Хаа сайгүй яарсан хүмүүс. Амьдрал буцалж, секунд бүр нь ямар нэг зүйл сануулдаг хотдоо би хайртай. Гэхдээ яаруу нийгмээс болоод, сэтгэл хөдлөл, мэдрэмжиндээ ч яаруу хандахыг би лав өөртөө зөвшөөрдөггүй. Харин чи? Ямар зүйлсэд яасан ч яарч болохгүй талаар зөвлөж байна.
1. Ам бүлээ нэмэхэд
“Ачийнхаа зулайг үнэрлэмээр байна” гэж хэлсэн ээжийгээ өрөвдөж хайрласандаа ч юм уу, “Хоёулаа хурдан хүүхэдтэй болъё” гэсэн нөхрийнхөө үгэнд сэтгэл хөөрөөд ийм шийдвэрийг яаруу гаргаж болохгүй. Хамтдаа амьдраад наад зах нь 2 жил болсны дараанаас хүүхдийн тухай ам нээж эхлээрэй. Хоёр жилийн дараа л бие биенийхээ сайн муу талуудад дасаж, яаж зохицохоо ойлгож эхэлдэг. Бие биенийгээ хангалттай сайн таньж чадаагүй хирнээ, “шинэ хүн”-ийг хамтдаа өсгөж хүмүүжүүлнэ гэдэг маш хэцүү. Мөн хоёулахнаа өнгөрөөх шөнүүдийн жаргалыг ч ханатлаа амтлах хэрэгтэй.
2. Гэрлэхэд
Та хоёр үнэхээр бие биедээ хайртай бол, дараа хэзээ л бол хэзээ гэрлэчихэж болно. Тиймээс яарах хэрэггүй, уулзалт болгон чинь болзооны хэдхэн цагаар л хязгаарлагдаж, бие биенийхээ гэрийнхнийг эзгүйчлэн байж хамтдаа шөнийг өнгөрүүлж байгаа нь ч бас дараа нь бодоход хөгжилтэй дурсамж болно. Найз залуу чинь хурдан чамайг эхнэрээ болгомоор байна гэж ятгаж байсан ч өөрийнхөө зүрх сэтгэлийг баттай болтол “баттай” үйлдэл битгий хийгээрэй. Энэ бол чиний амьдралдаа ганцхан хийх чухал сонголт, гэрлэлтийн туршид тохиолдох олон саад бэрхшээлээс ядаж чимхийн төдийд амсаж, түүнийг даван туулж үзсэнийхээ дараа шийдвэрээ гаргахыг Гоолингоо нь чамаас хүсэж байна. Гэрлэлтээ батлуулах бол юухан байх вэ, дүүрэг дээр очиж гарын үсэг зураад л болно, тийм биз дээ?
4. Эрдмийн зэргээ нэмэхэд
Чамаас бусад нь бүгд магистр, доктороо хамгаалчихсан юм шиг санагдаж байгааг мэдэж байна аа. Гэхдээ зөвхөн юм бүхнээс хоцрохгүйн тулд хийсэн сонголт зөв байдаггүй гэдгийг санаарай. Одоог хүртэл хүсэл мөрөөдлөө олоогүй байгаа бол, өөртөө дахиад жаахан цаг олго. Магадгүй жинхэнэ мөрөөдөл чинь ямар ч эрдмийн зэрэг шаарддаггүй зүйл байсан ч юм билүү? Насан туршид аз жаргалтайгаар хийж чадах ганц зүйлээ олчихоод, түүндээ хэрэгтэй мэргэжилээр эрдмийн зэргээ нэмбэл хамаагүй илүү үр дүнтэй.
5. Хайртай гэж хэлэхэд
Би чамд хайртай гэдэг үгийг Үрлээ шиг тийм амархан хэлээд байж болохгүй шүү. Хэр баргийн юман дээр хээвнэгхэн инээж зогсдог ч гэсэн, эрчүүд бол зүрх сэтгэлтэй хүмүүс. Зүгээр л сэтгэлийн хөөрлөөрөө хэлсэн үгээр чинь амьдралаа шийдчихвэл яана? Хатагтай нар аа, бид эрчүүдийн зүрхийг эзэмддэг үзэсгэлэнт хатан байх ёстой болохоос, шархлуулагч мөсөн хатан байх ёсгүй.
6. Харсан даруйдаа худалдаж авахад
Hermes-ийн биркини байсан ч, Лүүбүүтаны улаан улт байсан ч шууд худалдаж авах хэрэггүй. Дараа нь тэр мөнгөөрөө илүү дээр зүйл авдаг байж дээ гэж харамсаж магадгүй. Ямар нэг хувцас нүдийг чинь унагавал нэг харчихаад л орхичих. Маргааш нь ч гэсэн тэр хувцас чиний толгойноос гараагүй, шуналыг чинь хөдөлгөсөн хэвээр байвал очоод авчих. Харин хэдхэн цагийн дараа тэр тухай аль хэдийн мартчихсан явж байвал, авах хэрэггүй. (…гэснээс энэ аргыг зөвхөн хувцсан дээр ч биш, эрчүүд дээр ч гэсэн хэрэглэж болох юм байна шүү)
7. Хүнийг дутуу үнэлэхэд
Хүнийг ганцхан хараад бүрэн дүүрэн, үнэн дүгнэж чаддаг хүн нэг ч байхгүй. Учир нь хүний мөн чанар, жинхэнэ араншин нэгхэн хоромт ил гарна гэж байдаггүй. Түүнтэй ярилцаж, муу сайн өдрүүдийг хамтдаа өнгөрүүлж байж л “хэн” гэдгийг нь таньж чадна. Тиймээс хэн нэгнийг анх хараад дүгнэлт өгөх хэрэггүй. Хэдий тэр чамтай танилцах үедээ алдаа гаргасан байж болох ч, алдаагаар нь биш оноогоор нь хүнийг үнэлэх нь бүсгүй таны зарчим байх ёстой. Хэн нэгнийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй, бидний хүмүүсээс хардаг хэсэг бол мөсөн уулын зөвхөн орой хэсэг. Түүний доор хичнээн агуу том мөсөн уул байгааг бид удаан хамт байхаас нааш мэдэхгүй.
www.URLAG.mn