Дэлхий даяар рок-н-ролл хөгжмийн урсгалыг шүтэн бишрэгчид Дэлхийн рок-н-роллын өдрийг өнөөдөр тэмдэглэж байна.
Энэхүү өдөр нь албан ёсоор олон улсын хэмжээнд баталгаажаагүй ч хөгжим сонирхогчид, энэ урсгалыг амьдралын хэв маяг, соёл гэж үздэг хүмүүсийн хувьд онцгой ач холбогдолтой хэвээр байна. Рок-н-роллын өдрийн үүслийн талаар судлаачдын дунд санал зөрөлдөөн бий. 1954 оны дөрөвдүгээр сарын 12-нд Билл Хейли “Rock around the clock” хэмээх алдарт дуугаа бичүүлсэн нь уг урсгалыг дэлхий даяар түгээх эхлэлийг тавьсан гэж үздэг. Харин бичлэг шөнө орой дууссан тул олон хүн дөрөвдүгээр сарын 13-ныг баярын өдөр болгон тэмдэглэх болсон байна.
Рок хөгжим нь рок-н-роллоос улбаатай бөгөөд уг урсгал нь кантри хөгжим болон ритм-энд-блюзын нэгдлээс үүсчээ. “Rock” гэх үг нь эртний хэлэнд “татах, урах, хөдлөх” гэсэн утгатай үг бол “Roll” гэдэг нь латин үгнээс гаралтай “жижиг дугуй” гэсэн утгатай. Харин “rocking and rolling” гэх үг хэллэг бүр XVII зууны үед далайчид хөлөг онгоцныхоо далбааг дэлгэн урагшлахыг хэлсэн утга санаатай байжээ. Хар арьстай дуучин Триси Смитийн 1922 онд дуулсан “My man rocks me /With one steady roll)” блюз дуунаас эхлэн рок-н-ролл гэсэн үг хэллэг гарсан.
Мөн Элвис Аарон Пресли Рок-н-роллыг үндэслэж санаачлаагүй ч гэлээ зөвхөн түүний ачаар энэ хөгжмийн урсгал дэлхийд тархаж өөр бусад хөгжмийн чиглэлүүд мэндлэх хаалга үүд нээгдсэн гэж үздэг учраас түүнийг “Рок-н-роллын хаан” хэмээн нэрлэдэг.
Эл өдрийг зөвхөн хөгжмийн урсгалыг бус, эрх чөлөө, өөрийгөө илэрхийлэх үзэл санааг илтгэсэн соёлын баяр болон өргөжин тэмдэглэсээр байна.

