“Big Bang” хамтлагийн ахлагч, к-поп урсгалын “хаан” G-Dragon-ы агентлаг өнөөдөр /2026.05.04/ түүний тайзан дээр өмссөн хар арьстнуудыг доромжилсон, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэллэгтэй футболкны талаар маргаан гарсны дараа уучлалт гуйлаа.

G-Dragon энэ сарын 2-нд Макаод болсон “K-SPARK” к-поп концертод оролцсон бөгөөд уг арга хэмжээнд өмссөн футболк нь маргааны гол сэдэв болоод байна.
Түүний өмссөн футболк дээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан утгатай Нидерланд хэлээр өгүүлсэн үгнүүд байжээ.

Дэлхийн шүтэн бишрэгчдийн шүүмжлэл үргэлжилсээр байгаа энэ үед түүний агентлаг болох “Galaxy Corporation” нь “Нийгэм, соёлын хүрээнд зохисгүй үг хэллэг харуулсандаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэж мэдэгдэл хийж, толгойгоо бөхийлгөн уучлалт гуйсан байна.
“Galaxy Corporation” хэлэхдээ “Энэ явдлаар дамжуулан бид илүү нямбай соёлын мэдрэмж, хариуцлагатай байх ач холбогдлыг дахин нэг удаа ойлгосон” гэжээ.

