Өнгөрсөн бямба гарагт намрын дунд сарын билэгт сайн өдөр тохион олон залуус гал голомтоо бадраан найр хуримаар дүүрэн өдөр өнгөрсөн билээ. Эдгээр залуусын дунд дуучин Наагий буюу Н.Наранбаатарын хурим дуу хуураар дүүрэн тун өргөн дэлгэр боллоо.
“Hot Spot” хамтлагийн ахлагч, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, “N-11” студийн захирал гээд олон ажил албыг зэрэгцүүлэн амжуулдаг тэрээр жазз урсгалын уран бүтээлээрээ олны танил болсон.
Анх дуучин Дашдондогийн “Nature sound” студиэс уран бүтээлийн гараагаа эхэлж байсан Наагий одоо Монголын рок попын ертөнцөд нэгэнт өөрийн гэсэн байр суурийг олсон нь түүний хуримаас харагдаж байлаа. Түүний хуриманд Монголын рок попын шилдгүүд болох Дашка, Харангын Чука зэрэг уран бүтээлчдээд гадна дотны найзууд, мөн залуу уран бүтээлчид гээд олон хүн уригдан ирсэн байлаа. Тэрээр стильдээ үнэнч гэдгээ харуулсан аятай хуримын зохион байгуулалт, чимэглэл гээд бүхий л зүйл нь классик байсан нь анзаарагдсан юм.
Айл гэрийн голомтоо бадраан өрх тусгааралж, Монголын аз жаргалтай гэр бүлийн тоо ийнхүү нэгээр нэмэгдэж байна. Тиймээс нийт уншигчдынхаа өмнөөс дуучин Наагийгийн гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.
www.URLAG.mn