2019 оны дөрөвдүгээр сард гал түймэрт сүйдсэн Парисын Эх дагинын сүмийг таван жилийн турш сэргээн засварласны эцэст өнгөрсөн бямба гараг /2024.12.07/-т дахин нээлээ. Эх дагинын сүмийн үйл ажиллагааг дахин сэргээснийг тохиолдуулан зохион байгуулж буй баярын үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 7, 8-ны амралтын өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд орон нутгийн цагаар 19.00 цагт эхэлсэн нээлтийг дэлхийн 20 гаруй орны телевизүүд шууд дамжуулжээ.
Үйл ажиллагааны үеэр гал түймрийн дараах үйл явдлын тухай баримтат киног үзүүлж, аврагчдад болон сүмийг сэргээн засварласан барилгачдад хүндэтгэл үзүүлжээ. Түүнчлэн Луис Арагоны шүлгийг уншиж, хийлч, виолончель хөгжимчин ах дүү Рено Капюсон, Готье Капюсон нарын тоглолт болсон аж.
Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, түүний сонгуулийн сурталчилгаанд хамтран зүтгэсэн Илон Маск, Их Британийн ханхүү Уильям, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зэрэг 40 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд Францын нийслэлд хүрэлцэн очжээ.
Мөн ёслолын ажиллагаанд Францын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Франсуа Олланд, Никола Сарзози нар, Бельгийн хаан Филипп гэргийн хамт, Монакогийн хунтайж II Альбер, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дуда, Финландын төрийн тэргүүн Александр Стубб, Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден, Парис хотын дарга Анн Идальго, Францын Засгийн газрыг тэргүүлж байсан Мишель Брюнье, Габриэль Атталь нар, Дотоод хэргийн сайд асан Брюно Ретайо, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн дээд комиссар Франсуа Байру, бүс нутгийн зөвлөлийн дарга Иль-де-Франс Валери Пекресс, Европын Төв банкны дарга Кристин Лагард нар оролцсон байна.
Түүнчлэн шашны зүтгэлтнүүд, LVMH группийн тэргүүн Бернар Арно, түүний хүү Антуан, Pinault-Printemps-Redoute концернын тэргүүн Франсуа-Анри Пиног, түүний гэргий, жүжигчин Сальма Хайек нарын зэрэг сүмийг сэргээн засварлахад томоохон хандив өргөсөн хүмүүсийг ёслолд урьсан аж.
Сүсэгтнүүдийг дахин угтан авахад бэлэн болсон сүмийн хаалгыг Парисын хамба Лоран Юльриш нээлээ. Хаалгыг нээхээсээ өмнө тэрбээр бэрээгээрээ тогшсон байна.