Болзсон цагтаа ярилцлага авахаар очих ёстой байтал эсрэгээрээ зочин маань намайг ирж авав. Тухтайхан ярилцаж суух газраа очих замдаа Ч.Цэлмүүний том, жижиг хоёр ханхүүтэй танилцаад авсан шүү.Бяцхан хүүгийн ээж болсон сайхан бүсгүй маань ээж болоод улам л үзэсгэлэнтэй, улам л ялдам болчихож. Эелдэг инээмсэглэн суух үзэсгэлэнтэй бүсгүйтэй хоёр цаг гаруй яг л найзтайгаа ярилцаж байгаа юм шиг чөлөөтэй хөөрөлдлөө.
Нөхөртэйгээ анх хэрхэн танилцаж байв? Анх найзууд байсан гэсэн шүү дээ.
2009 онд намайг тэмцээнд орж байхад манай нөхөр харж байсан гэсэн. Гэхдээ тэрнээс өмнө бид бие биенээ Social network-оор эчнээ мэддэг болчихсон байсан л даа. Тэгсэн манай найзын найз нь болж таараад, тэр үеэс хойш олуулаа нийлдэг найзууд болсон. Олон найзууд дундаас шүүгдээд л үлдсэн дээ, цөөхөн хэдэн найзын минь нэг манай нөхөр байсан. Гоолингоо дээр хэдэн өдрийн өмнө “Бүсгүй хүн бүрт хайртай хүн, сайн найз, найз залуу гурав байдаг. Гэхдээ энэ гурвыг төлөөлж чадахуйц нэг хүн чамд байдаг бол чи маш азтай юм” гэсэн Уилл Смитийн хэлсэн үгийг бичсэн байсан даа? Нөхөр маань яг л тийм эр хүн. Нөхрөөрөө маш их бахархдаг. Анх хуримаа хийхэд түүний минь талаар ор үндэслэлгүй, худлаа мэдээлэл олон гарч байсан. Өөрийг нь тийм биш байтал тийм болгож бичээд л, хэн ч мэдэхгүй хирнээ мэддэг юм шиг худлаа яриад байхад надад нэг ч удаа гомдоллож байгаагүй. Би бас тэр үедээ бодож байлаа. Өөр залуу байсан бол энийг хэрхэн хүлээж авах байсан бол? Өөр залуу байсан бол надад хэрхэн хандах байсан бол гэх мэтээр. Ийм тэвчээртэй, буур суурьтай хүлээж авсанд үнэхээр бахархсан. Зарим зүйлийг би өмнөөс нь уншаад бухимдмаар, гомдмоор байсан даа.
Энэ хүн яг л миний хайж байсан хүн, заяаны минь хань гэдгийг хэрхэн яаж, хэзээ ойлгож байсан бэ?
Яг хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ л миний насны хань болох хүн гэдгийг гэрлэхээсээ өмнө аль хэдийн ойлгочихсон байсан. Харин гэрлэснийхээ дараа ямар зөв сонголт хийснээ улам ойлгосон. Би жаахан охин байхаасаа л эрт гэрлэж, гоё гэр бүлтэй болно гэж төсөөлдөг байлаа. Одоо мөрөөдлийн гэр бүл минь надтай хамт байна. /Хамт байгаа нөхөр хүү рүүгээ харав /
Таны хань танд яаж гэрлэх санал тавьсан бэ?
Надад биш аав ээжид маань гэрлэх санал тавьсан /инээв/. “Би охинд тань маш их хайртай. Гэрлэхийг маш их хүсч байна” гээд л хэлчихсэн. Тэгээд дараа нь надад хэлсэн дээ. Эцэг эх хоёр маань ч миний сонголтыг хүндэтгэсэн. Бид хоёрт сургамжтай үг бас хэлж байсан. Би их азтай хүн гэж өөрийгөө боддог. Манай нөхөр намайг зөвхөн нүүрээ будаж, үсээ янзалчихсан байхад л дурлаагүй. Ядарсан, нойр дутуу, огт нүүрний будаггүй, үсээ ч янзлаагүй байх үед харж л байсан. Тэгсэн хэдий ч намайг бүхнээс илүү хайрладаг. Би ч нөхөртөө маш их хайртай.
Хуримын өмнө үдэш танд юу бодогдож байсан бэ? Хэр их догдолж байв?
Хурим гэдэг асар ажиллагаатай зүйл юм билээ. Бэлтгэл ажил маш их. Хуримын өмнөх өдөр нүд ирмэхийн зуур л өнгөрчихсөн. Яг хуримын үеэр бол бүх зүйл “буцалж” байдаг юм байна лээ. Ингээд л айлын эхнэр, хүний хүн болчихлоо гэх мэдрэмж бас бага зэрэг гуниг төрүүлсэн. Гэхдээ энэ чинь үүрд гэр бүлийнхэнтэйгээ уулзахгүй гэсэн үг биш гэж бодоод л харьцангуй тайван байсан. Хуриман дээрээ ээж аавдаа зориулаад үг хэлэхдээ ч энэ тухай бас хэлж байлаа. Амьдрал яасан хурдан юм бэ, би өнөөдөр айлын эхнэр болох насанд хүрчихсэн байна. Цаг хугацаа яасан хурдан өнгөрсөн юм бэ гэж л их бодогдсон доо. Тусдаа гарчихаасаа өмнө гэр бүлийнхэнтэйгээ хангалттай цаг хугацааг өнгөрөөж байх хэрэгтэй байж дээ гэсэн бодол бас төрсөн.
Бие давхар байх үеийн тэр мэдрэмжээсээ хуваалцаач
Өмнө нь би нэг л хэвийн стилээр хувцаслаж, нэг л янзаар үсээ засдаг байсан. Хувцаслах стилээ өөрчлөх зориг ч хүрдэггүй байлаа. Бие давхар байх үедээ үсээ янз бүрээр өөрчилж, тайрч, өөр өөр төрлийн стилээр хувцаслаж үзэж байхгүй яав даа гэж бодсон. Үсээ ингэж өөрчилж үздэг байж, хумсаа ингэж будсан бол ямар байсан бол, энэ хувцсыг өмссөн бол ямар харагдах байсан бол гээд л төрөхийн өмнөхөн их боддог байлаа. Өөртөө эрс шинэчлэл хийж үзсэн бол ямар сайхан бэ гэж 9 сарын турш бодсон доо. Тийм болохоор бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд янз бүрийн үс засалт, хувцасны загвар, стил сонирхож өөрчлөгдөж үзэж байгаарай гэж хэлмээр байна. Үсээ тайрлаа гээд нэг их удахгүй л ургачихна шүү дээ, харамсах шаардлагагүй. Бас өөрийгөө маш их хайрлаж халамжилж байгаарай, өөрийгөө эрхлүүлж байгаарай. Эрүүл хүнээс л эрүүл хүүхэд төрөх болохоор хэзээ нэгэн цагт ээж болох биеэ сайн гамнаж байгаарай гэж дахин дахин хэлмээр санагддаг.
Хүүгээ гар дээрээ авах тэр мөчид танд юу бодогдсон бэ?
Бүр дээдийн дээд нандин мэдрэмж байсан. Нөхөр маань хажууд хамтдаа байлаа. Тэгээд бодсон. Болдог бол дахиад нэг хүүхэд гаргаад хооронд нь ойрхон өсгөчихвөл гээд. Ер нь хүүхдүүдээ насны бага зөрүүтэй байвал зүгээр юм уу даа. Залуу байх тусмаа бүхнийг амжуулвал сайхан ш тээ. Ажил амьдралаа зохицуулахгүй бага багаар залхуураад сурчихвал бие махбодь ч суларчихдаг. Хүүхдээ төрүүлэхээс өмнө надад үлгэр дуурайл болсон эмэгтэйчүүд байсан. Гэхдээ төрсний дараа надад хэн нэг алдартан, суут эмэгтэй хүн гэхээсээ илүү энэ хорвоогийн бүх ээжүүд ямар хүчтэй, биширмээр юм бэ гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирсэн. Бурхан эмэгтэй хүнийг ямар их нандигнаж бүтээсэн юм бэ. Одоогоор ээж болж амжаагүй бүсгүйчүүдийг харахаар хүүхдээ гар дээрээ авах тэр мөчийг удахгүй харна даа гэж бодохоор өмнөөс нь догдолмоор, тэсэн ядан хүлээмээр санагддаг. Хүүхэдтэй болох тэр үед л хүн энэ амьдрал өөрөө ямар том бэлэг вэ гэдгийг ойлгодог байх гэж би хувьдаа боддог. Алдартай хүмүүсийн ном зохиол, уран бүтээл дээр эмэгтэй хүнийг хамгийн том гайхамшиг гэж зүйрлэсэн байдаг. Тэгэхээс ч аргагүй юм байна лээ. Энэ хорвоогийн эхчүүд хамгийн мундаг тэвчээртэй, бурхан мэт хүмүүс байдаг гэдгийг ойлгосон доо.
Ээж болоод Цэлмүүний амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
Яг энэ талаар би төрснийхөө дараа бодож байсан л даа. Өөртөө их ажиглалт хийсэн. Өмнө нь Цэлмүүн гэдэг хүн үхэн үхтлээ яг л одоо ямар хүн байгаа тэр хэвээрээ л байх юм байна гэж боддог байлаа. Өөрчлөгдөхгүй гэдэгтээ маш их итгэлтэй байсан. Одоо бодохоор өнгөрсөнд байсан, одоо байгаа, ирээдүйд байх Цэлмүүн гурван хүн өөр юм байна гэж дүгнэсэн. Анх 17 настай байхдаа тэмцээнд орж олны танил болсон. Тэр үед яг л өсвөр насны жаахан охин байсан. Эмэгтэйлэг чанар бүрэлдээгүй, хүүхдээрээ. Одоо өөрийгөө харахаар 22 настай, бүсгүй хүн болчихсон, албан хаагч, хүүхдийн ээж, бас нэгэн гэр бүлийн эзэгтэй болчихсон байна. Бас тодорхой хэмжээгээр хариуцлага үүрч эхэлсэн байна. Эх хүн болно гэдэг чинь жинхэнэ утгаараа эмэгтэй хүн болсон гэсэн үг шүү дээ. Ирээдүйд миний амьдралд ямар бэрхшээл, ямар даваа гарч ирэхийг би мэдэхгүй. Тэр бүхнийг даван туулах цагт би яг энэ хэвээрээ байна гэж бодохгүй байна. Бас нэгэн өөрчлөлтийг би даван туулж, илүү туршлагатай хүн болчихсон байна байх. Ер нь төрсний дараа хувь хүний зан чанар маань ч өөрчлөгдсөн. Маш их хат суурьтай болсон. Өмнө нь чадахгүй гээд орхидог байсан зүйлсээ хүүгээ харахаар бүгдийг нь чадмаар санагддаг болчихсон. Чадахгүй зүйл гэж үгүй мэт. Заримдаа гэр бүлээс гадуурх хүмүүсээс маш их стресс авах тохиолдол байдаг. Гэсэн хэдий ч гэр бүлдээ очоод л ямар үнэ цэнэтэй хүн гэдгээ мэдэрч бүхнийг мартдаг. Энэ бүхнийг л миний нөхөр, миний хүү, миний гэр бүл надад ойлгуулж чаддаг. Намайг өдөр бүр цэнэглэж байдаг даа. Хүүхэдтэй хүмүүс намайг их сайн ойлгож байгаа байх.
Хүүхдийнхээ хүйсийг анхаасаа мэдэж байв уу? Эсвэл өөртөө гэнэтийн бэлэг барихаар шийдсэн үү?
Бид хоёр анхнаасаа хүүтэй болно гэдгээ мэдчихсэн байсан л даа. Тэгээд бид хоёр тохирсон л доо. Хүү төрвөл манай нөхөр, охин төрвөл би нэр өгнө гээд. Гэхдээ л миний нөлөө байсан, хэхэ. Аав нь хүүдээ Оргил гэдэг нэр өгсөн. Хүний нэр хоёроос дээш үеэс бүтсэн тохиолдолд нэрийг нь бүтнээр хэлдэггүй байх тохиолдол их шүү дээ. Тэгээд хоёулаа их бодож байж энэ нэрийг сонгосон.
Хүү тань ээжийгээ ямар завгүй хүн бэ гэдгийг их сайн ойлгодог, сайн хүү байна шүү. Бид хоёрыг энд ингээд 2 цаг гаруй яриад сууж байхад огт уйлахгүй, үнэхээр тайван байх юм.
Манай хүү их тайван л даа. Гэхдээ бас их хөдөлгөөнтэй шүү. Би чинь өмнө нь нялх хүүхэдтэй ойр байж үзээгүй, ер нь миний эргэн тойронд хүүхэдтэй хүн ч бараг байгаагүй. Бүх зүйл анхных ямар ч туршлагагүй байсан даа. Одоо бол дасчихсан. Нөхөр маань их тусладаг. Би төрснөөсөө хойш гэртээ хэсэгтээ л хоол унд хийж амжихгүй байхад нөхөр маань бүгдийг хийдэг байсан. Нялх биетэй, ажилдаа эрт орчихсон, бас давхар сурж байгаа болохоор их ядарна. Нөхрийн туслалцаа байхгүй бол хэцүү л байсан байх.
Цэлмүүн өөрөө олуулаа өссөн үү?
Би өөрөө нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. Дүүг төрөхөөс өмнө бид хоёр хаа ч явсан хамтдаа их дотно байсан. Ах бид хоёр бол тусдаа гэр бүлтэй болоод, тусдаа амьдардаг болоод ч тэр үү өмнөхөөсөө илүү дотно болсон доо. Тусдаа гарсан хойноо гэр бүлийн үнэ цэнийг илүү мэдэрдэг юм шиг санагддаг.
Хүүгээ хэдэн дүүтэй болгохоор төлөвлөж байна вэ?
Анхнаасаа л хамгийн багадаа таван хүүхэдтэй болох юм сан гэж хүсдэг байсан. Хүүхэд тээгээд, төрүүлээд, өсгөнө гэдэг бол маш том хариуцлага. Мэдээж тухайн ээжийн бие махбодиос бас их зүйл шалтгаалах байх. Хэрвээ миний бие эсэргүүцэл сайтай, амархан ядрахгүй, үнэхээр сайн байгаад, хүүхэд олдож л байвал гаргана гэж боддог. Хүүхэд төрүүлэх гэдэг чинь эмэгтэй хүний нэг үүрэг бас аз жаргал шүү дээ. Тэгээд ч энэ хорвоо дээр хүн хүнээрээ л дутдаг. Би тэгж л боддог.
Таны ихэнх дууг аав тань зохиож өгсөн гэж байсан. Та хүүдээ, нөхөртөө зориулаад өөрөө зохиогоод уран бүтээл хийе гэсэн бодол байгаа юу?
Ер нь дуулах гэдэг зүйлийг ааваасаа өвлөсөн. Уг нь бол аав маань хүний их эмч хүн. Гэхдээ сонирхлоороо дуулдаг, шүлэг бичдэг. Миний Exodus цомгийн 90% нь аавын минь зохиосон дуу. Аавтайгаа харьцуулахад би дуу зохиох хэмжээний тийм мундаг биш л дээ. Одоогоор хүү маань нялх, би өөрөө төрөөд удаагүй, ажлаа хийгээд, хажуугаар нь магистрт сурч байгаа болохоор зав гарахгүй л байна. Гэхдээ хийх юмсан гэж төлөвлөсөн, хүсч байгаа зүйл бол их байна. Нөхөр хүү хоёртоо дуу байтугай л зүйл зориулмаар байна. Яг одоо надад цагийн зохион байгуулалт их чухал байна. Бас хүү маань нялхаараа байна. Тийм болохоор одоохондоо төлөвлөөд л байж байна даа.
Дуу таны амьдралд хэр их оройн зайг эзэлдэг вэ?
Яг өдөр тутмын миний амьдралд дуу бас тийм ч их орон зайг эзэлдэггүй. Дуулах бол үнэхээр дуртай. Хамгийн чухал нь намайг дуучин гэж хүндлээд, энэ хүндтэй нэрийг өгсөн, миний дууг сонсох дуртай тэр хүмүүст би талархаад баршгүй. Тэр хүмүүс байгаа учраас л би тодорхой хэмжээний цаг хугацааг дуулахдаа зориулж, түүндээ баяртай явдаг. Цаашдаа ч тэр хүмүүст зориулаад ажлынхаа хажуугаар өөрт олдсон цаг заваасаа зориулах юмсан гэж боддог. Харин бусад цагтаа бол өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажиллана даа. Аль болох цаг заваа зориулаад ажлаа сайн хийгээд, дууг минь сонсдог хүмүүстээ зориулаад боломжоороо ганц нэг дуу гаргаад, зохицуулаад л явах юм сан гэж хичээдэг. Эцэг эхдээ охиныхоо үүргийг гүйцэтгэж, гэр бүлдээ ээж хүний, эхнэр хүний үүргээ ч биелүүлээд ямар нэгэн зүйлийг орхигдуулахгүй байх юмсан гээд цаг заваа төлөвлөдөг.
Хэцүү үе тохиолдсон үед хэрхэн давж гардаг байсан бэ? Юунаас эрч хүч хамгийн ихээр авдаг вэ?
Хааяа хүмүүст гомдох зүйл бас байна л даа. Хуримаа хийгээд амьдралд хөл тавьж байх үед нөхрийг маань элдэв янзаар хэлнэ. Бие давхар төрөх гэж байхад хүртэл муухай үг хэлнэ. Би өөрөө их эмзэг хүн болохоор тэр бүхэнд их гомддог байлаа. Өөрийнхөө пэйжийг ажиллуулдаг байхдаа сөрөг сэтгэгдлүүдийг бас их устгадаг байсан. Зөвхөн надад биш, уншиж байгаа хүмүүст ч сөрөг таагүй, бухимдалтай бодол төрөх вий гэж боддог байлаа. Анх сөрөг сэтгэгдлүүдийг уншаад шөнө бүр л уйлдаг байлаа. Одоо бол огтхон ч уншдаггүй. Хүүгээ төрүүлээд би бүр л хүчтэй болчихсон юм шиг санагддаг. Тэр зэргийн зүйлд нугараад байх шаардлагагүй л гэж боддог болсон. Бас тиймэрхүү зүйлд санаа зовоод явах завгүй болсон. Тэр хүмүүс намайг муу муухай гэж ярилаа гээд би тийм хүн болчихгүй. Фэйсбүүкээр сайхан нэг зүйл яваад байсан даа. 1000 төгрөгөөр юу худалдаж авах тухай бичсэн байсан. Тэр 1000 төгрөгийг дээрээс нь гишгэсэн ч, дэвсэлсэн ч, шүлсээ хаясан ч тэр өмнөх үнэ цэнэтэй хэвээрээ, юу худалдаж авч болох байсан хэвээрээ л байна. Яг л түүнтэй адилхан хүмүүс юу ч гэж хэлсэн Цэлмүүн гэр бүлдээ үнэ цэнэтэй, хайртай охин нь, хайртай ээж нь, хайртай эхнэр нь хэвээрээ л байх болно. Гэр бүл миний хамгийн том энергийн эх булаг. Хүн ер нь өөртэйгээ цаг өнгөрөөх их чухал юм шиг ээ. Өөрөөр хэлбэл бага ч болтугай цаг өөртөө гаргаад ганцаараа бодож бясалгал хийх хэрэгтэй гэх үү дээ. Миний юу болохгүй байна, надад юу хэрэгтэй, би юу хийх хэрэгтэй вэ, хэн миний хувьд хамгийн чухал хүмүүс вэ гэх мэтчилэн энэ бүхнийг сайн бодож, дүгнэлт хийж байх хэрэгтэй гэж би боддог. Тэгээд энэ дундаасаа асуудлаа тодорхойлоод өөртөө гарах гарц хайж олох хэрэгтэй. Бас бусад хүмүүс чиний амьдрал хамаагүй хүч түрэн дайрч орж ирэхээс хамгаалж байх нь их чухал.
Шүүмжлэгчдийн талаарх таны бодол?
Тухайн хүний амнаас гарч байгаа үг тэр хүний зүрх ямар байгааг илтгэж байдаг. Үгээр хүнийг аймшигтай шархлуулж болдог учраас аль болох цэгнээд ярьж байх нь зөв. Энэ хорвоо дээрх хүн бүр эцэг эхийнхээ эрхэм нандин үр нь шүү дээ. Гэтэл хэн нэгний амь амьдрал болсон тэр хайртай үрийг нь байж боломгүй үрээр шархлуулна гэдэг муухай. Тэр тусмаа эцэг эх болох хүмүүс энэ бүхнийг сайн ойлгох байх. Ямар ч хүн үр хүүхдээ муу муухайгаар доромжлуулаасай гэж хүсэхгүй. Бүх хүн доромжлол, шүүмжлэл хоёрыг ялгаад сурчихвал хамаагүй амархан болчихно. Надад чин сэтгэлээсээ шүүмжлэл хэлдэг, уран бүтээлийн талаар саналаа хэлдэг хүмүүст бол маш их баярладаг. Яагаад гэвэл тэр хүн доромжлол биш цэвэр шүүмжлэл хэлж байгаа учраас л тэр.
Таны хувьд энэ нийгмийн залуучуудаас анзаарч байгаа эерэг зүйл юу байна вэ?
Манай залуучууд нийгмийн идэвхи сайтай болчихсон. Янз бүрийн клубүүд их бий болчихсон. Тэр клубүүдийнхээ ажлын дагуу бусдад туслах, нийгэмд сайн сайхан зүйл хийх хүсэл эрмэлзэл ихтэй. Өмнө нь ингэмээр байна тэгмээр байна, даанч боломж алга гэдэг хүмүүс ихэвчлэн байсан бол одоо бүгдээрээ бололгүй яахав, бүтнэ штээ, бид нар чадна аа гээд зоригтойгоор ажилладаг болчихсон байна. Хэн нэгнийг хүлээж харахаас илүү өөрсдийн гараар бүхнийг бүтээдэг залуучууд их болчихсон үнэхээр бахархмаар.
Цэлмүүн номонд их дуртай юм шиг санагддаг. Уншсан бүх номнуудаас хамгийн сэтгэлд тод үлдсэн ямар ном байсан бэ?
Уран зохиолын ном ч хүнд хүмүүжил их сайн өгдөг юм шиг санагддаг. Би ер нь сүүлийн үед хүмүүсийн амьдралын түүх, амжилтанд хүрсэн түүх, нийгэмд хэрхэн нөлөөлсөн тухай ном унших дуртай болоод байгаа. 3,4 жилийн өмнө байх аа, “Тэнгэрлэг хүн” гээд нэг ном уншиж байсан. Тэр ном итгэгч хүмүүст зориулсан ном байсан л даа. Тухайн үед надад тулгарч байсан асуудлыг шийдэхэд их тус болж байсан. Хуримаа хийснээс хойш, хүүгээ төрүүлээд ном уншаагүй удчихаж. Цаг зав маань багасаад ном унших түр орхигдсон байна.
Та юугаараа хүмүүсийн боддогоос өөр вэ?
Хүмүүс намайг их өндөр гэж боддог юм шиг байсан. Зурагтаар их өндөр харагддаг гэж бодоод байгаа юм. Хүмүүс анх харангуутаа “Чи ийм жижигхэн охин байсан юм уу” гэж ихэнх нь хэлдэг. Аан бас хүмүүс намайг маш их зантай гэж боддог юм шиг санагдсан. Тэгж ч их хэлдэг. Мэдээж би өөрийгөө бусдаас өөр гэж боддог. Яагаад гэвэл энэ дэлхийн хүн бүр өөр. Хоорондоо яг адилхан хүн гэж байхгүй. Гэхдээ тэглээ гээд би тэс өөр ертөнцийн хүн биш. Бүгдтэй нь адилхан уурлана, уйлна, гомдоно, инээнэ, баярлана.
Сонгодог урлаг хэр сонирхдог вэ?
Нэг их дурлаад байдаггүй. Яг үнэнийг хэлэхэд зав бас нэг гардаггүй юм. Одоо бол ямар л зав гарна нөхөр хүүхэдтэйгээ л өнгөрөөхийг хүсдэг. Төрснөөсөө хойш ажил, хичээл, уран бүтээл гээд завгүй байгаа болохоор бусад олдсон бүх цаг заваа гэр бүлдээ зориулах юмсан гэж хичээдэг.
Та дуу дуулчихаж, кинонд тоглосон, компьютер график сонирхсон гэжийн, та ингээд амьдралдаа амжуулна даа хийж үзнэ дээ гэж бодсон зүйлсээсээ олныг хийж амжуулжээ. Ямар ч байсан хийж үзнээ, хийж үзэх юмсан гэж бодсон өөр хийгээгүй зүйл юу байна?
Миний дууг сонсоод эрч хүч авж чаддаг, миний дуунуудад дуртай, сонсдог тэр хүмүүстэй нэг өдрийг хамтдаа уулзаж, зүгээр л энгийн найзууд шиг ярилцаж нэг өдрийг өнгөрөөх юмсан гэж хүсдэг. Би дуулахдаа гол нь биш, үр бүтээлтэй нэг нэгэндээ мэдлэг, туршлагаа хуваалцсан, хувь хүн гэдэг утгаараа чөлөөтэй ярилцаж үзэх юм сан гэж их боддог, төлөвлөдөг.
Эрэгтэй хүний эмэгтэй хүнд хандах хандлага ямар байх ёстой гэж боддог вэ?
Заавал зөвхөн эрэгтэй хүн эмэгтэй хүнд хэрхэн хандах ёстой вэ гэхээсээ илүү аль аль нь хэрхэн хандаж байх ёстой вэ гэдэг нь илүү чухал гэж боддог. Хэн хэндээ итгэдэг, хэн хэнээ хүндэтгэдэг хайрладаг л байгаасай гэж хүсдэг. Би нөхөртэйгээ муудалцсан үедээ хэзээ ч хүндлэхээ больдоггүй. Тийм болохоор эр эм гэлтгүй аль аль нь хүлээцтэй, сайхан харилцаатай байгаасай гэж боддог доо.
Гэр бүлтэй болсноос хойш таны мөрөөдөл өөрчлөгдсөн үү? Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
Надад маш олон зорилго байгаа. Харин мөрөөдөл бол 5 хүүхэдтэй болоод тэр хүүхдүүдээ мэдлэгтэй, ухаалаг, бусдыг хүндэлдэг, эх орноо хөгжүүлэх тийм иргэд болгож өсгөх юмсан гэж мөрөөддөг. Ажил дээрээ хичнээн их амжилттай ч гэсэн гэр бүлдээ цаг зориулж чаддаггүй бол яах юм бэ? Тийм болохоор хүүхэд, гэр бүл амьдралын утга учир гэж би боддог
Аль нэгийг нь…
Ганцаараа эсвэл олны дунд? – Ганцаараа байх
Ширүүн урсгалыг сөрж сэлэх үү, намуухан урсгал дунд хэвтэх үү?– Ширүүн урсгалыг сөрөх
Богино торон даашинз уу, урт намирсан даашинз уу – Урт намирсан даашинз
Тачаангуй байх уу, өхөөрдөм байх уу– Хувь хүний байгалийн шинж байх. Төрөлхийн тачаангуй, төрөлхийн өхөөрдөм хүмүүс л гоё штээ. Хичээхгүйгээр гэх үү дээ
Гүнжийнх шиг унтлагын өрөө юу, цэвэрхэн цагаан өрөө юу?– Цэвэрхэн цагаан өрөө
Жазз уу, Балет уу? – Жазз
Костюмтай эр үү, спорт хослолтой эр үү?– Спорт хослолтой эр
Таны Playlist-ийн эхэнд байдаг уу/хамгийн их сонсдог дуу?– Power Of Love (Gabrielle Aplin)
Өдөр тутам гоо сайхныхаа төлөө хийдэг зүйл?– Цэвэрлэх л юм даа /инээв/
Дэлгүүр хэсэхээрээ юуг хамгийн их цуглуулдаг вэ?- Одоо бол зөвхөн хүүхдийн хувцас л цуглуулдаг болсон.
Ямар хоолыг хамгийн сайн хийж чаддаг вэ?– Хоол гэхээсээ илүү амттан, бялуу их сайн хийдэг.
Төгсгөлд нь:Гоолингоог тодорхойлооч?– Танай өөрсдийн уриа хамгийн оновчтой тодорхойлолт санагддаг. Онлайн, тэгээд яг л дотны найз шиг.
Эх сурвалж: goolingoo.mn