Завхан аймгийн музейн шашны танхимд XIX-XX зууны үед бүтээгдсэн нууц тарнийн ёсны догшин шүтээн Ямандаг бурхан хадгалагдаж байна.
Ямандаг буюу Жигжид нь нууц тарнийн ёсны догшин ядам нарын нэг бөгөөд оюун билгийн бэлгэдэл, төгс гэгээрэлд хүрэхийг даатгагч шүтээн хэмээн шүтэгддэг.
Түүнийг мөн Манзушир бурхны догшин дүр хэмээн үздэг бөгөөд шарын шашны тахилгын зан үйлд арван хангал бурхны манлайд залж тахидаг уламжлалтай. Уг бүтээлд Ямандаг бурхан хөх бараан лагшинтай, есөн тэргүүн, гучин дөрвөн мутар, арван зургаан бойвтойгоор дүрслэгдсэн байна. Голын хурц хоёр эвэртэй догшин бух тэргүүний дээр улаан догшин тэргүүн, Манзушир бурхны хилэнт тэргүүн заларчээ. Тэрбээр арга билгийг илтгэн өөрийн юүм Доржсоланмааг тэврэн, бадам цэцгийн наран мандалд оршиж буйгаар бүтээсэн байна.
Мутар бүрдээ төрөл бүрийн зэвсэг агссан бөгөөд олон зүйл амьтан, тэнгэрийг дэвслэн зогсох нь муу сэтгэлийг дарахыг бэлгэджээ. Хөмсөг, сахлаас нь гал бадарсан, хурц соёотой, мушгирсан хэлтэй, луугийн дуугаар дуугарч буйгаар дүрсэлсэн нь догшин хүч чадлыг илэрхийлнэ. Мөн цусан дусал бүхий эрхи зүүж, хар могой, хүний ясаар чимэглэсэн байна.
Бурхны дагина Доржсолонма нь цэнхэр өнгөтэй, баруун мутартаа гавал барьсан, нүцгэн байдлаар дүрслэгдэн, бадамлянхуа цэцэгт дэвсгэр дээр хамт оршжээ.
Арван хангалын дотроос хамгийн хүч чадалтайд тооцогдох энэхүү шүтээнийг урласан урлаач тодорхойгүй бөгөөд үзмэр цуглуулгын шугамаар музейн сан хөмрөгт бүртгэгдэн хадгалагдаж байна. Тус бүтээл нь XIX-XX зууны Монголын шашны урлагийн онцлог, нууц тарнийн урсгалын бэлгэдэл зүй, дүрслэлийн уламжлалыг тод илэрхийлсэн үнэт өвд тооцогдож байна.


