Жил бүр болдог Үндэсний номын баяр энэ жил 27 удаагаа өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ жилийн номын баяр нь цар тахлын улмаас цахим болон уламжлалт хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой. Урьд урьдын жилүүдэд Сүхбаатарын талбайд болдог байсан бол энэ жил мөн шалтгаанаар “Мишээл экспо” төвд энэ сарын 5,6,7-ны өдрүүдэд үргэлжилсэн юм. “Номын ертөнц” төрийн бус байгууллагаас уламжлал болгон явуулдаг эл баярыг зохиолч, уншигчидгүй хүсэн хүлээдэг болсоор удаж байгаа билээ. Цар тахлын үеэр хөл хорионд удаан байсан ард түмэн урлаг соёл, оюуны бүтээлээр ангаж цангаж, амьд харилцаа, уулзалт учралыг үгүйлэн санасан нь харагдаж байлаа.
Зохиогч: Урлаг
Монголын “The HU” хамтлаг оролцож, тоглолтоо хийх байсан “Graspop Metal Meeting” хөгжмийн фестиваль товоо зарлажээ. Тодруулбал, хөгжмийн фестиваль нь 2021 оны зургадугаар сарын 17- 20-ны өдрүүдэд болохоор шинэ товоо зарласан байна. Дэлхийн хэмжээнд 25 дахь жилдээ зохион байгуулж буй рок хөгжмийн фестивальд домогт “Aerosmith” оролцохоо дахин баталгаажуулсан аж.
Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Удаанаар” нэртэй шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгожээ. Энэхүү дуу нь түүний “90’s LOVE” нэртэй 13 дахь шинэ цомогт багтах аж. Энэхүү уран бүтээлийн аяыг Д.Болд өөрөө зохиосон ба үгийг Vande бичжээ. Шинэ өнгө төрх, өвөрмөц зураг авалтын шийдэл бүхий уг дууг цацагдсанаас хойш 17 цагийн дотор 50 мянга орчим хүн Youtube сувгаар дамжуулан үзсэн байна. Тус клипний зураг авалтыг TJ энтертайнмент хариуцан ажиллажээ.
“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат тайзнаа эргэн ирлээ. Тэрбээр өчигдөр /2020.06.07/ “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ тоглолтын салхийг хагалж, уран бүтээлийнхээ дээжийг өргөсөн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байв.
Дэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын “Монгол соёл” онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас “ТВ8” телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.
Дэлхий нийтийг түгшээгээд буй шинэ төрлийн Корона вирусийн /Ковид 19/ халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар улс орон даяар онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, мөн соёл урлагийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоосон байгаа билээ. Иймд МN17 Арт Галерейн санаачилгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Хүн Байгаль Хайр Эрх Чөлөө хөдөлгөөний уран бүтээлчидтэй хамтран “Параллель” контемпорари хамтарсан үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлж байна.
Ганбүргэдийн Бөхчулуун гэх монгол залуу Австралийн “The Voice” шоунд урилгаар оролцож, шүүгчдийг алмайруулсан билээ. Тэрбээр анх хэл сурах зорилгоор Австрали улсыг зорьсон байна. Өдгөө тус улсад ажиллаж амьдраад 10 гаруй жил болжээ.
