Циркийн манежнаа амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлж хүн бүрийн сэтгэлд алиа хошин зангаараа хоногшиж чадсан алиалагч Латиф хэмээх эрхэм хүнийг Монголын ард түмэн мартах учиргүй. Өдгөө түүний хийж бүтээж байсан бүхнийг үргэлжлүүлэн хийх хоёр сайхан хүү түүнд бий. Түүний бага хүү Л.Нурбулан СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Эцгийнхээ шийрийг хатааж алиалах урлагт хүчин зүтгэж яваа тэрээр хүүхдэд зориулсан уран бүтээл ховордсон энэ үед “Хандгай” нэртэй хүүхдийн театрыг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Жүжигчин Л.Нурбулантай амьдрал уран бүтээлийнхэн талаар илэн далангүй ярилцлаа.
-Зуны амралтаа яаж өнгөрүүлж байна. Шинэ кинонд тоглосон гэв үү?
-Зуны амралтаараа хоёр ч инээдмийн кинонд тоглолоо. Удахгүй үзэгч түмэндээ хүрэх байх. Нэгэн дээр нь согтуу хүний дүрд тоглолоо. Согтуу хүн талбай дээр явж байгаад асуудал гаргадаг тиймэрхүү хэсэгт гарна. Эдгээр хоёр киноны нэр одоогоор товлогдоогүй байгаа. Нэгийг нь найруулагч Төмөрхуяг, нөгөөг нь “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа найруулсан. Бас Эрдэнэтийн нэг залуу дуучны клипэнд тоглосон.
-Хурим найр, хүүхдийн төрсөн өдөрт их уригдана биз?
-“Tuul garden” ресторан, Алтай хоолны газар гээд Улаанбаатар хотын төв газруудад хурим найр ялангуяа хүүхдийн төрсөн өдөрт их очиж байна. Бусад үед гэртээ суваг солиод суух юм байна ш дээ.
-“Ээжийн дайсан кино”-ны цагдаагийн дүрд тоглож байсан. Хамгийн анх дэлгэцийн ямар бүтээлд дүр бүтээж байсан бэ?
-Анх “Миний ижий” гээд Монголын уран сайхны кинонд нэг хүүхэд скитээр гулгаж яваад, хүнийг мөргөдөг хэсэг байдаг. Тэр хэсэгт тоглож байлаа. Харин “Домгийн өглөө” түүхэн клип бол, миний анх удаа оролцож байгаа томоохон дүр л дээ. Алиа салбадайн дүрд тоглосон. СУИС-ийн драмын ангийг төгсчихөөд 2003 онд “Ромьео Жульетта”-д тоглож байлаа.
-Скит гэснээс найзууд чинь таныг мундаг скитчин гэдэг юм байна лээ. Багадаа ямаршуухан хүүхэд байв?
-Жаахан удаандуу тайван хүүхэд байсан. Дандаа инээмсэглэж явна. Намайг Найрамдал зусланд байхад манай багш хүүхдүүдэд Нурбулан шиг байж инээж хөгжилтай байгаач ээ гэж хэлж байсан санагдаж байна. Зураг зурах дуртай хүүхэд байлаа. Шугам зураг зурахдаа сайн. Ямар ч шулууныг шугам хэрэглэхгүйгээр гараараа татаад зурчихдаг.
Скитний талаар бол ортой магтаал байна. Багадаа өдөржингөө талбай дээр скитээр гулгадаг байлаа. Скитээр чамгүй сайн гулгачихна. Тухайн үед хотод болж байсан скитийн тэмцээнд түрүүлж байлаа шүү дээ. “Люмино” хамтлагийн дуучин МС буюу Д.Тэмүүжинтэй цуг тоглодог байлаа. Миний хувьд скитээр Монголдоо эхний хоёрт орно гэдгээ хаана ч ам бардам хэлж чадна. Нэгт DJ Өөжий буюу О.Ганболд ордог. Хоёрт уг нь О.Ганболдын төрсөн ах нь байсан юм.
Яваандаа би О.Ганболдын дайны гулсдаг болсон л доо. DJ Өөжий бол Монголд скитийг анх гаргаж ирсэн залуу байхгүй юу. Тэр залуугаас их юм сурсан, скитийг маш сайн сурсан. Яах вэ, кинонд скитээр гулсаж байгаа хэсгийн зураг авья гэвэл би нилээд хэдэн үзүүлбэрийг хийчихнэ. Скитээр чинь бараг 4-5 жил гулссан даа.
-Одоо ч гэсэн хааяа гулсана биз дээ?
-Одоо бол талбай дээр гулсах зав гардаггүй. Хааяа тайзан дээр хэрэглэдэг. “Ирмүүн” агентлагийн “Цондоолой Цүндээлэй хоёр эмгэн шулмыг дарсан нь” жүжигт би хоёр жил эмгэн шулмын дүрд тоглосон. Тэгэхдээ скитээр гулсаж тоглосон. Энэхүү жүжгийг УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин найруулж байсан юм. Жүжигт “Алтан унага” театрын урилгаар очиж тоглосон.
-Бага насныхаа хамгийн хөгжилтэй дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Хөгжилтэй дурсамжаар баян хүн шүү дээ, би. Багадаа их шударга хүүхэд байсан.Нэг өдөр тооны хичээлийн шалгалт өглөө. Би гэдэг хүн бодлогоо бодож чадахгүй суугаад л байлаа. Гарья гэсэн ч бодлогоо бодоогүй юм чинь гаргахгүй шүү дээ. Хүүхдүүд нэг нэгээрээ гарсаар. Тэгээд сүүлдээ шалгалтын хуудсаа халааслачихаад гараад явсан. Дараа нь шалгалтын цаас тоолоход баригдчихгүй юу. Тэгээд “Нура чи яасан зоригтой юм бэ улсын бүртгэлтэй дэвтэрийг халааслачихаад гарч явдаг” гээд загнуулж байсан юм.
Намайг гуравдугаар ангид байхад тэр үед Оросын том ерөнхийлөгч нар дараалаад өнгөрсөн юм. Тэгээд Оросын телевизээр үдэж өгөх ёслолын парадыг үзлээ. Тэр үед Оросын том сайд нарын зураг манай сургуулийн хүндэтгэлийн самбарт өлгөөтэй байсан байхгүй юу. Улсын тэргүүлэгчид билүү сайд нарын зөвлөл гэсэн нэртэй самбар.
Би нэг зургийг буулгаж аваад гашуудлын ая амандаа аялан сургуулийн коридороор парадыг дууриаж урвайсан царайтай доошоо харан алхаж явав аа. Хүүхэд юм чинь тоглож байгаа нь тэр. Тэгээд багшид баригдаад бүүр сургуулийн захиралтай нүүр тулж байлаа. Командлалын үед сургуулийн коридороор тэгж гашуудлын ая аялан алхаж явсан юм даа.
-Та аавынхаа нэрэмжит хүүхдийн “Гэрэлт хандгай” театрыг үүсгэн байгуулсан. Театрынхаа үйл ажиллагааны талаар сонирхуулаач?
-Хандгай театраа байгуулаад жил хагасын нүүр үзэж байна. Хүмүүс намайг “ганц хүний театр байгуулсанд баяр хүргэе” гэж хэлдэг юм. Гэхдээ би ганцаараа биш ээ. Зарим хүмүүст одоохондоо ганц хүний театр юм шиг харагдаж магадгүй. Жүжигчдээ одоогоор гэрээгээр авч ажиллуулдаг. Үндсэн бүрэлдэхүүний хувьд гэвэл 4-5 хүний бүрэлдэхүүнтэй. Цалин байр, оффис гээд олон асуудал байгаа.
Театр байгуулах тийм ч амар ажил биш гэдгийг ойлгоод л байна. “Ямар нэгэн зүйлийг эхлүүлсэн л бол тухайн ажлын 50 хувьд хүрлээ гэж бод” хэмээн нэгэн мундаг хүний хэлсэн үг байдаг юм байна лээ. Одоо 50 хувь дээрээ явж байна ямар ч байсан удахгүй эхлүүлсэн ажлаа 100 хувьд хүргэнэ дээ.
-Монголд хүүхдийн хичнээн театр байдаг вэ. Танай театр юугаараа ялгардаг вэ?
-Хүүхдийн театр цөөхөн. Манай театр алилагчийн төрлийг бага зэрэг драмтай хослуулж авч явна гэсэн үндсэн зорилготой. Өөрөөр хэлбэл, үгийн урлагийг алиалагчийн төрөлтэй хослуулж байна гэж ойлгож болно. Цаашдаа ч хүүхдийн жүжгээр дагнаж явна.
-Ер нь монголчуудын хошин шогийн мэдрэмж хэр вэ. Алиалагч амаргүй мэргэжил шүү?
-2010 онд циркийнхэнтэй хамт Турк улсад зургаан сар алиалагчаар тоглож ирсэн.Туркт байхдаа алиалагчийн төрлийг маш сайн мэдэж авсан.
Би чинь драмын, кино жүжигчин мэргэжилтэй болохоос биш алиалагчийн мэргэжилд тийм гарамгай биш ээ. Багаасаа аавтайгаа циркийн цэнхэр байшин дотор өссөн болохоор жонглёр, илбийн үзүүлбэрийг сурсан. Тэгээд гарцаагүй алиалагчийн төрөл рүү орчихсон юм. Манайд циркийн төрлийг тэр болгон ойлгоод байдаггүй юм шиг санагддаг. Манайхан нүүр амаа будаад, гоё зогссон хүнийг л алиалагч л гэж ойлгоод байх шиг ээ. Уучлаарай тийм биш шүү.
-Таныг нэрт алиалагч Латиф агсаны отгон хүү гэдгийг Монголын ард түмэн сайн мэднэ. Аавын хүмүүжил хүүхдүүддээ их нөлөөлсөн байх?
-Би гурван ах, нэг эгчтэй. Том ахыг маань Арман гэдэг. Казахстанд амьдарч байна. Дунд ах Нурзада маань Ушугийн багш байсан. Одоо Түрк улсад ажиллаж амьдарч байна. Байзада ах багаасаа урлагаар явсан. Эгч Бибигуль маань төгөлдөр хуурч.
Бид тав энгийн гэрийн хүмүүжлээр өссөн дөө. Яг л бусдын адил. Аав маань нэг их командлаж хүмүүжүүлээгүй. Тамхи битгий татаарай гэж хэлдэг байсан гэсэн. Аав маань их ховор уурладаг хүн байсан. Жилдээ бараг хоёрхон удаа уурлана. Ээжийг маань Елемес гэдэг. Ээж тогооч болохоор бид тав хийсэн хоол бүрийг амтархан иддэг байлаа. Манай ээж одоогоор Баян-Өлгий аймагт энх тунх амьдарч байгаа. Сүүлийн үед аавынхаа тухай ярихаар уйлах гээд байдаг болчихжээ. Аавыгаа өнгөрснөөс хойш өвөрт нь унтаж байгаагаар өдөр болгон зүүдэлж сэрдэг.
-Тэгвэл аавынхаа амин хүү байжээ. Аавын тань тоглож байсан дүр нь ойрхон санагддаг байх?
-Тийм шүү. Хэд хоногийн өмнө аавынхаа тоглож байсан “Улаан дарцаг” киног гэртээ ганцаараа үзэж суухдаа өөрийн эрхгүй уйлсан. Аав маань тухайн хэцүү цаг үед кинонд ямар мундаг тоглож байсан бэ гэж бодож ааваараа бахархах сэтгэл улам их төрсөн.
-Танай аавыг яах аргагүй гавьяат авах гавьяатай хүн гэдгийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрдөг. Амьд ахуйдаа гавьяат цол авч амжсангүй. Нэхэж олговол тэнгэрээс харах байх, бас ард түмэн баярлах гэж бодож явдаг юм?
-Манай аавыг 37 настай байхад Драмын театраас гавьяат цолонд тодорхойлж байсан юм байна лээ. Тэгсэн чинь намын гишүүн биш, жаахан уудаг барьдаг хэмээн социализмын үед мушгиж байжээ. Уудаг гэдэг үгийг чинь бүүр гэр бүл нь тогтворгүй гээд мушгиж байсан гэсэн шүү. Аав маань ээжийг хэзээ ч гомдоож байгаагүй. Таван сайхан хүүхэдтэй. Өөр хүнтэй амьдрал зохиож байгаагүй. Нэг л хүнтэй хамт байсаар байгаад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн дээ. Гавьяат цолыг амьд байхдаа аваагүй ч гэсэн ард түмэн хүсэн хүлээж байгаа. Тиймээс аавд минь гавьяат цолыг нэхэн олговол зүгээр юм болов уу гэж боддог шүү. Гэхдээ бас амьд ахуйд нь өгөөгүй зүйлийг одоо авах хэрэг байна уу ч гэж бодох л юм. Монголчууд бүгдээрээ аавыг маань сайн таньдаг, мэддэг, хүндэлдэг. Манай аавд “Ард түмний гавьяат”-ыг өгсөн. Гавьяат цолыг нөхөн олголоо гэж өгвөл Монголын ард түмэн баярлах байх. Би үнэндээ энэ тухай нэг их юм яримааргүй байна. Том асуудал л даа.
Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай бол миний багш. Тэр хүн Нура аавд чинь тухайн үед гавьяат цолыг өгсөн бол аав чинь лав гурван жил амьд явах байсан гэж хэлж байсан юм. Манай аав чинь гал цогтой хүн байсан. Аав маань нэг сэтгэлээр унахдаа гэнэт доошоо унадаг эрсдэлтэй хөдөлгөөнтэй хүн байж. Тэр нь ч үнэн байх. Би жаахан байсан болохоор сайн санахгүй байна.
-Танай аавын мэргэжлийн найз нөхдийн хүрээлэл одоо хүртэл байдаг байх, тийм үү?
-Ялангуяа 70-80 аад оны хүүхдүүд ирээдүйд яаж амьдрах тухай ярьдаг байсан юм. миний үеийнхэн бор зүрхээрээ явсаар өдийг хүрсэн. Манай аав ээжийн үеийнхэн бүгд зах зээлийн шуурганд өртсөн шүү дээ. Босох нь босоод, унах нь унаад манай гэр бүлийг ч мөн адил энэ шуургыг тойроогүй дайраад л гарсан.
Одоо ч тэгээд цаг үе ч өөр болж, улам нээлттэй. Аав чинь мундаг хүн байсан аавынхаа мэргэжлийг сайн авч яваа шүү гэж хэлдэг хүмүүс их бий. Тэрнээс биш учиргүй буян хийгээд тус болсон хүнийг би лав мэдэхгүй. Аавыг маань байхад маш их хүрээлэлтэй манай гэр дүүрэн, халуун дулаан байсан. Хатуу үнэнийг хэлэхэд аав маань өнгөрөхөд бүх юм аавтай цуг явсан. Эзэнгүй юм шиг л болсон шүү. Ер нь эцсийн эцэст ямар ч хүн өөрөө өөрийгөө бүтээж, хамт олноо бүрдүүлж явна шүү дээ.
-Дуучин Байзда СТА цолыг бас орой авлаа шүү дээ. Гавьяат цол авчихвал аавынхаа цолыг давхар авсантай эн тэнцэх байх. Ахынхаа талаар бас ярихгүй юу?
-Байзда ах маань гавьяат авчихвал муу аав маань тэнгэрээс маш ихээр баярлах байх даа. Манай ахад СТА цолыг бас орой өгсөн нь үнэн 90-ээд онд охидын үсийг тайруулж, үүргэвч үүрүүлж байсан хүн бол манай ах. Тухайн үед охидууд манай гэрийн утас руу залгаж ээжээс Байзда ахын тоглолтын билетийг гуйж авдаг байлаа. Ахыг гэрт байхгүйд охидуудаас бөөн бэлэг ирнэ. Би эхэндээ ах байхгүй гэж хаалгаа хаачихдаг байсан. Тэгээд сүүлдээ сурсан за ахад энийг өгөх юм уу гээд бэлгийг нь аваад хаалгаа хаадаг болсон. Ийм л байлаа шүү дээ, манай ах. Ёстой л тарган гурав гэдэг шиг ах маань дөрвөн жилийн өмнө өөрийнхөө бие даасан тоглолтын үеэр СТА цолоо ам бардам авсан шүү.
Манай ахыг сонсогч фенүүд нь сүүлийн үед яагаад чимээгүй болчихов гэж бодож байж магадгүй. Сүүлийн үед “Гурван бүдүүн”, “Sync”, “Мотив” зэрэг хамтлагуудад дуугаа өгч байгаа юм байна лээ. Бодвол ая зохиогч болохоор шийдсэн байлгүй.
Манай ах чинь Монголын хөгжмийн урлагийн нэгэн том төлөөлөгч шүү дээ. Бараг дөрвөн сарын өмнө ахтайгаа хамт телеизийн нэвтрүүлэгт орлоо. Хөтлөгч нь та хоёрт аав чинь авьяасаа тэнцүү хуваагаад өгсөн гэж хэлсэн. Үнэндээ аав авьяасынхаа 80 хувийг Байздаа ахад, үлдсэн 20 хувийг надад өгсөн юм шиг ээ. Манай ах үнэхээр авьяастай. Төгөлдөр хуур тоглоод дуулахад нь ямар ч гадаад хүн шууд уярдаг байхгүй юу. Ах маань тийм л гайхалтай пионист, гайхалтай дуучин шүү дээ.
-Уран зохиол, яруу найраг таны сонирхлын багагүй хувийг эзэлдэг. Таны уншсан бэсрэг өгүүллэг, шүлгүүд хүмүүст их хүрсэн. Магадгүй тэр бүр жүжигчдээс та л уран уншлагын төрөлд нэлээд анхаарал хандуулдаг байх аа?
-Одоо ч гэсэн хэд хэдэн өгүүлэг дээр ажиллаж байна. Миний хувьд нийт 90 гаруй зохиол уншсан юм байна. Өгүүллэгийн төрөл маань сүүлийн үед хэцүү болчихоод байна. Тэр болгон ном уншаад байх зав ч гарахгүй юм. Зарим телевизүүдийн зүгээс хуучны, тэр болгон ном зохиол нь олдоод байдаггүй зохиолуудаас уншаач гэсэн санал ирсэн л дээ. Одоо үед 80-аад оны сэдэвтэй тэр дундаа мал аж ахуйн сэдэвтэй зохиолыг дээл өмсөөд уншвал манай хотынхонд таалагдахааргүй болчихоод байна. Яг орчин үеийн хотынхонд зориулсан зохиол цөөхөн байна. Байгаа нь тууж л юм даа. Энгийн, инээдмийн биш зохиол зөндөө бий.
Би уянгын өгүүллэгт дуртай. Ээжийн тухай хайрын тухай. Залуучуудад ээжийг нь бодуулах амьдралд сөхрөхгүйгээр босгох гэсэн гол санаатай өгүүллэг уншдаг байлаа. Энд тэнд баяр наадамд оролцоход бүсгүйчүүдийг магтсан шүлэг нэг их байдаггүй юм байна лээ. Эрчүүдийг л дандаа магтаад байдаг. Бүсгүйчүүд суучихаад одоо биднийг магтаачээ гэдэг юм. Ээжийн тухай шүлэг бол надад зөндөө бий. Уншихаар залуучууд уйлдаг юм. Би чинь цагтаа УИХ-ын гишүүнийг хүртэл ээжийн тухай шүлгээрээ уйлуулж байсан хүн шүү дээ.
-Энэ тухай дэлгэрэнгүй ярьвал…
-Үг гэдэг чинь сонин юм. Хүнд хүчтэй нөлөөлдөг үг ч байна. Үгийг гурван настай хүн хүлээж авах нь нэг өөр, гучин настай хүн хүлээж авах нь нэг өөр байдаг юм. Харин тавиас дээш гарсан хүмүүс үгнээс илүү их үнэ цэнийг олж авдаг юм шиг ээ. УИХ-ын сонгуулийн үеэр Төв аймагт нэр дэвшсэн эрхмийн хамт явсан юм. Сонгуулийн сурталчилгааны гэрт дан дөчөөс дээш насны хүмүүс сууж байсан юм.
Би гурав дөрвөн шүлэг уншлаа. Б.Лхагвасүрэнгийн “Ээжийтэйгээ байхад би баян байсан” гэдэг шүлгийг уншихад нөгөө нэр дэвшигч маань уйлсан юм. Энэ шүлгийг хүн бүхэн мэддэг юм шиг мөртлөө яг үг, мөрөөр нь тэр болгон мэддэггүй. Тэгэхэд өөрөөрөө бахархаж байлаа. Миний шүлгийг сонсож олон хүн уйлсныг харах тэр мөчид, яг тэр гэр дотор би үг гэж ямар үнэ цэнэтэй байдаг юм бэ гэдгийг ойлгосон доо.
– “Үгийн өвгөн утгын таягыг тулмуй” гэдэг сайхан үг бий. Сүүлийн үед хүмүүс номыг хүртэл хэлбэр талаас нь тайлбарладаг юм шиг санагддаг уу?
-Одоо ч манайд яруу найраг сонсдог хүмүүс цөөрчээ. Долоо хоногийн Топ 10 ном, бестселлер л гээд байгаа бүгд надад таалагддаггүй юм. Манайхан хэтэрхий хэлбэр барьсан, номыг хүртэл загвартах хэрэгсэл болгох гээд байх юм. Зурагтын зарим нэвтрүүлгээр хүмүүс нэг нэгэндээ ном бэлэглэж байгаа харагддаг. Эсвэл зарим нь нэг их номын сантай хүн харагддаг. Тэгээд тэндээсээ англи ном гаргаж ирээд л хаанаас авчирсан гэдгээ л сурталчилдаг. Нөгөөдөхөө уншсан, үгүй нь эргэлзээтэй. Тухайн номонд юун тухай өгүүлдгийг ер ярьдаггүй.
Бидний дээд үеийн үгийн урлагийг ард түмэндээ хүргэж чадсан үгийн мастерууд гэгддэг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, СГЗ, жүжигчин Г.Равдан нар номыг арай өөрөөр тайлбарлана. Ном зохиолд сэтгэл зүрхээ өгсөн хүн гэдэг чинь өөр шүү дээ. Хэрвээ эдгээр эрхмүүдийн гэрээр орж гарах юм бол захын явсан номыг номын сангаасаа аваад эхнээс нь дуустал ярьж өгч чадах байх. Ядаж л энэ номонд ийм юм гардаг, энэ тухай өгүүлдэг гээд жаахан хаяхад л хүмүүст номыг унших юмсан гэсэн хүсэл төрнө шүү дээ.
-Та уншсан өгүүлэгүүдээрээ сонсдог цомог гаргах уу?
Одоохондоо гаргаагүй л байна. Сая өөрийнхөө уншсан өгүүллэгүүдээ CD-нд буулгасан юм. Дөрвөн CD болж байна. Яваандаа сонсдог CD гаргах бодолтой байна. Харин удахгүй ирэх он гэхэд хүүхдийн CD гаргачих байх.
-Таны хувьд СУИС-т театрын найруулагчийн мэргэжлээр сурч байна. Таны бодлоор хүүхдийн жүжиг ямар байх ёстой вэ?
-Би СУИС-ийн драмын ангийг төгссөн. Төгснөөс хойш 10 гаруй жил өнгөрчээ. Одоо театрын найруулагчаар сурч байна. “Дөрөв хүртэл тоолоход жүжиг”-ээрээ би магистраа хамгаалахаар бэлтгэж байна. Магистраа хамгаалсны дараа нилээд том хэмжээнд жүжгээ тавих бодолтой байна. Би хүүхдийн цэцэрлэгүүдээр тоглох бүртээ давхар судалгаа явуулдаг. Хүүхдийн жүжгийг болж өгвөл үйл явдал шууд өгсөхөөр хийх ёстой. Хамгийн гол нь үйл явдал нь тасрахгүй байх хэрэгтэй.
-Та Монголын олон мянган хүүхдэд инээд бэлэглэж байна. Өөрийнхөө хүүхдэд хэр цаг зав гаргаж байна даа?
-Хүүхдүүдэд инээд бэлэглэх нь миний ажил юм даа. Гэхдээ өөрийнхөө хүүхдэд цаг зав гаргалгүй яахав. Охин маань нэг ой дөхөж байна. Тиймээс ойрын үед нэг насны ойг нь хэрхэн тэмдэглэх талаар бодоод л байгаа. Хүмүүс хүүхдийн нэг насны ойн баярт их бэлгэшээж очдог болохоор тэмдэглэмээр санагдаад байгаа юм. Гэхдээ найзууд, ойр дотны хүмүүсийнхээ хүрээнд даруухан тэмдэглэх байх.
-Ингэхэд ханьтайгаа хэзээ учирав?
-Бас төрсөн өдрөө тэмдэглэж яваад амьдралынхаа ханьтайгаа таарсан. Тэр өдөр Нура чи ганцаараа хорвоог туулах боломжгүй гэдэг дохиог бурхан надад өгч ханийг маань илгээх шиг санагдсан. Бид хоёр чинь маш хурдан хугацаанд гэрлэсэн хоёр шүү дээ.
-Эхнэр чинь уран бүтээлийг чинь хэр дэмжиж байна вэ?
-Эхэндээ ойлгохгүй тал байсан шүү. Оройтохоор яагаад оройтчихдог юм бэ гээд л. Шинэ жил баяр ёслолд их очно. Зарим шинэ жилд ганц хоёр эрэгтэй 60 нь эмэгтэй байх жишээтэй. Тэр үед баахан хунгийн сүрэгт орсон юм шиг санагддаг шүү дээ. Олон газар очсон доо. Том том үсчний баяруудад очно. Иймэрхүү юмнаас болж эхэндээ явуулах дургүй байсан шүү. Одоо бол намайг 100 хувь ойлгосон. Дандаа миний талд.
-Таны мөрөөдөл юу вэ?
Эхний ээлжинд хүүхдийн сонгодог жүжгийг хийж үзэх юмсан гэж боддог. Одоохондоо хүсэл мөрөөдлийн арван хувьд ч хүрч байна. Цаашдаа бүгдийг нь биелүүлэхсэн гэсэн тэмүүлэл байна. “Гүйж яваа хүн л бүдэрдэг. Мөлхөж яваа хүн хэзээ ч унадаггүй” гэсэн үг байдаг. Тэгэхээр ямар ч байсан хүссэн оргил өөдөө мөлхөөд ч болох нь ээ мацаж байя, дундаа хэд бүдэрсэн ч яахав босоод л цаашаа урагшлах болно гэж боддог. Гутранги хүн боломжтой зүйлийг ч боломжгүй болгож хардаг. Өөдрөг хүн юунаас ч боломжийг олж хардаг. Тиймээс ямагт өөдрөг явах болно.
Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа
Т.Жанерке
Эх сурвалж: time.mn