ОУХТ-ийн хүнсний бүтээгдэхүүн зардаг хоёр том цэнхэр павилионуудад гал гарч шатлаа. Гал түймэр өнөө өглөөний 06:10 цагт шатаж эхэлжээ.
Харин Онцгой байдлынхан 06:40 цагийн орчимд ирсэн байна. Гэвч “Нарантуул” худалдааны төв шатаад бараг дуусчээ. Одоогоор Онцгой байдлынхан галын бүс дээр хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Хүнсний павилионд хүнс, гоо сайхны бараа бүтээгдэхүүний лангуунуудаас гадна үсчин, гоо сайхан, хувцас засвар, угаалга зэрэг газрууд үйл ажиллагаа явуулдаг байсан. Түрээслэгчдийн хувьд өглөөнөөс хойш захын гадаа цуглараад байна.
Яг одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн худалдааны төвийг бүхэлд нь хамгаалалтад авч нэг ч хүн оруулахгүй байна.
Харин түрээслэгчид нь уур бухимдал ихтэй орилж хашгирч, хэвлэлийнхэн рүү дайрч давшилж байв. Ямартай ч тус худалдааны төв өнөөдөр ажиллахгүй бололтой. Гал гарсан шалтгаан, хичнээн төгрөгийн хохирол учирсан нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалжийн мэдээллээр “Нарантуул” захын наймаачид зах дотроо лангуу талбайгаа ээлжээр манаж хоноцгоож байгаа ажээ. “Нарантуул” зах болон хүнсний бөөний төвийн өргөтгөл хоёрын дундуурхи замыг хасах, төв замаас “Нарантуул” зах руу хойноосоо шууд ордог зам тавих ажил хийх гэж буйтай холбогдуулан тус захыг энэ сарын 19-20-нд амраахаар шийдвэрлэсэн. Харин наймаачид энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Зам засварын ажлыг наймаачид хэт улстөржүүлж байгааг хэлэх хүмүүс байгаа бөгөөд “Хоёр хоног биш арав хоног хааж, “Дүнжингарав” худалдааны төвд боломж олгох гэж байгаа юм. Яваандаа захыг хааж, түрээслэгчдийг нь татах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна” хэмээн наймаачид хардаж байгаа бололтой. Өнөө өглөө гарсан галыг ч гадны нөлөөтэй байж магадгүй гэж наймаачид хэдийнэ хардаж эхэлсэн байна. Хоёр хоногийн өмнөөс цагаан хоолойгоор наймаачдыг зах, лангуугаа манаж хонохыг уриалж эхэлжээ.
“Нарантуул” худалдааны төвийн Үйлдвэрчний эвлэлийнхэн захын гадна түрээслэгчидтэй уулзах үеэр түрээслэгчид худалдаагаа хийхийг шаардаж байсан юм. Цагдаагийн байгууллагынхан захын дотор байрлах “Хаан” банкнаас хүнсний зах хүртэлх хэсэгт хашаа татахаа мэдэгдлээ. Харин түүнээс бусад хэсэгт наймаа эрхлэгдэг худалдаачид ажлаа хэвийн үргэлжлүүлж болно гэжээ.
www.URLAG.mn