БНХАУ-ын Бээжин хот дахь Австрийн Элчин сайдын яамны санаачилгаар Австрийн соёлын форумын хүрээнд хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер 2025 оны тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд монголд айлчлан ирж, тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Маттиас Флецыбергер нь Австрийн Вена хотод төрсөн бөгөөд таван настайгаасаа төгөлдөр хуурч мэргэжлээр Вена хотын урлагийн сургуульд суралцан төгссөн байна. Дэлхийн нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн олон уралдаанд түрүүлсэн алдартай төгөлдөр хуурч тэрбээр концертын болон дуурийн удирдаач мэргэжлээр үргэлжлүүлэн суралцан төгсөж, олон дуурь болон симфонийн бүтээлүүдийг Вена хотдоо болон олон улсад тууривсан туршлагатай уран бүтээлч аж.
Тухайлбал,
- Чех Прага хотын Дуурийн театр
- АНУ, Канад (“Walt Disney hall”, Montreal, Toronto зэрэг хотуудын филармони)
- София филармони
- Швейцар улс (St.Gallen Theater)
- БНСУ (“Seoul Arts Center”)
- Япон (Bunka Kaikan Tokyo)
- БНХАУ (NCPA Beijing, “Oriental Art center” Shanghai) зэрэг алдартай газруудад амжилттай ажиллаж байсан.
Мөн тэрбээр 2015 онд анх удаа Монголд ирж, УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид, дуурийн дуучид болон төгөлдөр хуурчидтай ажиллаж байсан туршлагатай удирдаач юм.
Одоо Австри улсын ерөнхийлөгчийн айлчлалыг угтан, Австри улсын ерөнхийлөгчийн тамгийн газрын соёлын асуудал эрхэлсэн зөвлөх, БНХАУ-д Австри улсаас суугаа Элчин сайдын яамны Соёлын консул хатагтай Гүдрүн Хардиман Поллроссын урилгаар хоёр дахь удаагаа манай улсад ирж мэргэжлийн урлагийн байгууллагууд болох УДБЭТ, Улсын филармони, Монгол Улсын Консерватори зэрэг байгууллагуудын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна.
Удирдаач, төгөлдөр хуурч Маттиас Флецыбергер нь 2025 он тавдугаар сарын 19,20-ны өдрүүдэд УДБЭТ-ын гоцлол болон найрал дуучдад мастер класс өгч ажилласан байна.
Тэрбээр 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр дэлхийн сонгодог бүтээлүүдийн дээжисээс УДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран эгшиглүүлэх гэж байна.