Олон улсын судлаачдын баг Леонардо да Винчигийнх хэмээн таамагладаг нэгэн зураг дээрээс ДНХ-гийн ул мөрүүд илрүүлжээ. Уг зураг дээрх дээж болон зураачийн гэр бүлийн генийн материал хооронд холбоо байгааг урьдчилсан судалгаагаар тогтоосон байна. Дуулиан тарьж магадгүй байгаа энэхүү дүгнэлтийг цаашид нягтлан судлах шаардлагатай гэдгийг судлаачид онцолжээ.
ДНХ-гийн ул мөрийг нэгэн хүний хувийн цуглуулгад хадгалагдаж байсан “Ариун хүүхэд” (1452-1519) хэмээх зурган дээрээс илрүүлжээ. Уг бүтээл нь Сэргэн мандалтын үеийн уран зурагт түгээмэл хэрэглэж байсан улаан хүрэн өнгийн шохойн харандаагаар зурсан нялх хүүхдийн толгойн зураг юм.
Уг зургийг хэн зурсан нь тодорхойгүй, урлаг судлаачдын хүрээнд мэтгэлцээний сэдэв хэвээр байгаа бөгөөд Леонардо да Винчитэй холбоотой гэж үздэг. Уран бүтээлчийн үеэл ахынх нь захидлаас төстэй ДНХ-гийн ул мөр илэрсэн нь эл таамгийг батлах чухал баримт юм. Эдгээр генийн маркерууд нь Леонардо да Винчигийн нутаг болох Тосканы бүс нутгийн угсаа гарвалтай нийцэж байгааг судлаачид тогтоожээ.
Судалгаачдын онцлон тэмдэглэснээр, илэрсэн ДНХ-гийн ул мөрүүд ихээхэн гэмтсэн байсан бөгөөд онолын хувьд олон зууны турш уг бүтээлд хүрч байсан өөр өөр хүмүүсийнх байх магадлалтай ажээ.
Генетикч, антропологич, археологич, урлаг судлаач зэрэг олон улсын 30 гаруй эрдэмтнээс бүрдсэн судалгааны багийнхан суут уран бүтээлчийн ДНХ-г тогтоох ажлаа үргэлжлүүлж, хэд хэдэн чиглэлээр судалгаа явуулж байна. Тодруулбал, Леонардо да Винчигийн эцгийн шугамаар удам залгасан, өнөөдөр амьд сэрүүн байгаа 15 эрэгтэй хүний ДНХ-г шинжлэхээр төлөвлөж байгаа ажээ. Судалгааны өөр нэг чиглэл нь Италийн Винчи хотын Тосканы нэгэн сүмээс олдсон хүний шарилын үлдэгдлүүд бөгөөд эдгээр нь да Винчигийн гэр бүлийнхэнтэй холбоотой байх магадлалтай гэж үзэж байна.

