Гадаа тэнгэр эвгүйтээд, гэр дотор бие тавгүйтээд… Хаашаа ч харсан нэл ус. Үс, нүүр, хувцас… гэртээ суусаар атал бороонд хамаг бие шалба норчихож. Гэвч бүгдийг усан биетэй болгосондоо сэтгэл ханахгүй, өнөөх бороо шаагисаар л…
Залхмаар, уйтгартай борооны хажуугаар чиний талаарх хачин жигтэй бодол бас эд эс бүрийг минь усанд живүүлчих шахна. "Тэр надад худал хэлжээ”. Ингэж бодохтой зэрэгцэн цахилгаан цахиж, тархи руу тоншоод авах шиг болов. "Хайрлаж дурласан залуу минь миний таньдаг тэр хүн биш. Гэнэн хонгор нэгний багийг нөмөрсөн зальт этгээд байжээ. Гэтэл би түүнд итгэж, огтхон ч худлаа ярьж чаддаггүй сайн хүүхэд гэж бодож явсан байх гэж”. Ингэж бодох тусам хамаг биеийг усан дуслууд нөмрөн авч, энгэр цээж, ууц нуруу, тэр ч бүү хэл сэтгэл дотуур минь эрх чөлөөтэйгээр бүжин цэнгэх мэт. Гадаа шаагих энэ борооны дуслууд аль хэдийн намайг дайлан эзэлжээ. Хамаг бие минь ус болчихоод цэлэлзэж байна. Даарч байна. Даарснаасаа болоод энэ бороонд зэвүүцэж байна.
Энэ дуслууд чиний өнгөрсөн болоод одоо, дурсамж хийгээд амьдрал дээрээ нэмсэн хоёр жилийг хайн бэдрэх мэт. Оргүй хоосноос бодол санаандаа зохиож, үгээрээ амилуулсан тэр худлын цаана орших үнэнийг эрэн тэмтчиж, даанч олж чадалгүй цөхөрч, гэвч олохыг мөрөөсөх хүсэл нь тэр цөхрөлийг нь туучин сандчаах шиг.
Бороо зогсоосой. Нулимсаа борооноос, чамайг худлаас, өөрийгөө уснаас ялгахтайгаа болох юмсан. Арай гэж үнэнийг олж мэдэхтэй зэрэг л энэ бороо шаагиж, үнэн худал, хайр, үзэн ядалт, гуниг гутрал, баяр баясал, мөрөөдөл хийгээд дурсамжуудыг минь хооронд нь хольж хутгаад, цэл ус болгочих юм.
Бороо хэдэн ч өдөр шаагиж, би энэ их усан дунд хэдэн ч хоног төөрч, даарч жиндэв дээ. Усан дунд төөрөлдсөн бодлууд минь эхнээсээ зайрмагтаж эхлэхийг ч мэдрэх шиг.
Намайг, ертөнцийг бүрхсэн их усан зайрмагтаж эхлэх тэр агшинд л "Үгүй ээ, энэ бороо удахгүй зогсоно. Намар болно. Цас бударна” гэсэн бодол толгойд харвах нь тэр ээ. "Тийм ээ, удахгүй цагаахан, мөнгөлөг цасан бударч, тэрхүү цасан ширхэгүүд царцаж орхисон эд эсүүдийг минь гэсгээнэ. Тэр цасан ширхэгсийн дундаас чиний минь дур булаам, хүүхэд шиг инээмсэглэл тодорно. Тэр инээмсэглэлийн илчинд миний царцсан бодлууд гэснэ”.
Бороо удахгүй зогсоно. Намартай хамт над дээр ирэх тэр цагаахан ширхэгсийн төлөө чамдаа би итгэхээр шийдлээ. Чи минь надад худал хэлээгүй байж таарна. Тийм залуу худал хэлж яаж чадах юм бэ? Түүний нүд надад ямагт үнэнийг хэлдэгт итгэж байна. Тэр нүд яавч худал ярьж чадахгүй. Энэ намрын анхны цаснаар чи минь над дээр ирнэ. Өнөөх хар пальто, саарал хослолтойгоо… Зөвхөн надтай уулзахын тулд урьдын л адил толиныхоо өмнө удаан эргэлдэж, хамаг байдгаараа гоёчихоод ирнэ.
Магадгүй, энэ жихүүцмээр хүйтэн бороо миний оюун санаан доторх, чиний талаарх санаанд оромгүй, жихүүцмээр бодлыг л угаах гэж ийм олон хоногоор залхтал шаагисныг тэр үед би ухаарна.
Бороо шаагиж л байгаасай. Тэгээд миний сэтгэлийг түүний тухай ганц ч хар бодол үлдээлгүй угаагаад өгөөсэй. Инээдээ борооноос, чамайгаа үнэнээс, өөрийгөө энэ дуслуудаас ялгахаа больтолоо нормоор байна, би. Бороо минь намар болтол шаагиарай. Анхны цас ортол энэ л чигээрээ шаагиасай…
www.URLAG.mn