Сурагч ахуйгаасаа дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж, өдгөө “Фантастик” продакшнаар овоглож яваа жүжигчин бол Б.Барслхагва. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.
Хүүхэд байхаасаа Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд суралцаж, жүжигчин болох хүсэлд хөтлөгдөж, СУИС-ийг Ардын багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн удирдлагад төгсжээ. Б.Барслхагва ажлын гараагаа УДЭТ-аас эхэлж, улмаар “С1”, “ОTV”-д ажиллаж, тэндээсээ өнөөгийн кино урлагт дурлагдын бүгдийнх нь мэдэх “Фантастик” продакшны бүрэлдэхүүнд багтсан юм.
Өнөөдрийг хүртэл тэрбээр хүүхэд ахуйдаа тоглосон “Монхорынхон” олон ангит киноноос авахуулаад “Single Ladies”, “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Код”, “Маш нууц”, “Том толгойтын романс”, “Хүсэл”, “247 градус”, “Манан зүсэгч”, “Зүрхний хилэн”, “Маш нууц-2: Байтаг Богд”, “Параллель ертөнц”, “Толбо”, “Онцгой даалгавар”, “One night”, “Cool аав”, “37-р точка”, “Буруу өрөг”, “Зура-2: Цурам ажиллагаа”, “Зура-3: Цэвэрлэгээ” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны болон олон ангит киноны гол болон туслах дүрд тогложээ. Тэрбээр өнгөрсөн хоёр жилд Их Британи, Австрали, Монгол, Унгар улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн “Gateway to the West” түүхэн кино, Японы “TBS” сувгийн “Vivant” олон ангит уран сайхны кинонд тоглосон. “Vivant” киноны дүрээрээ Б.Барслхагва 2023 онд 117 дахь удаагийн “Tokyo drama academy awards”-ын үзэгчдийн нэрэмжит шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналын эзэн болон бол 2024 онд “Vivant” кино нь “Tokyo drama awards-2024” наадмын гранпри шагнал хүртсэн юм.