Энэ удаагийн дугаарын зочноор драмын театрын сайхан бүсгүй, жүжигчин Т.Хуланг урилаа. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь тухай болон бүсгүй хүний дотоод ертөнц, гоо сайхны талаар ярилцсан юм.
-Зуны улирал ард хоцорчээ. Ярилцлагаа зуны амралтын чинь сонин сайхнаас эхэлье гэж бодлоо?
-Энэ жил хур бороо ихтэй, сайхан зун болж өнгөрлөө. Миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ, ихэнх цагийг зусланд өнгөрөөсөн. Цэвэр агаарт хүүтэйгээ тоглож, Хэнтий аймаг руу аялалаар явсан. Аварга тосон нуурын эрэг дээр хэд хонолоо.
-Нуур хавиар аялагчид их байв уу?
-Манай гэр бүл зун болгон Аварга тосон руу явдаг уламжлалтай. Зуны улиралд манай орныг зорьж ирэх жуулчид их байдаг шүү дээ. Зөвхөн гадаадынхан гэлтгүй манайхан өөрсдөө ч эх орныхоо байгалийн сайхнаар аялах сонирхолтой болсон үе. Тиймээс нуурын эрэг хавиар олон хүн байна лээ. Гэр бүлээрээ, хамт олноороо амарч, зугаалж яваа хүмүүстэй олон таарсан.
-Энэ зуныг сайхан амарч өнгөрөөсөн юм чинь эрч хүчээр дүүрэн байгаа юм байна даа. Шинэ уран бүтээлд орсон уу?
-Манай театрын уран бүтээлчид жуулчдад зориулж “Монгол хуримлах ёс” театрчилсан тоглолтыг өнөөдрөөс эхлэн тоглож байна. Монголчууд хуримын дэг ёсыг эртнээс дээдэлж ирсэн. Бид л мэддэггүй болохоос хуримын ёс цаанаа нарийн утга санаатай байдаг юм билээ. Харин одоо мартагдаад, Монгол уламжлалаараа хуримладаг хос гэж байхгүй болсон. Бид энэ ёсыг дахин сэргээж, залуустаа сурталчлах зорилготой энэхүү жүжгийг тавьж байна.
-Таны хувьд ямар дүр бүтээж байна. Дүрээрээ үзэгчдэд юу хэлэхийг хүссэн бэ?
-Би хүргэний талын бэргэн эгчийн дүр дээр ажилласан. Жүжигт эхлээд бэр гуйх ёсны тухай гардаг. Эцэг эх нь охиноо хадамд гаргаж, инж тасалж өгдөг. Хоёр талын эцэг эхчүүд ерөөлөө хэлж, шинэ гэрт гал голомтоо асааж, найрлаж буй үйл явдал гардаг юм. Монголчуудын хуримлах ёсонд бэргэний үүрэг их байсан юм билээ. Шинэ бэрд зааж, зөвлөх, туслах зэрэг олон үүрэгтэй байж. Муугаар бодоход хос хоёр салахад бэргэнтэй ярилцаж, зөвлөлдсний эцэст шийдвэрт хүрдэг байсан түүхтэй. Харин одоо бол бэргэн гэхээр хуримын ёслол дээр зүгээр л гарын үсэг зурах үүрэгтэй болж. Охид, бүсгүйчүүддээ манай жүжгийг үзээрэй гэж уриалмаар байна. Эр нөхөр, эцэг эхээ хүндлэх, галаа бадраах зэрэг олон зүйлийг сурна шүү.
-“Норовын намтар” жүжигт тоглож байгаа гэж сонссон?
-Манай театр нэг жилийн хугацаанд олон сэдвээр жүжиг тавихыг зорьдог. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан “Норовын намтар” хүүхдэд зориулсан жүжгээ толилуулахад бэлэн болоод байна. Миний хувьд Норовын хамгийн сайн найз Жимсээгийн дүрд тоглосон. XXI зууны хүүхдүүд цахим ертөнц, зурагт хуудснаас мэдээлэл авдаг болж. Харин Жимсээгийн хувьд номтой нөхөрлөж, номоор дэлхий ертөнцийг төсөөлдөг охин. Үүнд л миний ажилласан дүрийн онцлог оршиж байна.
-Таны хувьд олон дүр дээр ажиллаад ачаалал ихтэй байгаа юм байна даа?
-Уран бүтээлч хүний хамгийн жаргалтай үе тайзан дээр байх шүү дээ. Би тэр аз жаргалыг мэдэрч байна. Одооноос уран бүтээлдээ эрчимтэй орох нь. Өнгөрсөн жил манай уран бүтээлдчид “Гамтет” жүжгийг амжилттай тавьсан. Жүжигчин А.Ганчимэг байхгүй тул Офильягийн дүрд би тоглохоор болсон. Мөн жүжигчин Д.Ганцэцэгийн оронд “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжигт ажиллаж байна.
-Театрын сайхан бүсгүйчүүдийн нэгтэй уулзсаных таны гоо сайхны нууцаас асуухгүй өнгөрч чадахгүй нь?
-Эмэгтэй хүн бүр гоо сайхандаа тодорхой анхаарах ёстой гэж боддог. Монгол бүсгүйчүүд өглөө нөхрөөсөө эрт босч нүүрээ янзлаад, цайгаа чанадаг байсан гэдэг. Миний хувьд нууцлаад байх зүйл байхгүй. Аль болох арьсаа амрааж, цэвэрлэхийг хичээдэг. Харин хааяа гоо сайханд ороод мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, тайзны будалт хийлгэдэг.
-Эмэгтэй хүнд хоёр гоо сайхан байдаг гэдэг?
-Бүсгүй хүн гоё сайхан харагдахаас гадна дотроосоо гэрэлтсэн байх ёстой. Би сэтгэлийн гоо сайхныг эрхэмлэдэг. Сэтгэлийн гоо сайхныг илрэл нь хиргүй, цагаан сэтгэл шүү дээ. Эмэгтэй хүн сэтгэлдээ буртаггүй, үргэлж гэрэл гэгээрүү тэмүүлж явбал үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Аливаа зүйлийг сайнаар бодож, сайн хань, сайн ээж байх хэрэгтэй.
-Таны хувьд хэр сайн хань, сайн ээж вэ?
-Сайн хань, сайн ээж байх нь эмэгтэйчүүд бидний үүрэг. Үүргээ биелүүлэхийн төлөө хичээж явна.
-Таны хувьд брэнд гэдгийг чанар гэж ойлгодог уу, эвсэл нэр төрийн баталгаа юу?
-Би брэнд гэдэг үгэнд дургүй. Тиймэрхүү зүйлээр хөөцөлдөхийг хүсдэггүй. Надад үнэхээр зохисон, чанартай байвал хангалттай. Түүнээс үнэтэй хувцас өмслөө гээд сайхан харагдахгүй ш дээ. Үнэтэй хувцас миний эрүүл мэндийг хамгаалахгүй, нэр төрийн баталгаа бүр ч биш.
-Амьдралдаа ямар зан чанарыг баримталдаг вэ?
-Би хэлье гэснээ шууд хэлчихдэг зантай. Худлаа дүр эсгэх дургүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" Ч.ГАНТУЛГА