Дэлхийд алдартай Туркийн түүхэн цуврал болох “Аугаа зуун”-д гол дүрүүдийг бүтээсэн жүжигчид болох Халит Эргенч болон Мерьем Узерли нар хамтдаа 15 жилийн дараа дахин дэлгэцнээ гарах нь ээ. Тодруулбал, жүжигчид маань “Imroz’da Bahar”, монголоор орчуулбал “Имрозын хавар” гэх кинонд хамтдаа дүр бүтээхээр болсон байна.
“Аугаа зуун”цуврал үзэгчдийн хүртээл болж байсан 2011-2014 онуудын хооронд хоёр жүжигчдийн нэр хүнд асар хурдацтай өсөж, дэлхий дахинд танигдах эхлэл нь тавигдсан. Тэд Осоманы эзэнт гүрний хамгийн нөлөө бүхий султануудын дүрийг бүтээсэн буюу Халит Султан Сулейман хааны дүрийг, Мерьем Хюррем Султаны дүрийг амилуулсан юм.

Энэ цувралд мөн Окан Ялабик, Небахат Чехре, Селма Эргеч, Нур Феттахоглу нар ч мөн тоглосон бөгөөд эдгээр жүжигчдийн дүрээ бүтээх чадвар, киноны өнгө төрх, зохиол найруулга гээд асар олон зүйлийн тусламжтайгаар “Аугаа Зуун” цуврал олон орны үзэгчдэд өргөнөөр хүрч, өнөөг хүртэл Турк улсын хамгийн алдартай цуврал байсаар байгаа.
Сэтгүүлч Бирсен Алтунтасын мэдээлснээр хоёр жүжигчдийн нэгдлийг “Sky Films” компанийн үүсгэн байгуулагч Эмре Оскай олон жилийн турш гуйж, ятгасны эцэст зөвшөөрүүлж чадсан байна.

Халит болон Мерьем нарын гол дүрд тоглох кино болох “Имрозын Хавар”-ыг Туркийн шагналт найруулагч Өзкан Алпер найруулах юм. Түүний найруулсан кинонууд гэвэл, “Sonbahar” (Намар), “Karanlik Gece” (Хар шөнө), “Erken Kis” (Эрт ирсэн өвөл), “Asiklar Bayrami” (Трубадурын наадам) зэргүүдийг дурдаж болно.
Киноны үйл явдал нь өнөөгийнхөөр бол Эгейн тэнгис дэх Туркийн хамгийн том арал болох Гекчеада буюу Ирмозд учирсан хоёрын амьдрал дээр төвлөрдөг. Кино нь романтик өнгө аястай, амьдралд “хоёр дахь хавар” ирж болдог талаар харуулсан үзэсгэлэнтэй санааг үзэгчдэд хүргэхийг зорьсон байна.
Зураг авалт тун удахгүй эхлэх ч ямар платформоор цацагдах тухай хараахан шийдэгдээгүй байгаа юм.

