэй байдаг. Тийм ч учраас судлаачид нэгэн сайхан цэнгэг устай худаг нээчихсэн юм шиг цувж байхын тулд хүн юм бүхнээ дэлгэх албагүй. Дэлгэх шаардлага ч байдаггүй. Дэлгэх тусмаа хүн ганцаарддаг. Надад бас өөрийн тамга байна. Зөвхөн дэрэн доороо дэлгэж унтдаг ном гэж байна. Тийм ч учраас баггүйгээр ярилцаж чадна гэж амлаж чадахгүй. Харин гоёчлох гэдгийн тухайд харин ч өөрийгөө гоёчилж байгаагүй гэдгээ баталгаатай хэлнэ.
Таныг нээрээ Монгол Монро гэдэг байсан байх аа?
Тэр нь ч юу юм бэ. Гэхдээ тэгж ярьдаг байсан нь цөөнгүй. Монрогоос сэтгүүлч “Та ямар унтлагын хувцастай унтдаг вэ?” гэж асуухад “Би зөвхөн Chanel №5 л нөмөрч унтдаг гэж хэлсэн байсан. Энэ нь бусдад гоёчилж ярьсан мэт санагдавч тухайн хүнийхээ хувьд яг чин үнэн байсан байхгүй юу. Түүнтэй ялгаагүйгээр бусдад гоёчлоод ярьчихсан юм шиг зүйл нь миний хувьд чин үнэн л байна. Байгаагаасаа илүү баян болох гэж, ухаантай болох гэж, цэцэн болох гэж үг зарж, өөрийгөө болоод бусдыг хуурч яваагүй учраас гоёчилно гэдэг тал дээр харин ч айх явдалгүй.
Та ч үнэхээр тод араншинтай, содон “би”-тэй хатагтай л даа. Яг одоо “би” гээд өөрийгөө нэг тодорхойлооч?
Омог бардмаар.. Ингэхийн тулд ганц хоёр хундага дарс ууж өөрийгөө жаахан халаах хэрэгтэй байх л даа. Гэхдээ халах үе надад их ховорхон байдаг юм. Цагаа их гамгүй үрж явжээ гэж боддог. Хүн амьдралыг хэрвээ сэтгэл, ухаанаар авч явдаг бол орь залуудаа зөвхөн сэтгэлдээ хөтлөгдөж амьдарч явснаа одоо ухаардаг. Гэхдээ үүндээ харамсдаггүй. Одоо бол сэтгэлийн хажуугаар ухаан зарах гэж хичээж байна. “Болор цом”-ын тайзан дээр ерөнхий шүүгч хийхэд худлаа шүүлээ гэж хэсэг хүмүүс хашгирсан. “Та нар над шиг шударга найрагчийг Монголоос олж чадахгүй. Байвал олоод ир” гэж хариу барьж байлаа. Энэ үгээ би дахиад л хэлнэ. Хэзээд хэлнэ. Хүн өөрийнхөө хэр, хэмжээг мэддэг. Хэрээ мэдэж, бяраа танина гэдгийн адилаар өөрийгөө мэднээ.
Зөвхөн сэтгэлээрээ гэдгийн тухайд маш сайн ойлгож байна. “Миний залуу нас бардамхан байтугай” гэж ирээд хэлхсэн мөртүүд чинь сэтгэл огшоож, зүрх догдлуулдаг. Түүн лүгээ Ц.Хулан найрагчийн залуу халуун насны алдаа оноо, амьдрал зөвхөн тэр сэтгэл гэдэг зүйлээр тодорхойлогдож байсан байх?
Тийм л дээ. Зөвхөн сэтгэл л байлаа. Хөндлөнгийн хүний нүдээр бол ёстой тэнэг юм гэмээр алдаанууд зөндөө. Жишээ нь, УИХ-ын нөхөн сонгуульд хоёронтоо нэр дэвших боломжийг буцаасан. Хичнээн олон төрийн бус байгууллагад явчихаад улс төрд ойртож явсангүй. Хүн үүнийг дэргэдээс алдаа гэж хардаг бололтой юм билээ. Миний хувьд гэтэл үүн шиг оноо байхгүй.Яагаад гэвэл би шүлэг найраг, уран бүтээлдээ үнэнч үлдсэн. Сэтгэлээ авч үлдсэн. Тэнд орж төмөр хатагтай эсвэл мяндсан хатагтайн царай гаргаад сууж болох байсан. Магадгүй хувь амьдралдаа хэрэгтэй, үр хүүхэддээ үлдээх пүүс компани ч юм уу, ядахдаа ганц хэвлэлийн газартай болж болох байсан. Эрх мэдэл гэдэг эд хөрөнгийн баталгаа болчихсон өнөө цагийн өнгөнд хүн бүрийн л хүсэх зүйл мөн биз. Харин би өөрийгөө тэгж худалдаагүйдээ өнөөдөр баярладаг.
Та ханийнхаа юунд нь хамгийн ихээр сэтгэл татагдсан бэ?
– Ишикава Такубокугийн шүлэг. Гуйлгачин хүн шалбааг дотроос ширхэг цагаан сувд олоод баярласан шиг би чамайг олоод баярласан юм гэж. Хүнд өөрийгөө ганцаардлаар чимэх нас гэж байдаг. Залуу Вертерийн шаналан гэгчээр. Яваад л байна, түүгээрээ гоёно, гангарна. Хааяа гуниглана. Имиж хийнэ. Тэр чинь бас гоё л доо. Ингээд нэг өдөр уйддаг. Эр, эм ялгаагүй бүгдэд л ийм байдаг байх. Эрчүүд чинь өөрийгөө нээж чаддаггүй л болохоос эм амьтад шүү дээ. Яруу найраг бол эр хүний эм сэтгэлийг, эм хүний эр сэтгэлийг нээх гэж бий болсон юм. Миний эм чанар бус эр чанар их давамгайлаад байх үед буюу эмэгтэй байхсан гэж хүсэж байсан тэр үед миний хань надтай учирсан юм. Тэр цагаас хойш эмэгтэй хүний амьдралаар амьдрах бас сайхан байна. Гэр орноо сайхан байлгах, гоёж гоодох, үр хүүхдээ усанд оруулах хүртэл хөөрхөн гээч. Энэ бүхэн сайхан л даа. Эд бүгдийг би яагаад дэлгээд байгаа юм бэ гэвэл энэ бол эмэгтэй хүн болгонд байдаг, тохиолддог амьдралын мөчлөг юм. Энэ бол нууц биш. Хулан үүнийг дэлгэснээрээ нууцаа алдчихлаа гэж би үзэхгүй байна. Үүний цаана гуниг бас байдаг юм. Уран бүтээлч хүн, эмэгтэй хүн эр хүнээс өөрийгөө авч үлдэх гуниг байдаг. Үүнийг би харин дэлгэрэнгүй хэлэхгүй ээ. Ханийн минь сэтгэл татсан чанар гэвэл даруухан, төвшин, олон үггүй найдвартай. Бүсгүй хүн бүрийн эрчүүдээс хайж явдаг чанар байна.
Ялангуяа найдвартай нь…?
Өнөө цагт ховордчихсон “бараа” ш дээ. Гэхдээ би төгс эр хүнтэй суугаагүй ээ. Ихэнх бүсгүйчүүд төгс эр хүнийг хайцгаадаг. Би ч залуудаа тэгж алдаж явсан биз. Гэхдээ төгс төгөлдөр эр хүн хэзээд байдаггүй. Үүнийг хүмүүжүүлж, бий болгож авдаг. Бий болгосон хойноо л алдахгүй байхыг хичээх ёстой. Манай Б.Баярцэцэгийн дуу байдаг даа, “Хайрыг олохоос илүү хадгалж явах хэцүү” гэж үгтэй. Үнэн шүү.
Удтал хүлээлгэсэн болоод ч тэр үү, эсвэл найрагч хатагтайг гайгүй сайн мэднэ гэж өөртөө итгэдэгийнх үү, их л дэврүүн, ил цагаахан, бас эмоцитой өрнөсөн бидний яриа найрагч бүсгүйн хувьд байдаг өдөр тутмын эгэл төрх нь биз ээ.
www.URLAG.mn