“Spice Girls” хамтлаг 30 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, аялан тоглолт хийхээр төлөвлөөд байсан. Гэвч зарим зүйл төлөвлөгөө ёсоор болоогүй тул үйл ажиллагаа цуцлагдсаныг “The Sun” хэвлэл мэдээллээ.

Хамтлагийн гишүүн Мел С Австралийн “KIIS Radio”-д ярилцлага өгөхдөө “Ямар ч дахин нэгдэлт байхгүй. Бид цаг үргэлж холбоотой байдаг. Ямар нэг юм хиймээр байгаа. Хэзээ гэдгийг мэдэхгүй. Гэхдээ би өөдрөг хэвээр байгаа шүү, ирээдүйд аль нэг өдөр биднийг эргэн нэгдэхийг та бүхэн харна гэдгийг амлая” гэжээ.

Хамтлагийн гишүүн Жери өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хамтлагийн менежер асан Саймон Фуллертэй эргэн холбогдож, гэрээ хэлэлцээ хийхийг оролдсон аж. Ойн баярыг тэмдэглэх талаар идэвхтэй хэлэлцсээр байгааг сүүлд энэ оны нэгдүгээр сард Мел С баталсан. Харин Викториа өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэл хийхдээ “Сонирхолтой байна. Гэхдээ би аялан тоглолтод оролцож чадах болов уу? Чадахгүй байх аа. Би ажилтай… Манай хамтлаг ‘Sphere’ цэнгэлдэхэд эргэн нэгдвэл ямар сайхан бэ. Энэ санаа таалагдаж байна. Би ч дуулж чадах эсэхээ мэдэхгүй л байна. Би угаасаа тийм сайн байгаагүй шүү дээ” гэжээ.
Ташрамд дурдахад, “Netflix” компани “Spice Girls”-ийн тухай кино бүтээхээр төлөвлөж байсан ч хамтлагийн дотоод асуудлаас болоод өнгөрсөн сард түр хойш тавьжээ. Хамтлагийн гишүүн Мел Б бусад дөрөвтэйгөө холбоо харилцаа багатай байгаа бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард Эммагийн 50 насны төрсөн өдөрт оролцоогүй аж. Дараа сард нь Викториагийн гэрт хамтлагаараа цуглахад ч бас Мел Б байгаагүй. Мөн өнгөрсөн аравдугаар сард Викториагийн баримтат киноны нээлт болоход ч Мел Б оролцоогүй.
Мел Б саяхан инстаграмдаа зураг оруулахдаа “Би чимээ шуугианаас хол байгаа. Тийм юм над руу чирж ирнэ гэвэл үгүй шүү” гэсэн утгатай тайлбар хавсаргажээ.

“Spice Girls” хамтлаг Лондон 2012 олимпоос хойш хамтдаа тайзнаа гараагүй. Үүний дараа 2019 онд Их Британи, Ирландаар тоглолт хийсэн боловч Викториа оролцоогүй юм. Тус тоглолтоор хамтлаг 700 мянган тасалбар борлуулж байжээ.

