Хуурын хос чавхдасаар хорвоогийн явдлыг хүүрнэх гарамгай хуурчдын хэн нь хэн болох талаар товч мэдээлэл бэлтгэлээ. Зөвхөн монгол туургатанд заяасан хялгасан утас, ширэн цартай морин хуураар хүссэн бүхэн хөгжимдөөд байдаггүй. Чаддаг нь ч дуулж, ярьж, магадгүй уйлж байгаа мэтээр тоглох манлай хуурчид шигээ хүмүүний сэтгэлд оч гялалзтал хөгжимддөггүй. Хос чавхдасын уянгаар туньсан хосыг уярааж, өвдсөн хүнийг ч эдгээх эрдэмтэй монгол туургатны манлай хуурчид хэн бэ.
ГУРВАН НУТАГТАН ЧИ БУЛАГ
БНХАУ, Япон, Монгол Улсад нэр нь тод алдарт морин хуурч Чи Булаг монгол туургатны манлай хуурчдын бүлэгт хүндтэй байр эзэлнэ. Түүний хэрхэн хуурддагийг монголчууд мэддэг болсон. Түргэн хэмнэл, налархай хөдөлгөөн, заримдаа эр бярыг харуулах мэт сүр бараатай тоглолтоор нь дэг сургуулийг нь андахгүй. Хятад улсын Морин хуурын нийгэмлэгийн тэргүүн түүний алдарт “Түмэн агтын төвөргөөн” бүтээлийг манай хуур сонирхогчид сайн мэднэ. Монголын морин хуурчид түүний тоглох манерын талаар “Чи Булаг гуай арай л сүржин даржин юм. Уг нь хуур тоглоочоо өөрөө аяндаа хөтлөөд явдаг. Хөдөлгөөн нь жаахан илүү ч юм шиг гэж байсан удаатай. Энэ нь морин хуурчийг шүүмжилж, гоочилсон хэрэг биш юм. Төрсөн сэтгэгдлээ л хуваалцсан хэрэг. Нэрт хуурч Чи Булаг тоглох арга барилын өөрийн гэсэн дэг сургуулиа шавь нартаа уламжлуулсаар, морин хуураа дэлхий нийтэд сурталчилсаар яваа. Морин хуурыг монгол түмэнд өвгө дээдсээс үлдээсэн бурхны хөгжим хэмээн хүндэлдэг тэрбээр Австри улсын Венийн филармонийн алдарт алтан тайзнаа тоглосноор БНХАУ-ын уран бүтээлчдийн тухайд энэхүү тайзнаа тоглосон хоёр дахь хүн болсон юм билээ.
Өвөр Монголын Хорчин нутагт төрж өссөн, монгол үндэстний бусдаас ялгарах соёлын үнэт өв морин хуурт бага наснаасаа суралцсан тэрбээр өвөрмонгол, хятад, япончуудад бүлгэмийн хүрээнд морин хуур зааж, тоглолт зохион байгуулсаар ирсэн. Харин эдүгээ сургууль байгуулаад буй. Тэрбээр Япон улсад олон шавьтай. Тус улсад удаан хугацаагаар саатдаг тул гэр орон ч төвхнүүлсэн юм билээ.
АРГАДАН УЧИРЛАН ТОГЛОДОГ “АРДЫН” Ч.БАТСАЙХАН
Морин хуурч Ч.Батсайхан монгол ардын уртын дуу, ардын сайхан татлагууд сайхан тоглодог. Монгол Улсын ардын жүжигчин болтлоо хэр олон удаа хэчнээн дуу, аялгуу хөгжимдсөн гэх вэ. Түүний төрийн хошой шагналт Н.Жанцанноровын морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт тоглохыг сонсоод л баймаар. Зохиолын дунд хэрд өөрийн эрхгүй аргадан учирлах мэт эгшиглүүлэх хуурын гоцлол байдаг юм. Ээж нь хүүдээ сургааль айлдаад байгаа ч юм шиг, үгүй бол ширүүхэн загначихаад уучлалт гуйх мэт аргадаад байгаа ч юм шиг, хөгжим тоглох биш, үг хэлээр хоорондоо ярилцаад байгаа ч юм шигээр хуур татах нь гамшиг. Н.Жанцанноровын уг бүтээлийг хуурч 1979 оны “Алтан намар” хөгжмийн наадамд тоглож, сонсогчдын хүртээл болгон моринхуур, симфони оркестртой хэрхэн зохицдогийг харуулсан түүхтэй. Үүнээс хойш хэд хэдэн хөгжмийн зохиолч морин хуурт зориулсан концерт бичсэн нь амжилттай болсон.
“Ардын” Батсайхан Хөгжим бүжгийн дунд сургуулийг морин хуурч мэргэжлээр төгссөн цагаасаа хойш өнөө хүртэл ҮДБЭЧ-ын ардын найрал хөгжимд ажиллаж буй, эдүгээ найрлынхаа нэгдүгээр хуурч нь. Монгол түмний сонсч дадсан морин хуурын дөрвөлийн олон сайхан бүтээл байдаг. Уг дөрвөлийн нэг нь “ардын” Батсайхан юм. Нөгөө гурван уран бүтээлч нь бол ардын жүжигчин Ц.Батчулуун, морин хуурч И.Цогтсайхан, их хуурч асан Т.Ганбат нар.
ХУУРЧИЙНХАН ОВОГТ Ц.БАТЧУЛУУН
Ардын жүжигчин, Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, СУИС-ийн доктор, профессор Ц.Батчулууны хийж бүтээж, удирдан тоглуулж буй бүтээл туурвил ард түмний нүднээ ил. XX зууны төрийн их морин хуурч Г.Жамъянгийн гарын шавь тэрбээр нийгмийн шилжилтийн амаргүй он жил 1992 онд Морин хуурын чуулгыг залуухан хуурчдаас бүрдүүлэн байгуулсан. Тухайн үед дутагдаж, гачигдах асуудал байсан ч бэрхшээл бүхнийг даван туулсаар өнөө урын сангаар баялаг, олон сайн хөгжимчинтэй Монгол Улсынхаа нэрийн хуудас, монголчуудынхаа бахархал болсон Морин хуурын чуулгыг батжуулан бэхжүүлээд байна. Ц.Батчулуун багш одоо боллоо, мэддэг, чаддаг гэж хэзээ ч боддоггүй, үргэлж шинийг сурч мэдэхийн төлөө, хөгжиж дэвжихийн төлөө зүтгэдэг нэгэн. Тэрбээр “Япон” сангийн дэмжлэгээр Токиогийн угсаатны зүйн музейн профессор Томико Кожима, Осакагийн урлагийн их сургуулийн багш, доктор, профессор Ямагучи Осаму нарын удирдлага дор урлаг судлалын чиглэлээр судалгааны ажил хийж мэргэжил дээшлүүлсэн соёл, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШАГНАЛТ Л.ИДЭРБАТ
“Найман шаргын магтаал” тууль, “Хөхөө намжил” морин хуурын домог, “Тэмүүжин” зэрэг бvтээлээрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн морин хуурч, гавьяат жүжигчин Л.Идэрбат манай улсын шилдэг хуурчдын нэг. 1962 онд Төв аймгийн Лүн сумаас ааваараа хөтлүүлж хот орж ирэн ардын жүжигчин, төрийн хошой шагналт Л.Мөрдорж багшид шавь орж байсан тэрбээр найман хуур элтэл тоглосон “архаг” уран бүтээлч. Түүний гарын бүтээл, нэрийн хуудас болсон зохиол нь “Хөгжлийн хурдаар” хэмээх гоцлол. Гадаадын олон ч улс оронд энэхүү бүтээлээ эгшиглүүлж явахдаа морин хуур гэдэг дэлхийд ганц хөгжмөө хайрлан хайрлан судалж шинжилсээр ирсэн. Тэрбээр явсан газар бүртээ морин хуур хөгжмөө таниулж сурталчилж явах. Монгол хуур Монголдоо л дуугарна. Хилийн дээс алхахад л адууны хялгас, ширэн цар нь чийг даагаад паг болдог. Тийм болохоор Г.Жамъян багш хуурыг модон цартай болгосон юм. Сүүлийн үед морин хуурчид гадаадад олонтаа явдаг болсон болохоор хялгасыг сатуркаар орлуулах болсон нь аргагүй гэх зэргээр морин хуурын тухай нэгийг ч болов хэлээд өгчихсөн гэж хичээнэ.
НЭГДҮГЭЭР ДЭСИЙН ХУУРЧ Б.ДАРМАА
Монгол туургатны манлай хуурчдын нэг бол БНХАУ-ын нэгдүгээр дэсийн хөгжимчин, морин хуурч Б.Дармаа юм. Шинэ цагийн Ордос нутгийн анхны морин хуурч тэрбээр ӨМӨЗО-д морин хуур хөгжмийг дэлгэрүүлэх үйлсэд амьдралаа зориулж яваа багш, сурган хүмүүжүүлэгч. Өвөр Монголд морин хуур тоглох “Чи Булагийн” болон “Дармаагийн” гэсэн хоёр янзын арга барил байдаг гэж үздэг. Хөгжимдөх урлагийн нэгэн урсгал түүний нэрээр овоглох хүртэл хуур хөрөөдөж, ухаан зарсан тэрбээр багш болсноосоо хойш нийт 500-гаад хүүхдэд морин хуур заажээ. Хөлөнбуйрын малчин охидыг сургаж “Талын охид” чуулга байгуулсан. Манай улсад 2008 онд болсон Морин хуурын олон улсын анхдугаар наадамд энэ хамт олноо авчирч тоглолтыг нь монгол болон уг наадмыг зорьж гадаадаас ирсэн уран бүтээлчид, жуулчдад сонирхуулсан билээ. Дараа нь Ордосын Ү-Шин хошуунд байгуулсан Морин хуурын чуулгатайгаа ирсэн. ӨМӨЗО-ы Засгийн газар тус хошууг морин хуурын төв болгон зарлаж, морин хуурын музей, ордон ч байгуулсанд багш гүнээ талархаж явдаг юм билээ. Монгол Улсын маань морин хуурчид Б.Дармаа багшийн хичээл зүтгэл, тоглох ур чадвар, заах арга барилд ихэд хүндэтгэлтэй ханддаг.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин