400 гаруй зорчигчтой галт тэрэг алгуурхан наашилсаар… замдаа өртөө дамжин зорчигчдоо нэг нэгээр нь буулгасаар арван таван зорчигч үлджээ. Үлдсэн зорчигчид ихээ холыг зорьж яваа тул буух өртөө нь яагаа ч үгүй. Энэ аялалын туршид тэд нэг нэгэнтэйгээ найз нөхөд болж, мэддэг чаддаг бүхнээ өөр хоорондоо хуваалцаж, эдийн биш оюуны асар их олзтой явна. Харин аялалын галт тэрэгний сүүлийн өртөөн дээр хэн нь буух бол…
Энэ бол гранпри тодруулах торгон мөч. "TO BE OR NOT TO BE" төсөл энэ жил 3 дахь жилдээ маш амжилттай хэрэгжиж, 2013 оны аравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үдэш бүр үзэгчдэд хүрч эхэлсэн. Шоу нэвтрүүлэг гурван сарын туршид үргэлжилж, Гранпри шагналтнаа тодруулахын тулд Ч.Лодойдамбын "Гарын таван хуруу" жүжгийг тавьж үзэгчдэд хүргэхээр бэлтгэл сургуулилтаа эхлээд явж байна. Энэ ч гэсэн үзэгчдэд, нийгэмд Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын тухай эргэн сануулж, үндэснийхээ соёлыг сурталчилах сайхан алхам болно гэж төслийн багийнхан үзэж байгаа юм. Авьяастнууд маань шилдэгийн төлөө жүжгийн үзэгдэл бүрт өөр өөр дүрийг бүтээх болно. Хоног шахуу ч тэд бэлтгэл ажлаа эрчимтэй хийж УДЭТ-ын найруулагч Ч.Түвшингийн удирдлаган дор бэлтгэлээ базаасаар байна.
Шилдэг арван таван оролцогчдын гала тоглолт энэ сарын 25-ны өдөр УДЭТ-ын тайзнаа 16.00 цагаас ганцхан удаа тоглогдох бөгөөд тэр мөчид шилдэгт үлдсэн авьяастнуудаас гранпри шагналтан болон 2, 3 байрын эзэн тодроно. Мөн энэ жил төсөлд хамрагдсан залуустайгаа хамтран бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл хийхээр төлөвлөж байгаа бөгөөд сурч мэдсэн зүйлийг нь баталгаажуулж, чадваржуулж, дэмжих үүднээс UBS телевизээс авьяастнууддаа олгож буй бас нэг том боломж гэж хэлж болно.
Эрч хүч, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн авьяастнууд маань бүтэн гурван сарын турш үзэгч таныг төсөл хөтөлбөрөөрөө дамжуулан цэнхэр дэлгэцээр хөтөлсөн. Басхүү театр урлагийн ертөнцөөр аялуулж, жүжигчний мэргэжлийн үнэ цэнийг танд өөрсдөөрөө дамжуулан мэдрүүлсэн. UBS телевиз ч шоу нэвтрүүлгээрээ дамжуулан оролцогч залуустаа оюуны асар том хөрөнгө оруулалт хийхээс гадна авьяасаа нээж, амьдралаа өөрчлөхийн төлөө өөрийгөө дайчлах, амьдралд итгэх асар их урам дэм болж байгаа юм.
Р.Эрдэнэбат