Амьд хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгардаг хамтлагийн нэг бол “А-Sound”. Галт тэрэг эсвэл автобусны цонхоор нь ширтэнгээ тэдний дууг сонсоод явах нэг л гоё бас амттай мэдрэмж төрүүлдэг. Долоон жилийн өмнө байгуулагдсан ч энэ хамтлагийн дууг нь сонсдог, шинэ уран бүтээл хийхийг нь хүлээж, догдолдог сонсогч олон бий. Тиймээс “А-Sound” хамтлагийнхантай /Дуучин Ц.Тэмүүлэн, Аргил гитарчин Д.Мөнхболд/ уран бүтээл, тоглолтынх нь талаар ярилцлаа.
-Танай хамтлаг сарын дараа бие даасан тоглолтоо хийхээр товоо гаргасан байсан. Тоглолтын бэлтгэл гээд ажил ихтэй байна уу?
Д.М: Манай энэ удаагийн тоглолт өмнөхөөсөө арай өөр, өвөрмөц байх болно. Яагаад гэвэл үлээвэр найрал хөгжим, оркестртой хамтарч “Зуун наст” , “Release” цомогт орсон дуунуудаа шинэчилж дуулах юм. Тоглолтын бэлтгэлд доод тал нь сарын хугацаа зарцуулдаг. Одоогоор өдөр бүр 12.00- 20.00 цаг хүртэл бэлтгэл хийж байгаа. Дээр нь оркестртой хамтарч тоглох болохоор бэлтгэл бүр удаан хугацаанд хийх хэрэгтэй байх.
-Та бүхэн фенүүддээ ямар оройг бэлэглэхээр төлөвлөж байна вэ?
Ц.Т: Сонгодог хөгжим орж байгаа болохоор их л сонгодог орой байх. Соёлын төв өргөөнд болохоор хүмүүс бүгд л суугаад үзнэ. Өмнөх тоглолтууд ихэвчлэн босоо болдог байсан бол энэ удаагийнх бидний хувьд ч шинэлэг.
-Дуунуудыг чинь сонсохоор үгнүүд нь цаанаасаа л урсаад гараад ирсэн юм шиг санагддаг. Ялангуяа аян замд, гал тэргэнд явж байхад сонсохоор нэг л амгалан мэдрэмж төрүүлдэг. Нууц нь юундаа байгаа юм бол?
Д.М: Яагаад ийм мэдрэмж төрүүлдгийг нь мэдэхгүй. Гэхдээ үг нь энгийн, нуршсан биш, сонирхолтой байдаг байж болох юм.
Ц.Т: Дуунуудыхаа үгийг Мөөгий бид хоёр зохиодог. Тэгэхээр хувь хүний мэдрэмж л тийм байгаа байх. Магадгүй үг нь хүнд тайван, ганцаараа сонсоход тохиромжтой байдаг байж магадгүй.
-Ер нь үгнүүдээ яаж зохиодог вэ. Онгод нь хаанаас ирдэг вэ?
Д.М: Тухайн үеийн мэдрэмж нөлөөлөх байх. Миний хувьд эхлээд утгаа боддоггүй. Заавал ийм зүйлийн талаар бичнэ гэж хайрцаглаад байдаггүй. Ганц хоёр үг бичиж байтал цаашаа урсаад ороод ирдэг. Би аяа сонсч байгаад, аялгуундаа тааруулж бичдэг. Би Монгол шүлэгнүүдээ, Тэмүүлэн английг нь бичдэг.
Ц.Т: Би дуугаа гитар дээр зохиодог. Аялгуу ганц хоёр үгийн “бонустай” орж ирдэг. Үүнийгээ цааш нь бодоод, хөгжүүлээд л байшингийн тоосго өрж байгаа юм шиг л бичдэг. Заримдаа үг орж ирэхгүй бүр гацчихдаг. Жишээлбэл, манай “Шал дэмий” гэдэг дуу эхний бадагтайгаа гурван жил болж байж төрсөн. Мөн би “Forever” дууныхаа үгийг гурван жил шахам бичсэн. Эхний бадгийг нь 2004 онд бичсэн. Харин сүүлчийн бадгийг нь 2007 оны сүүлчээр бичсэн.
-Та нарыг хамгийн их зовоож “төрсөн” дуу гэвэл?
Ц.Т: Хамгийн амархан бүтсэн дуу нь “Shine on” шиг санагдаж байна. Хамгийн хэцүү нь “Зуун наст” цомогт орсон “Beautiful waves shaking your brain just to tell” байсан. Энэ дууны шүлгийг бичих хэцүү байсан ч миний бодлоор хамгийн чанартай болсон гэж бодож байна. Манайд англи, монгол дуу 50, 50 хувьтай л байгаа байхаа.
-Амьд хөгжмийн хамтлаг уран бүтээл хийхэд их хугацаа ордог байх. Гэхдээ үзэгчид сонсох дуртай хамтлагаасаа байнга л шинэ зүйл хүсч байдаг. Тэгэхээр ойрын хугацаанд сонсогчиддоо ямар бэлэг барих вэ?
Д.М: Энэ ондоо тоглолтоо хийхийн зэрэгцээ “Зуун наст” цомгийнхоо “Lullaby”, “In the Night” хоёр дуундаа клип хийнэ. Мөн ирэх оноос өмнө нэг шинэ дуу гаргахаар төлөвлөж байна.
Ц.Т: Амьд хөгжмийн хамтлаг үг, ая бүгдийг нь өөрсдөө хийдэг болохоор нэг бүтээл их удаж мэндэлдэг. Мөн олон хүн байгаа болохоор бүгд л хувийн амьдралтай байдаг. Гэхдээ ерөнхий нэг хэтийн төлөвлөгөө бий.
-Сүүлийн үед амьд хөгжим сонсдог, сонирхдог залуус нэмэгдэх болсон. Нөгөө талаас энэ чиглэлийн шинэ хамтлагууд ч олширчээ.
Д.М: Шинэ залуу хамтлагууд олноор нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Тэднийг шүүх хамгийн сайн шүүгч бол сонсогчид. Тэд сайн уран бүтээл хийвэл сонсоно. Муу бол мэдээж хэн ч тоохгүй. Бид нар нэг их шинэ залуу хамтлагуудыг зааж, зөвлөөд байх насан дээрээ ирээгүй байна.
Ц.Т: Ямар ч юм дараалалтай байдаг. Хөгжим ч гэсэн адилхан. Монголын амьд хөгжим нэг хэсэг байхгүй болчихсон байсан ч эргээд сэргэж байна. Мөн хөгжмийн урсгал их олон болж, салаалж байгаа болохоор тэр хэрээр залуусын сонсох зүйл хувьсах болсон.
-“А-Sound” хамтлаг энэ олон амьд хөгжмийн хамтлагуудаас юугаараа ялгардаг юм бол?
Д.М: Уран бүтээлээрээ л ялгарна шүү дээ. Манай хамтлаг бол хүнд рок гэхээсээ илүү энгийн поп маягийн хамтлаг.
-Та нар багадаа ямар хөгжим сонсдог байв. Бас амьд хөгжимд анх яагаад дурлах болсон бэ?
Д.М: Классик, поп чиглэлийн хамтлаг сонсдог байсан. Тухайлбал, “Beatles”, “Queen” гэх мэт. Манай хамтлагийн одоогийн стилл “Coldрlay” хамтлагтай төстэй байж магад. Би багадаа гитар тоглодог байсан болохоор амьд хөгжимд дуртай болсон. Хүн тоглохыг нь харах биш өөрөө тоглож сурсан нь надад гоё санагдсан. Тэгээд л дуунд татагдсан байх.
Ц.Т: Миний хувьд хамгийн их нөлөөлсөн хамтлаг бол “Queen”. Оюутан байхдаа гитар тоглож сураад, нэг хэсэг түүнийгээ өвөртлөөд унтдаг байлаа. Үнэхээр сонирхдог хүмүүс нь л сурдаг юм шиг санагддаг. Гитар тоглож сурахад “Cold Play” хамтлаг нөлөөлсөн. Харин би багадаа нэг их дуулдаг байгаагүй. Ичимхий болохоор гэртээ ганцаараа л дуулдаг байлаа. Ер нь хөгжимд дургүй хүн гэж байдаггүй байх. Юмны үндсийг ухаж, учрыг нь олох дуртай хүмүүс амьд хөгжим сонсдог байж магадгүй. Тэгээд амьд хөгжим гэж яагаад нэрлэсэн юм бэ гээд бодохоор их сонин. Амьдын эсрэг нь үхчихсэн. Тэгэхээр хүн ч гэсэн амьдрахыг хүсдэг болохоор л амьд хөгжим сонсдог байх.
-Та хоёрын хамгийн анх зохиосон шүлэг гэвэл?
Д.М: Би “Бага нас” гэдэг шүлэг 1998 онд бичсэн. Энэ шүлгийг “Fire” хамтлаг дуу болгосон. Хамтлагийн анхны дууны шүлэг гэвэл “Шал дэмий”.
Ц.Т: Нэг охинд дурлаад, намайг тоогоогүй л дээ. Түүнд зориулж нэг их уйтгартай гутралын шүлэг бичиж байсан. Гэхдээ тэр шүлэг дуу болоогүй ч би их дуртай.
-Хамтлагуудын хувьд санхүүжилтийн асуудал хүнд байдаг. Үүнийг танайх яаж зохицуулж байна вэ. Нөгөө талаас шинэ залуу хамтлагуудыг гаргаж ирдэг компаниуд байх ёстой гэж ярих болж. Энэ талаар юу гэж бодож байна?
Ц.Т: Амьд хөгжим өртөг өндөртэй. Наад зах нь хөгжим, тоног төхөөрөмжөөс эхлээд. Бид 2006 оны наймдугаар сараас 2007 оны дунд үе хүртэл ковер дуулаад явдаг байсан. Гэхдээ тэр үе маш сайн бэлтгэл болсон. Харин одоо аль хэдийн долоон жил өнгөрч, нэг үеэ бодоход хөлөө олчихсон байгаа. Бид анх “Hi Fi”-тай гэрээ хийж ажилладаг байсан.
Д.М: Гэхдээ одоо манай залуу хамтлагуудад продюсер хийгээд аваад явчих продакшн нэмэгдсэн гэж хэлж болно. Залуучууд өөрсдөө л хичээх хэрэгтэй. Манай “Зуун наст” цомгийг ивээн тэтгэсэн “Петровис” компанийн Шинэзаяа захиралдаа баярлалаа гэж хэлье. Мөн биднийг байнга дэмждэг “Unitel” компанидаа ч гэсэн баярлаж буйгаа илэрхийлье.
Б.УУГАНБАЯР
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин