Загвар зохион бүтээгч С.Ариунаа Mercedes Benz загварын долоо хоногт хоёр дахь удаа оролцохдоо 2015 оны намар, өвлийн загваруудаа танилцуулах юм байна. Загварын ертөнцийн нэр хүндтэй, улирлын чиг хандлагыг дэлхий нийтэд толилон харуулж байдаг энэ арга хэмжээ 3 сарын 22-нд Токиод болно.
2013 оны шоунд С.Ариунаа 2014 оны намар, өвлийн загварын цуглуулгаар оролцсон. Энэ удаад “сүнслэг” байдлыг нэвт шингээсэн 2015 оны намар, өвлийн загвараа толилуулна. Түүний загварууд үзэгчдийн анхаарлыг шууд татна, тэднийг ховсдуулсан мэт болгоно гэж үзэж байгаа юм байна.
2013 онд болсон шоунд “Bros” студиэс С.Ариунаад тусгайлан зориулж найруулсан “Уулс” ая эгшиглэсэн бол 2014 онд “The Lemons” хамтлагийн шинэ цомгийн шинэ дууг загваруудын “сүнслэг” байдлыг улам тодотгоно гэж сонгожээ.
С.Ариунаа өнгөрөгч долоо хоногт Mercedes Benz загварын долоо хоногт оролцох Монгол загвар өмсөгчдөө сонгон шалгаруулсан. 2013 онд 60 орчим загвар өмсөгч шалгаруулалтад өрсөлдсөн бол энэ жил 300 орчим залуус ирснээс 18-ыг нь сонгожээ. Эдгээрээс хэд нь хасагдаж, хэд нь цааш явах нь хоёр дахь шатны шалгаруулалтаар тодорхой болох юм байна.
Б.Эрдэнэчимэг