Ази тивийн ном, хэвлэлийн салбарын хамгийн том цугларалт болох Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн “Номоор гүүр болгон, солилцоо, яриа хэлэлцээ өрнүүлж, хамтдаа хөгжин, хамтдаа хожно” уриан дор эхэллээ.
Бээжин хотын Үндэсний хурлын төвд нээлтээ хийсэн 32 дахь удаагийн үзэсгэлэнд дэлхийн 82 орны 1700 гаруй байгууллага оролцож байна. Хилийн чанадаас 1100 гаруй үзэсгэлэн гаргагч оролцохоор Бээжинд очсоноос Монголын уран бүтээлчид. Манай улсаас “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, “Номын баяр”-ыг санаачлагч Б.Сувд, “Либро Сувд” агентлагийн гүйцэтгэх захирал Б.Болор, орчуулагч, нийтлэл, соёлын гавьяат зүтгэлтэн, Г.Аюурзана, МУИС-ийн хэвлэлийн газрынхан энэхүү үзэсгэлэнд оролцож байна.
Хятадын Бээжин хотод сурч, ажиллаж буй монголчууддаа зориулан тусгай уулзалтыг Элчин сайдын яамнаас Бээжин дэх Монголын соёл, мэдээллийн төвд энэ сарын 20-ны 17:00 цагт зохион байгуулна. Манай улс BIBF-д 2012, 2024 онд сурвалжилга бэлдэх, 2025 онд олон улсын клубийн гишүүний хувиар оролцож байсан юм. Тус үзэсгэлэнд оролцсоноор монгол ном бүтээлийг танилцуулах, сурталчлах, номын эрхийн гэрээ хийх, борлуулах, хамтран ажилладаг олон улсын хэвлэн нийтлэгчтэй уулзах, гадаадын хэвлэн нийтлэгч номоо монгол хэлээр гаргахад хамтран ажиллах санал тавих зорилготой ажээ. Олимпын цэцэрлэгт хүрээлэн буюу “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байдаг энэхүү барилгад зохион байгуулж буй уг үзэсгэлэнд зочилж, Монголын зохиолчидтой уулзахыг хүсвэл 5B.E36 павилоныг зориорой.
Энэ удаагийн үзэсгэлэнд 220 мянга гаруй нэр төрлийн шилдэг хэвлэмэл бүтээлийг дэлгэн үзүүлж, 1000 гаруй цахим болон танхимын соёлын солилцооны үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн үзэсгэлэн, зохиогчийн эрхийн худалдаа болон соёлын солилцооны хөтөлбөрийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх замаар илүү олон хэвлэлийн байгууллага, шилдэг бүтээлийг дэлхийн зах зээлд гаргахыг зорьж байгаа аж.
Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн (Beijing International Book Fair буюу BIBF) нь дэлхийн хамгийн том номын үзэсгэлэнгийн нэг бөгөөд цар хүрээгээрээ Германы Франкфуртын номын үзэсгэлэнгийн дараа ордог ажээ.


