Түүнийг би анх таван настайдаа зурагтаар дуулж байхыг нь харж байв. Тэр цагаас хойш 20 жилийн дараа буюу өнөөдөр уулзаж ярилцах боломж өчүүхэн надад олдож буй нь энэ. Түүний дэргэд өөрийгөө өчүүхэн гэж хэлэхгүй хүн бараг үгүй биз. Тэр хэзээний л ганган дэгжин, хүрээ донжтой ийм л өвөө байв. Хамгийн гол нь тэр гайхалтай хөдөлмөрч, сонгодог дуучин. Хэний тухай яриад байгааг минь уншигч ахайтан та аль хэдийнэ мэдсэн байх. Энэ эрхэм бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав юм.
-Миний хувьд таныг уншигчидтайгаа уулзуулж байгаадаа тун баяртай байна. Тэднийхээ өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан хаваржиж байна уу?
-Баярлалаа. Сайхан хаваржиж байна аа. Өвөө нь олон ч сайхан хаврыг үзэж явна. Гэхдээ энэ жил илүү сайхан хавар болж байх шиг санагдаад байгаа.
-Та сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна. Таныг гар хумхиад зүгээр суух хүн огт биш гэж уран бүтээлчид үздэг юм билээ?
-Зүгээр суугаагүй ээ. Улсад 69 дэх жилдээ ажиллаж байна. Би 1944 онд Үйлдвэрчний хороонд гишүүнээр элссэн хүн. Энэ хооронд эх орныхоо соёл урлагийн төлөө зүтгэж явлаа. Өөр бусад ажил ч хийсэн. Сургууль байгуулж хүртэл үзлээ. Түүнийг минь төгсч, мэргэшсэн хүмүүс эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад явж байна. Шавь нар дэлхийн олон улсад хаа сайгүй л уран бүтээлээ туурвиж байна. Үүнд нь их баярлаж явдаг даа. Багш хүний жаргал шавиараа бахархах юм.
-Хилчидтэй анх уран бүтээлээрээ хэрхэн холбогдов. Л.Мөрдорж агсан та хоёрыг сайхан андууд байсан гэлцдэг?
-Энэ их сайхан асуулт байна. Баярлалаа. Би яагаад баярлаж байгаа юм гэхээр “Түүхт хил” гэж миний хайртай дуу бий. Монгол төр, монгол түмэн олон дайны хэцүү цагт хил хязгаараа баталгаажуулж түүнийгээ хамгаалж ирсэн түүхтэй. Энэ эх оронд гадны этгээдийн саврыг хүргэхгүй юмсан гэдэг үйл хэргийн төлөө монгол түмэн үеийн үед тэмцэж ирсэн. Үүний дотор хилчдийн гавъяаг юутай ч зүйрлэмгүй агуу юм. Л.Мөрдорж үнэхээр миний найз байсан. Би ХЦДБЧ-ыг түүний нэрэмжит болсонд их талархаж явдаг. Ард түмэн ч баярлан хүлээж авсан. Би түүнтэй 1940-өөд оноос эхэлж нөхөрлөсөн юм. Өнөөдрийг хүртэл түүний цэрэг, эх орны сэдэвтэй олон сайхан дуу дуулагдсаар байна. Тиймээс би түүнийг уран бүтээлээрээ өөрийгөө мөнхөлсөн хүн гэж хүндэлж биширч явдаг.
-“Түүхт хил” дууг анх дуулж үзэгч түмэнд хүргэж байсныг хилчид сайн мэднэ. Энэ дуу та хоёр хэрхэн “уулзаж” байв?
-Өвөө нь “Түүхт хил”-ийг 1940-өөд оноос хойш дуулж байна даа. Энэ дуундаа би их хайртай. Ард түмэн ч дуртай байдаг. Өнөөдрийг хүртэл “Түүхт хил” бид хоёр тайзан дээр хамт амьдарч явна. Энэ их мундаг үгтэй дуу шүү дээ. Агуу сайхан эх оронд минь хэн ч халдах ёсгүй гэсэн утгатайг хилчид юу эс андах вэ. Энэ бол эх орны манаа болсон хилчдийн сүлд дуу. Энэ бол байсан, байгаа, байсаар ч байх дуу. Хилчид байгаа цагт эх орны цаашдын ирээдүй гэрэл гэгээтэй байх болно. “Түүхт хил” дууны уран сайхан нь дууг зохиосон хүний ухаан сэтгэлээр илэрч байгаа юм. Аливаа дууны яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин гурав сайн нийцэж байж сая сайхан дуу гардаг. Тэгэхээр энэ дууны хоёр зохиогч бол орчин үеийн хэллэгээр үнэхээр мастерууд юм. “Түүхт хил” дууны шүлгийг анх уншихад эх орны тухай ямар гоё дүрслээ вэ хэмээн биширсэн. Л.Мөрдорж гуай ч “Монголын хил хязгаар хэн ч халдашгүй дархан юм гэдгийг энэ дуугаараа дамжуулж хүмүүст хүргэхийг хүссэн юм. Тийм болохоор чамайг олны хүртээл болгож чадна гэж найдаад дуугаа өгч байгаа юм шүү” гэж хэлсэн. “Үүл нүүж цахилгаан бадарсан тал Үер бууж сүрийг үзүүлсэн газар Энэ бол миний эх орон Эзэн бидний алтан өлгий…” (дуулав) Дуучин хүн гэдэг тэр бүтээлийнхээ утгыг мэдэрч, дотор нь орох ёстой. Ингэж гэмээнэ дуу амилдаг юм. Л.Мөрдоржийн ая, миний гүйцэтгэл хоёр нийлж олны хүртээл болж чадсан. Бусад дуу ч адил. Би өнөөдрийг хүртэл 700-аад дуу дуулсан байдаг. Үүнд сонгодог болон зохиолын, орчин үеийн дуунууд бүгд багтана. Монголчууд цөөхүүлээ болоод ч тэр үү их эх оронч хүмүүс шүү дээ. Харин сүүлийн үеийн хүмүүс даяаршлын нийгэмд гадаадын улсад амьдрахыг илүүд үздэг болж л дээ. Гэхдээ миний үеийнхэн хэзээ ч ингэж чадахгүй. Тиймээс эх орны тухай дуу хөгжимдөө ч их хайртай байдаг. Тэр дундаа “Түүхт хил” дуу надад хэн ч халдашгүй эх орныг минь мэдрүүлдэг учраас би илүү хайртай. Ер нь хил хязгаараа эрхэмлэн дээдэлдэг хэний ч сэтгэлд сонгодог болон хүрч очих хэмжээний дуу даа. Мөн Л.Мөрдорж гуайн надад өгсөн бас нэг дуу нь “Ган зам” юм. Энэ бас их сайхан дуу. Үүнийг би анх пянзанд дөнгөж бичүүлчихээд Улаанбаатараас Бээжин, Бээжингээс Улаанбаатар хүртэл олон жил дуулж явсан.
-Та намайг бага байхад яг л энэ янзаараа дуулж харагддаг байж билээ. Гэтэл өнөөдөр миний анх харж байснаас өөрчлөгдсөн зүйл төдийлөн алга. Тэгэхээр энэ бол яалт ч үгүй урлагийн буян гэж ойлгож байна. Та санал нийлэх үү?
-Бүрэн нийлнэ. Би урлагийн алтан тайзан дээр насаараа амьдарч явна. Одоо ч дуулж байгаа. Энэ бол эх орондоо урлагаар үйлчилж, түүний төлөө гэсэн чин хүсэлтэй байсны минь буян юм. Соёл, урлаггүй нэг ч гүрэн, улс, үндэстэн ястан байхгүй. Тиймээс урлаг гэдэг ард түмнийхээ өмнө далбаагаа бариад түрүүлж явах учиртай чухал зэвсэг гэж бидэнд багш нар маань зааж билээ. Миний хувьд урлагт энэ олон жил хөдөлмөрлөсөн ахмад уран бүтээлчдээ маш ихээр хүндэлж хайрлаж явдаг. Тиймдээ ч залуу уран бүтээлчиддээ биднийг халааг сайн залгамжилж яваарай гэж сургах байна. Эднийхээ гарыг ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэчих юмсан гэж хичээж явдаг хүмүүсийн нэг төлөөлөл нь би юм.
-Энэ олон жил урлагт зүтгэхдээ маш олон тайзан дээр гарсан нь мэдээж хэрэг. Та анх хэдэн онд хаанахын тайзан дээр гарч байв?
-Найман настай байхдаа багшийнхаа зааж өгсөн Оросын тосгоны тухай дуу дуулж билээ. Манайд Ленин клуб гэж байлаа шүү дээ. Тийм нэртэй дүнзэн байшин байсан юм. Тэр миний анхны тайз байлаа. Энэ бол 1935 он. Дуулсан дуу маань Ленин цахилгаан гэрлийг түгээсээр нэгэн жижигхэн тосгонд ирж байгаа утгатай. Нэхий хөдсөн дээлтэй найман настай хүү анх тайзан дээр гарч байгаа нь тэр. Тэр үед тайзан дээр гараарай гэхээр нь харанхуй дундуур таамгаар явж очоод л зогссон. Хүмүүс нир хийтэл инээлдээд явчихдаг байгаа. Багш маань тайзны цаанаас “Эргээд хар” гэж хашгирч байна. Буруу хараад зогсчихсон байж л дээ. (инээв) Тэгж би анх олон хүний алга ташсан сайшаалаар шагнуулсан. Түүнээс хойш урлагт дурласан даа. Хөдөө лаатай, хотод гэрэлтэй айл ховор байсан. Хамгийн тод гэрэлтэй нь “Ленин клуб” байсан юмдаг. Орос хэл огт мэдэхгүй ч тухайн үедээ сонсголоороо сурсан. 1970 онд “Та тэр дуугаа одоо санах болов уу” гээд нэг хүн асуухаар нь хэсэг бодоод, санаж байж билээ. Гэтэл өнөөгийн хүүхдүүд нэг дууг зургаан сар оролдоод сурахгүй байна гэх юм. Үнсэн самбар дээр бичиг заалгадаг байсан бид сурах шиг сурч, ой тогтоолт ч сайн байсан юм болов уу гэж би боддог. Анх тайзан дээр гарснаас хойш улсынхаа хэмжээний урлагийн бүх байгууллагын тайзан дээр гарлаа. Гадаадын 30 гаруй улсын тайзан дээр ч гарч дуулсан байна. Мөн 30 гаруй хэлээр дуулж үзлээ. Өнөөдрийн байдлаар урлагийнхан дундаа хамгийн ахмад нь бөгөөд хамгийн олон тайзан дээр гарсан хүн нь би байдаг юм. Хятадад очоод 40 мянган хүний өмнө гараад дуулж үзсэн. Мөн өөрийнхөө шавь МУГЖ С.Жавхлангийн хамт Дундговь аймагт очиж тоглолт хийхэд 50 мянган хүн үзсэн юм билээ. Ийм тооны үзэгчийн өмнө гарч дуулсан хүн Монголд хуруу дарам цөөн байгаа биз ээ.
-Таныг СУИС-ийг үүсгэн байгуулагчдын нэг гэдгийг уншигчид мэднэ. Мөн үе үеийн шавь нар тань Монголын болон дэлхийн урлагийн түүхэнд нэрээ дуурсгаж байна. Энэ талаар багш хүний хувьд ямар санал сэтгэгдэлтэй явдаг юм бол?
-Ингэж асуусанд их баярлалаа. Яагаад гэхээр Монгол Улсаас хамгийн анх нам засгийн илгээлтээр сургуульд суралцсан хүн нь би юм. Тэгээд сургуулиа төгсч ирээд маршал Ю.Цэдэнбал даргад илтгэхдээ “Манай залуус заавал ингэж хүний нутагт сурч ирэх хэрэг байна уу. Нутагтаа урлагийн боловсрол олгодог сургууль байгуулах боломжгүй юу. Гадаадын сургуульд сурах нь өртөг өндөртэй юм” гэж хэлсэн. Тэгтэл Ю.Цэдэнбал дарга “Сүүлийн үед ЗХУ-д суралцаад ирсэн хүмүүс надад нэг иймэрхүү юм хэлээд байгаа. Харин таны хувьд урлагийн сургууль байгуулах тухай санал хэлсэн анхны хүн байлаа. Их сайн байна. Энэ талаар би нөхөдтэйгээ ярилцаад, дэмжихийг бодно. Гэвч тэр сургууль байгуулахад хичнээн хөрөнгө, боловсон хүчин, оюутан сурагч шаардлагатай байгаа билээ. Түүнийгээ сайн бодоорой” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Нээрэн энэ чинь юу билээ, тэр бүгдийг би яаж бий болгох билээ” гэж бодлоо. Гэтэл Ю.Цэдэнбал дарга “Энэ их зөв санаа, ажил болгохын тулд зүтгээд байгаарай” гэж хэлсэн мөн ч их урам болсон доо. Энэ бол 1955 он юм. Харин 1963 онд УДБЭТ сууриа тавьсан. Энэ ажлын тэргүүн эгнээнд өвөө нь мөн л явж байсан. Тэгэхэд зохиолч Ч.Лодойдамба гуай Соёлын яамны орлогч сайд байв. Тэгээд Ю.Цэдэнбал дарга Ч.Лодойдамба гуайд сургууль байгуулах тухай үүрэг өгсөн юм билээ. Тэгж СУИС маань сууриа тавьж байсан түүхтэй юм шүү дээ. Миний анхны шавь нарын нэг Монгол Улсын болон Буриад Улсын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан энэ сургуулийг байгуулаагүй байхад над дээр ирж байсан хүн. Шавь маань надтай адилхан профессор цолтой болтлоо энэ сургуульд зүтгэсэн юм. Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан мөн миний шавь. Энэ мэтчилэн надад сайн шавь нар олон байна. Нийт найман ардын жүжигчин, 30-аад гавъяат жүжигчин миний гараар бэлтгэгдэн гарч намайг багшаа гэж хүндэлж явдаг. Энэ хүмүүс бүгд СУИС-д зүтгэж ирсэн уран бүтээлчид. Одоо бүгд СУИС-ийн хүндтэй доктор, профессорууд боллоо. Тэдний шавь нар мөн улсдаа болон дэлхийд нэрээ дуурсгаж байна. Байгуулагдаад 50 жилийг ардаа үдэж байгаа СУИС дэлхийн хэмжээний урлагийн сургуулиудтай нэг тайзан дээр өрсөлдөөд байр эзэлнэ гэдэг манай сургуулийн боловсон хүчин, сургалтын чанар сайн байгаагийнх юм. Дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлээд ирнэ гэдэг их том амжилт юм шүү дээ. Одоо манай мэргэжлийн урлаг дэлхийн хэмжээнд хүрсэн гэж бодож байна. Хүрэхээр барахгүй гүйцэж түрүүлэх бүрэн боломжтой гэж бодож явдаг шүү.
-МУГЖ С.Жавхлан та хоёрын хамтарсан “Ахан дүүсийн дуу”-нд хүүхэд залуус төдийгүй ард түмэн их дуртай байдаг?
-Энэ дууг өвөө нь 40 гаруй жилийн өмнө дуулж байсан. Бараг мартах шахаж байтал С.Жавхлан ирээд “Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн 60 жилийн ойд зориулж энэ дууг хамтарч дуулья” гэж билээ. Тухайн үед нь ханиад хүрээд хэвтэж байсан болохоор халгаагаагүй л дээ. Гэтэл шавь маань “Таны хуучин дуу шүү дээ” гээд л үг, аяыг нь авчраад өгсөн. Тэгээд эргэж тойрч байгаад нэг л өдөр хамт очоод дуугаа бичүүлсэн. Хааяа нэг хөлсний тэргэнд суух үед жолооч нар энэ дууг минь их тавина. Заримдаа бүр залхмаар ч юм шиг. Үнэн хэрэгтээ, энэ дуу монголд төдийгүй гадаадад ч гэсэн их сүрхий тархсан юм билээ.
-Таны шавь болъё гэж олон залуус ирдэг байлгүй. Ер нь сайн уран бүтээлч болох хүн авъяасаас гадна ямар зан төлөвшилтэй байдаг вэ. Энэ олон жил багшилсан хүний туршлагаас үндэслээд хэлэхэд?
-Хамгийн чухал нь хүн өөрөө авъяастай байх хэрэгтэй. Мөн ухаалаг, уран сайханч, овсгоотой, сэргэлэн, тэвчээр хатуужилтай хүн уран бүтээлч болоход илүү дөхөм байдаг. Хамгийн чухал нь урлагийн төлөө гэсэн чин сэтгэл, зүтгэлтэй байх хэрэгтэй. Манайхан энэ салбарт их орж гардаг. Зарим нь урлагт жигтэйхэн хайртай байхад өөр бусад нь нэр төрийн төлөө зүтгээд өөрөө эвгүй байдалд орчих тохиолдол ч бий. Дахин хэлэхэд хамгийн гол нь энэ урлагийн төлөө эцэс төгсгөлгүй зүтгэх сэтгэл байх хэрэгтэй. Хамгийн дээд оргил гэж юу байдаг юм, үүнд хүрэхийн төлөө тууштай хөдөлмөрлөх нь чухал. Би ингэж л хэлмээр байна.
-“Сэргэлэн бага нас” дуугаа дуулахыг тань харахаар залуу насны тухай эрхгүй бодогддог. Та залуу насыг юутай зүйрлэж тайлбарлах вэ?
-Би өөрөө залуу явсан хүн. Хүний нутагт сурч, хөдөлмөрлөж байхдаа өөр өөрийнх нь хэлээр дуулж явлаа. Буриад Улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүг харахаар миний залуу нас үзэгдэх шиг болдог. Миний залуу нас яг л ийм хүн байлаа. ОХУ-руу галт тэргээр явах 14 хоногийн хугацаанд дуулахгүй явдаг нэг ч өдөр байгаагүй гээд бод доо. Үргэлж дуулж явдаг байсан. Замд тааралдсан хүмүүс ч дуулахад минь дуртай. Тэндээ очоод ч дуулахгүй цаг, өдөр гэж байхгүй. Үргэлж л дуулаад явдаг байсан. Би өмнө нь сонин хэвлэлд ярьж байгаагүй нэг зүйлийг энд хэлмээр санагдлаа. Өвөө нь Монголын бүх дуулаачдын анхдугаар уралдааны нэгдүгээр байрыг эзэлж, 1800 төгрөгөөр шагнуулж дуучныхаа үнэмлэхийг авч байсан хүн. Тэр үед нэг айл 200 төгрөгөөр бүтэн сар амьдардаг байсан юм. “Сэргэлэн бага нас” дуу бол миний том хүү, хөгжмийн зохиолч Х.Сэргэлэнгийн аялгуу л даа. Нэг өдөр хүү маань өрөөнд ороод ирлээ. Тэгснээ, “Аав аа, би танд зориулаад нэг дуу хийчихлээ гэж байна”. Юун дуу, ямар юм гэсэн чинь “Сэргэлэн бага нас” гэдэг нэртэй гэж байна. Тэгэхээр нь “Тийм юм бол хүүхдүүдээр дуулуулахгүй юу” гэлээ. Харин хүү маань, “Үгүй, аав аа. Энэ дуу танд яг тохирно. Би таныг дуугаа яаж дуулдагийг мэднэ шүү дээ. Та эхэлж дуулаад хүмүүст хүргээд өгөөч” гээд болдоггүй. Тэгэхээр нь “Наад дуугаа Ардын жүжигчин Б.Жамъянжав гуайдаа өгчих. Тэр иймэрхүү хөгжилтэй дуунд их сайн. Чухам үзүүлээд өгнө” гээд гаргалаа. Хүү ч урамгүй байгаа бололтой, урвайсан амьтан гараад явсан. Хожим нь нэг тоглолтон дээр АЖ Б.Жамъянжавын дуулж байгааг харсан үнэхээр “хөөрхөн” дуу байна. Тэгэхээр нь хүүгээрээ хөгжмийн найруулгыг нь хийлгэж байгаад хэд хэдэн тоглолтон дээр дуулсан чинь Б.Жамъянжав маань “Та дууг минь булаагаад авчихлаа шүү дээ” гэж инээгээд өнгөрч билээ. Бид одоо хүртэл хоёулаа энэ дуугаа дуулж явна. Үнэхээр хүний сэтгэл хөдөлгөсөн үг, аятай сайхан дуу. Манайхан нас 40 гараад ирэхээр би хөгширлөө, биш боллоо гээд сэтгэлээр унаад эхэлдэг. Гэтэл би “Сэргэлэн бага нас” дууныхаа ачаар 90 хүртлээ дуулаад явж л байна. Хүн хөдөлж байхад үхдэггүй. Хөшиж үхдэг юм шүү гэдгийг залуустаа хэлмээр байна. Дандаа сайхан зүйлийг бодож, түүний төлөө зүтгэ. Тэгвэл цэнгэл жаргалыг олно. Монголчууд үүнийг олохдоо л олно. Надад цэнгэж жаргасан цаг байхад зовж гуниж явсан үе ч бий. Тиймээс одоо сайхан ирээдүйн төлөө жинхэнэ зүтгэлээр зүтгэх хэрэгтэй. Залхуурч л болохгүй. Хийх юмаа хийж л байх хэрэгтэй. Хөдөлмөрлөж буй хүнийг ямагт сайхан ирээдүй хүлээж байдаг юм.
-Би гоё инээмсэглэдэг олон сайхан эмэгтэйг мэднэ. Таны инээмсэглэл бас их сайхан юм..?
-Өвөө нь инээмсэглэх их дуртай. “Өөрийнхөө тэр өдрийн хөгийг сэрээхийн тулд өглөө сэрэнгүүтээ инээмсэглэж бай. Болж өгвөл хөхөрч бай” гэж нэг ухаант хүний ярилцлагыг олон жилийн өмнө уншиж байснаа саналаа. Би өглөө сэрээд заавал инээдэг. Ер нь инээмсэглэж буй хүн эрүүл байдаг шүү. /инээв. сур/
Ярилцсан Б.Намура