Театрын хамгийн чухал бөгөөд гол алба болох балетмейстраар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг ажиллаж байсан юм. Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагваас энэхүү нэр хүндтэй үүргийг хүлээж авсан Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ажлаас гарах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл бий бол УДЭТ-ын удирдлагууд түүнийг “Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан” гэх тайлбар өгч байна.
Одоогоос хоёр жилийн өмнө Дэлхийн сор болсон алдарт бүтээлүүдийн нэг болох А.Хачатуряны “Спартак”-ийг сэргээн тавьсан гавьяатай хүн гэдгийг уншигчид сайн мэдэж байгаа байх. Мөн “Цөмөөхэй”, “Нойрсч буй гүнж” бүтээлийг сэргээхэд тусалж байсан юм.
Дуурийн театр балетмейстргүй байна гэдэг сонгодог урлагийн хувьд, театрын хувьд маш эмгэнэлтэй үйл явдал юм. Тиймээс хэр баргийн уран бүтээлчийн хийж дөнгөдөггүй энэ албыг ямар уран бүтээлч хашиж, сонгодог урлагийн театрын амин судсыг барих вэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Мөн балетмейстр Х.Гэрэлчимэг ямар шалтгаанаар ажлаа өгсөн нь тодорхой бус байгаа учраас ягаан театрт ямар асуудал гарсан юм бол гэж сураглах хүмүүс цөөнгүй байх аж.