Манай улсын хөгжмийн урлагийн түүхэнд тодоор бичигдэх бас нэгэн чухал үйл явдал тохиолоо. Энэ нь ёочинч, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин, виртуоз уран бүтээлч Т.Өлзийжаргалын уран бүтээлийн “Winter classic” тоглолт байв. Тэрбээр ёочингоор гоцлон, хослон, тав, зургуул, дуучинтай, оркестртой яаж, яаж тоглож болохыг харуулав, гайхуулав. Мөн тоглох бүхий л техникийг үзүүлэв.
Хөгжимчин Т.Өлзийжаргал Консерваторийн багш мөн ёочин хөгжимчин Э.Пагматай хамтран тоглосон хөгжмийн зохиолч Ван Сэгийн бүтээл “Нууранд туссан сарны гэрэл” хэмээх хослол ямар нандин, чамин дүрслэл, сонсголон бэ.
Т.Өлзийжаргал тоглолтын хоёрдугаар хэсэгт Дуурийн театрын симфони найрал хөгжимтэй хоёр зохиол гоцлон тоглосон юм.
Эхнийх нь хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн ёочин, найрал хөгжимд зориулсан концертын I анги байв. Эрч хүч мэдрүүлсэн шинэлэг хөгжим.
Нөгөөх нь Хятадын хөгжмийн зохиолчийн бүтээл. Симфони найралтай, маэстро Ц.Тэлмүүн-Очирын удирдлагаар гоцлон хөгжимдсөн уг концерт (II, III анги. Өнгөрсөн. Ирээдүй) нь мань мэт тэр, тийм гэж бичихийн аргагүй, сонсох л хэрэгтэй хөгжим аж.
Хятадын, хүн төрөлхтөн гэж байгаагүй байхад тэнгэр, газар хэрхэн бий болсон тухай өгүүлдэг Pangu-гийн домгоос сэдэвлэн туурвисан, сүр хүчит бүтээл.
Эхэн үед ёочингоор гоцолж байхад цохивор, үлээвэр, контрбасс зэрэг дуу ихт, сүр хүчийг илтгэх хөгжмүүд аажим дагалдах мэт найрсах нь хөтлөгчийн өгүүлсэнчлэн тэнгэр үүсэж, газар бий болж буйг өгүүлж буй юм болов уу гэхээр.
“Ирээдүй” хэсэгт бол чавхдаст зэмсгүүд эн тэнцүү оролцоотой байсан гэхээр.
Бүхий л хугацааны турш бүдүүлгээр хэлэхэд турь муутайхан гэж гоочлохоор ёочинг бүхэл бүтэн симфони оркестртой үе үе “арсалдуулан” тэмцэлдүүлэх мэт, эс бөгөөс эвсүүлэн, эвлүүлэх мэт хурдлуулан, гяглалзуулах нь хараа үл гүйцэм.
Тийм өндөр хурдаар, утас бүрийг онож цохих ёочинч, ёочинчид элдэвтэй улс аж.
Харсан, үзсэн, сонссон, гайхсанаа эг маг хийн хуваалцаж буй минь энэ.
Энэхүү Pangu сэдэвт концертыг найрал хөгжимтэй гоцлон тоглосон ёочин, ёочин төст хөгжимчин Азид, дэлхийд тийм ч олонгүй гэж сананам. Учир нь хүссэн бүхэн барах эд биш ээ.
Ийм нэгэн тоглолт болж өнгөрснийг тэмдэглэх гэж оролдов.
Хөгжимчин, виртуоз уран бүтээлч Т.Өлзийжаргалын дараагийн тоглолт, сюрприз юу байхыг таашгүй.
Р.Оюунжаргал