“Тэр чинь би” шоу драмын завсарлагаанаар Мөрөөдлийн театрын жүжигчин О.Дөлгөөнийг түр саатуулж, хүсэл мөрөөдөл, бүсгүй хүнийх нь нууцлаг ертөнцөөр хамтдаа аяллаа.
-Мөрөөдлийн театр энэ сарын 5-наас “Тэр чинь би” шоу драмаа үзэгчдэдээ толилуулж байна. Энэхүү жүжгийн хэлэх гэсэн санаа үзэгчдийг их татаж байх шиг санагдлаа?
-Хүмүүс манай жүжгийг өөр өөрийнхөөрөө хүлээж аваасай гэж бид хүсэж байна. Тиймээс “Бид ийм л санаа гаргахыг зорьсон. Үзэгчдэд тэгж л хэлэхийг хүссэн” гэх мэтчилэнгээр үзэл санаагаа тулгах нь буруу гэж боддог.Ерөнхийдөө бид мөнгөөр бүгдийг шийдэж болдог юм болов уу? гэдэг асуултад хариулт өгөхийг зорьж байна.
-Мөнгө таны амьдралд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Мөнгө ажил, хөдөлмөрийг дагаад л явж байдаг зүгээр л хэрэглээ.Аав, ээжээсээ мөнгө авах үедээ авдаг. Гэхдээ сургуулиа төгсөөд, ажил төрөлтэй болчихсон болохоор аль болох мөнгө нэхэхгүйг хичээдэг. Миний олж байгаа мөнгө хэрэгцээнд маань хангалттай хүрэлцдэг учраас “Мөнгө яаж олох вэ” гэж шаналах шаардлага гардаггүй.
-Хүмүүс урлагийн ертөнцийг гаднаас нь хараад, мөнхийн гэрэл гэгээтэй, сайн сайхны туйл мэт төсөөлдөг. Гэтэл энэ ертөнцөд хөл тавьж, анхны бэрхшээлтэй учирмагцаа л “Энэ бол миний мөрөөдөж байсан ертөнц биш” гэдэг. Танд тэгж бодох үе тохиолдов уу?
-Би СУИС-ийг төгсөөд жил ч болоогүй байна. Мөрөөдлийнхөө ертөнцийн хаалган дээр л зогсож байгаа болохоор тэгж шантрах зүйлтэй хараахан тулгараагүй.Хүмүүс жүжигчин гэхээр л баян тансаг амьдрал дунд хөлбөрч, дутагдаж гачигдах зүйл, зовлон бэрхшээлгүй амьдардаг гэж ойлгодог. Гэтэл бодит амьдрал тийм биш шүү дээ.Намайг жүжигчин болсон гэхээр ойрд уулзаагүй найзууд маань хүртэл тааралдахаараа айхтар сонжиж хардаг болчихсон. Надад өөрчлөгдсөн юм байхгүй. Өмнө нь байсан Дөлгөөнөө хэвээрээ л байгаа. Сугалаанд сая доллар хожчихсон юм шиг гэнэт өөрчлөгдөж, баян тансаг амьдралд хөлбөрнө гэж юу байх вэ.
-Дипломоо ч аваагүй байхдаа “Амьдралд тавтай морил” олон ангит кино, “Миний нууц хүү” жүжгийн гол дүрийг бүтээж, олонд танигдаж эхэлсэн. Энэ нь сургуулиа төгссөний дараа ажилд ороход ч том давуу тал болсон байх?
-Тийм ээ. Би их азтай. Урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль, авьяас чадвартай хүүхэд ч олон. Би сайн уран бүтээлч ах, эгч нарын ачаар гарцаа зөв олсон гэж боддог.
Юугаа ч мэдэхгүй жаахан охинд итгэж, гол дүрээ өгсөн уран бүтээлч ах, эгч нартаа их баярладаг. Энэ нь нэг талаар надад асар том хариуцлага оногдуулсан. Тэр олон хүний итгэлийг дааж гарна гэдэг хэцүү. Би тэдний итгэлийг насан туршдаа дааж явах үүрэг хүлээсэн. Тиймээс сайн уран бүтээлч болохын төлөө хичээж л явна.
-Яг одоо таны амьдралын хамгийн том баялаг юу байна вэ?
-Надад юу ч тохиолдсон ээж минь хажууд байхад би тэр бүхнийг даваад л гарна. Ээж минь надад үргэлж амар амгалан, урам зориг бэлэглэдэг. Ээжтэй хүн л энэ хорвоогийн хамгийн баян хүн байдаг.
-Залуу насандаа Мөрөөдлийн театрын хамт олон болон амьдралаас юуг хамгийн сайн суралцъя гэж боддог вэ?
-Бид бол өөр, өөр орчинд өсөж хүмүүжсэн, янз бүрийн үзэл бодолтой хүмүүс. Гэтэл уран бүтээл, хамт олноо гэсэн сэтгэлээр хамтран ажиллаж байна. Тиймээс ч би хамт олноороо ямагт бахархдаг. Эв нэгдэл, бусдыгаа гэсэн сэтгэлээс нь ахиухан суралцах юмсан гэж хичээж л явна. Манай театр байгуулагдаад, нэг жил ч болоогүй байна. Гэвч хамт олон маань миний хоёр дахь гэр бүл болж чадсан.Би одоо залуу байна. Тиймээс нэг их настай хүн шиг “Амьдрал бол…” гэж яриад яах вэ. “Яаж амьдрах вэ” гэдэгт суралцаж л байна.
-Амьдрал дээр болон тайзан дээрх Дөлгөөнөө хоёрын ялгаа нь?
-Ер нь зөөлөн талдаа, их уйланхай хүн шүү дээ. Болоод өнгөрсөн зүйлийг эргэж санаад л уйлаад байдаг. Бас амархан мартдаг. Гудамжинд тааралдсан гөлгийг хүртэл өрөвдөөд, аваад харьчихмаар санагддаг.
-Жүжигчин хүн олон хүний амьдралаар амьдарч үздэг болохоор их азтай юм шиг санагддаг. Гэвч аливаа зүйл хоёр талтай байдаг болохоор эмгэнэлтэй зүйл ч бас байдаг л байх?
-Жүжигчин хүний туйлын зорилго бол дүр бүтээх. Зарим жүжигчинг харахаар тоглосон дүр бүр нь харагддаг. Энэ бол гайхамшиг. Гэтэл зарим нь өөр хувцас өмсчихсөн л болохоос биш өөрөө л яваад байдаг. Энэ бол жүжигчин хүний эмгэнэл.
-Тоглосон дүрээс нь хувь жүжигчин өөрөө харагдах нь буруу юу?
-Дүр бүтээхэд асар их судалгаа бас туршлага хэрэгтэй. Миний хувьд эсрэг талын дүр бүтээхэд одоохондоо туршлага дутах байх. Гэхдээ найруулагч оноогоод өгчихвөл өөрийнхөө нөөц боломж, авьяас чадвар бүхнийг шавхаад, дүрээ бүтээхийн төлөө л ажиллана. Одоохондоо тоглож байгаа дүр бүр маань дүр бүтээхийн төлөө хийж байгаа оролдлого төдий л байна.
-Амьдрал бол тайз гэдэг. Энэ тайзан дээр ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?
-Эерэг талын дүр гээд хэлчихвэл өөрийгөө магтсан болчихдог юм болов уу. Одоогоор гэр бүлийн амьдрал зохиох эрт байна. Ойрын таван жилдээ уран бүтээлдээ л анхаарлаа хандуулна. Тиймээс ажлаас өөр зүйл бодогдохгүй байна.
-Таныхаар гоо үзэсгэлэн баялаг мөн үү?
-Хүн өөрөө ухаантай байвал баялаг болгож чадна. Бурхан танд юуг бусдаас илүү заяасан байна вэ, түүнийг зөв ашиглаж сурах хэрэгтэй. Харин буруу замаар будаа тээвэл юу ч биш болгочихно. Сүүлийн үед сайхан хүүхнүүд баян хүнтэй гэрлэчихвэл л насны баялгаа бүтээчихлээ гэж боддог болчихож. Энэ бол буруу ойлголт.
-Өөртөө болон өрөөлд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Би бусдыг шүүмжлэх хэмжээнд хүрээгүй ч өөртөө нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Толинд харж байгаад өөртэйгөө ярина. Хүн бурхан, бөө зэрэг гадны зүйлд гэхээсээ илүү өөрийнхөө дотор хүнтэй сайн зөвлөж, түүний үгийг сонсож байх хэрэгтэй.
-Таны доторх хүн хэр зөрүүд вэ?
-Их зөрүүд. Ямар ч үед хурдан шийдвэр гаргуулдаггүй. Гэхдээ тэр хүнийг хэзээ ч гомдоож болохгүй. Түүнтэй сайн зөвлөлдсөний эцэст л зөв шийдвэр гаргаж чаддаг. Угтаа бол миний махбод, ухаан хоёр л зөрчилдөж байгаа гэсэн үг шүү дээ. Тиймээс тэр надад буруу зүйл зөвлөхгүй.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Ц.Баттуяа