“Эрээн чамин хувцастай
Энгийн нэгэн охин
Эгцэлж над руу ширтсээр ойртон ирлээ
Урьд өмнө ийм л охин
Үзээгүй миний зүрх
Өөрийн эрхгүй сайханд нь дурлаа юу” хэмээх үгтэй дууг зуслангийн том ах эгч нарыг дуурайн ёс юм шиг цээжлээд, том хүний дуу дууллаа гэж өвөөдөө зэмлүүлж билээ.
Хожим “Guys” хамтлагийн “Хөөрхөн охин” дуу байсныг мэдэж, тэдэнтэй эчнээ танилцсан юм. “Манан”, “Бороо”, “Навч”, “70 baby”, “Angelo” гээд хит болсон дууг нь тоочоод байвал барагдахгүй.
Охидын шүтээн, зүрх догдлуулан, сэтгэл гижигдэх уянгалаг дуунуудын эзэд одоо тус тусын уран бүтээлээ хөөж, “Guys” хамтлаг дурсамжийн хэлтэрхий дэх хөг болон үлджээ.
Тус хамтлагийн дуучин, “LVA” энтертайнментийн захирал Д.Лхагватай ярилцлаа. Дуучин Минжинсорын “Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу”-ны клипэнд мафийнхантай буудалцдаг танхай хэрнээ царайлаг хүүгийн дүрээр сэтгэлд үлдсэн Д.Лхагва аль хэдийнэ том ах болж, хослолоор гангаран, сайн ажиглавал бүдэгхэн үрчлээ нүднийх нь доор суусан авч харц нь яг хэвээрээ…
-Саяхан болж өндөрлөсөн “Academy awards 2013” наадмын тухай сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Аль төрөлд шагнал авна гэдэгтээ итгэлтэй байсан бэ?
-Манай кино дуугаараа шагнал авсан. Найман номинацид нэр дэвшүүллээ. Анхнаасаа гайгүй гэж найдсан төрөлдөө л нэр дэвшүүлнэ шүү дээ. Шүүлт эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэсэндээ ч тэр үү, бүгдэд нь өгчихье гэсэн бодлоготой юм шиг санагдсан. Түүхэн кино гэхээрээ сайн бүтээл гэж ойлгодог юм шиг. Мэдэхгүй ээ, олон жил урлагт зүтгэсэн мундаг хүмүүс шүүсэн болохоор өөрөөр харсан байх.
-“Дурлалын гэмт хэрэг” кинонд хайрынхаа төлөө хэрэг хийж буй залуугийн тухай өгүүлдэг. Хайрын төлөө гэмт хэрэг хийх зөв үү?
-Яг чин үнэнч, аугаа хайрын төлөө гэмт хэрэг хийж болно шүү дээ. Тэгэхдээ кино гэдэг уран сайхантай учраас амьдрал дээр тийм зүйл ховор. Хэн нэгэнд хайртай юм бол үнэнч байгаасай, хайраа мэдрүүлээсэй гэсэн санааг л киногоороо хүмүүст хүргэхийг хүссэн. Одоо үед хүмүүсийн амнаас хайраа гэдэг үг амны уншлага шиг гарч, тэгж дуудах нь ёс төдий болж. Гэтэл тэрнийхээ хэмжээнд хүрэхээр хайрлаж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй.
-Тэгвэл та хайрынхаа төлөө эрсдэл гаргаж байсан уу?
-Хоёр буга согоогоо булаацалдан мөргөлддөг шиг хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэлдэж байж эхнэрээ өөрийн болгодог байсан гэж ах нар ярьдаг юм. Дурласан охиноо харамлаж, өөр дошны залуутай зодолддог байсан гэсэн. Би эхнэрийнхээ төлөө тодорхой хэмжээнд өрсөлдөж, олон захидалд булуулж байхад нь онцгойрох гэж үздэг байсан.
-Энэ киноны гол дүрийн хоёр бие биедээ муу зүйл хийж байсан ч эцэстээ нийлж төгсдөг. Хэрвээ кино үргэлжилсэн бол хоёр биенээ хуурчихаад цаашдаа аз жаргалтай байж чадах байсан болов уу?
-Харин яах байсан бол? Бие биедээ үнэхээр хайртай байсан юм чинь хамтдаа амьдарна шүү дээ. Тэгэхдээ үүнээс санаа аваад, тийм асуудалтай учирсан хоёр цаашдаа амьдралаа яаж авч явах вэ гээд хоёрдугаар ангийг нь хийвэл сонин л юм байна.
-Одоо ямар бүтээл хийхээр төлөвлөж байна вэ?
-Одоохондоо төлөвлөсөн юм байхгүй. “Дурлалын гэмт хэрэг” киногоо хөдөө орон нутгийнханд үзүүлэх, гаднын наадмуудад оролцуулах зэрэг олон ажил өмнө минь байна. Энэ кинонд “Никитон”-ы Баачка ахтай хамтарснаар бид илүү сайн ойлголцсон. Цаашдаа хамтарч ажиллах бодолтой байгаа.
-Та нэг ярилцлагадаа Габриэль Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” зохиолоор кино хийх мөрөөдөлтэй гэсэн байсан. Барагтай найруулагч кино хийж чадахааргүй энэ зохиолыг яагаад сонгох болсон бэ?
-Яг үнэндээ би тэр ярилцлагыг өгөөгүй юм аа. Ямар цахим хуудас байлаа даа, зуун асуултад хариулсан болгоод миний өмнөөс биччихсэн байсан. Уншиж үзэхэд зарим хариулт нь таараад байсан. Сүүлдээ бүр би өөрөө хариулсан ч юм уу гэж бодоход хүрсэн шүү. Хойд насандаа нохой болохыг хүсдэг, уртын дуу аялах дуртай гээд их сайн зохиож бичсэн байна лээ. Энэ тухай фэйсбүүк хуудастаа тавихад урлагийн найз нөхөд маань “Байдаг л зүйл. Ярилцлага өгөхөөс татгалзвал зохиогоод биччихдэг юм” гэж байсан.
-“Guys” хамтлаг сүүлийн үед яагаад уран бүтээл хийхгүй байна вэ. Эсвэл тарсан юм уу. Танай хамтлаг энэ жил 16 нас хүрч байна. Сонсогчдодоо бэлэг барих уу?
-Хамтлагуудад мөчлөг гэж байдаг юм байна лээ. Эхлээд уран бүтээлээ хүмүүст хүргээд, тэгээд мандаад, дараа нь хүрэх газраа хүрээд больдог. Бид айл гэрийг авч явах насанд хүрсэн учраас гэр бүлээ эхэнд тавина. Мөн мэргэжлээрээ ажиллах шаардлагатай. Үргэлж хамт яваад байж чадахгүй. Нэг нь кино найруулж байхад, нөгөө нь өөр бүтээлд тоглож байх жишээтэй. Бид албан ёсоор тараагүй ч аяндаа өөр өөрсдийн замаа хөөсөн. Одоо нийлээд дуу хуураа хийх нь хаашаа юм. Гэхдээ тоглолт хийнэ гэсэн бодолтой байдаг. Хэзээ энэ яриа ажил хэрэг болохыг хэлж мэдэхгүй байна.
-Жүжигчний ангийн оюутнууд дуулж олонд танигдвал дараа нь мэргэжлээрээ ажиллахад хялбар гэсэндээ хамтлаг байгуулсан юм биш биз?
-Арван жилийн сургуулиа төгсөөд тал талаас СУИС-д ирсэн. Бүгд л дуулж бүжиглэх сонирхолтой. Залуучуудын дэврүүн сэтгэлээр “Guys”-ыг байгуулсан. Манай хэдийн эдэлж хэрэглэж байгаа зүйл, биеэ авч яваа байдал ангийнх ангийнхнаас эрс ялгаатай, нэг алхмын өмнө байсан учир харваас бусдаас онцгой байсан. Тиймээс ч сонирхол нэгдэж найзалсан. Багш нар ч гайхна. Намайг хоёр чихээ цоолсныг хараад дуурийн дуучин Д.Жамьянжав багш “Эрэгтэй хүүхэд байж ээмэг зүүлээ” гэж загнахад Хайдав гуай өмөөрч “Харин ч аятайхан юм биш үү. Одоогийн хүүхдүүдийн стийл өвөрмөц, гоё юм” хэмээн өмөөрч байсан.
-Анхны юм бүхэн дурсамжтай байдаг. Танай хамтлагийн анхны дуу ямар нэртэй байсан бэ?
-Тэр үед дуу бичлэгийн студи гэж байхгүй учраас FM-ийнхний ажлыг тарсан хойно, шөнө дуугаа бичүүлнэ. Пафф Дайддигийн “I’ll be missing you” дууны аян дээр “Зүгээр л” гэж дуу хийсэн. Дуугаа бичүүлчихээд сонссон чинь бүгд хоолойноосоо ичээд, таалагдаагүй. Маргааш нь ангийнхандаа сонсгоод, ангийн жижиг тайзан дээр дуулж үзүүлтэл тэдэнд маш их таалагдаж, гадаадын одуудын тоглолт үзэж байгаа юм шиг өмднөөс зулгааж, охид хоолой боож татаж чангаагаад л. Биднийг цаашлуулж, фен болж наргиж байхгүй юу. Тэгэхдээ тэр нь төд удалгүй биеллээ олсон.
-Оюутан байхдаа ид мандаж байсан болохоор сургуульдаа од байсан байх. Нэлээд атаман байсан гэж сонссон.
-Бид эхэндээ нэлээд тэмцлийн дунд сурсан. Манай багш урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Г.Жигжидсүрэн шүү дээ. Жүжигчин Ц.Төмөрбаатар, П.Цэрэндагва нар манай багшийн шавь. Багш минь тэднээс хойш шавьгүй явж байгаад манай ангийг дааж авсан юм. СУИС-ийн үндсэн багш биш болохоор биднийг ч бусад ангийн хүүхдүүд гадуурхах гэнэ. Өөрсдийн гэсэн ангигүй учраас сургуулийн хонгилд засвар хийж, хана босгоод анги болгосон. Ангидаа үргэлж гитар хангинуулаад л сууж байдаг байлаа. Хүний доор орчихгүй, дээрэлхүүлдэггүй омголон залуус байсан.
-Жүжигчний ангийнхан байж дуулж хуурдлаа гээд багш нар тань уурладаг байв уу?
-Тайзны ярианы багш Р.Уртнасан гэж хүн бий. Одоогийн энэ нийгмийн хөшигний цаана байдаг арын хаалга, бялдуучлал үйлчилдэггүй, жинхэнэ зарчимч хүн дээ. Бид тоглолт гээд хичээл их тасална. Тэр хүн бидэнд муу тавиад зөндөө унагаж байсан. Та нарын урлаг соёл хамаагүй, нэг ажлыг нөгөөгөөр алж болохгүй гэнэ. Бид шөнө ангидаа цуглаж хичээлээ хийгээд дүнгээ авна. Түрүүний чиний хэлдэг шиг атаман байсан гэдэг үнэн. Залуу хүүхдүүд алдаж байсан юм зөндөө. Нэгнийгээ хөөргөөд архи дарс ууж, зодоон цохион хийнэ. Дуу хуур гээд хичээлээ тасалж, кредит хүрэхгүй үе ч бий. Багш нарын зөвлөлийн хурлаар орж хасагдахдаа тулж байхад Г.Жигжидсүрэн багш бидэнд итгэж олон удаа аварч байсан. Гэлээ гээд итгэлийг нь алдаагүй ээ. Хатуу чанга, сахилга баттай мундаг багш нарын шавь байсан тулдаа одоо бид нүүрийг нь улайлгахгүй явж байна.
Ийн бидний яриа амьдралын утга учир, аз жаргалын тухай цааш хөврөв. Нэлээд гуйлгасны эцэст ярилцлага өгсөн тэрбээр анх уулзахад их зантай мэт сэтгэгдэл төрүүлсэн ч төд удалгүй тэр төрх оргүй алга болж ямар ч баггүй, бодсоноо л хэлдэг шулуун шударга, илэн далангүй нэгэн болж хувирсан.
Б.Дөлгөөн