МУЭ-ийн шагналт зураач, Олон улсын уран бүтээлчдийн Монголын Холбооны /ОУУБМХ/ тэргүүн А.Чадраабалын “Саруул талын өглөө” уран бүтээлийн 14 дэх бие даасан үзэсгэлэн Blue Moon арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.09.09-08.18-ны хооронд дэлгэгдэж та бүхний мэлмийд хүрэх гэж байна.
Зураач А.Чадраабал нь 2014 оны 3-р сард бэхэн зургийн бие даасан үзэсгэлэнгээ Улаанбаатар хотод гаргасан бөгөөд энэ оны 1-р сард БНХАУ-ийн ӨМӨЗОрны “Хөх хот”-д “Хийморь” олон улсын үзэсгэлэнг, 4-р сард Ордос аймгийн “Чингисийн Онгон”-д “Бидний сэтгэл дэхь Чингис хаан” үзэсгэлэнг тус тус зохион байгуулаж, 3-р сард Тайван улсын Кенмен хотноо зохион байгуулагдсан ”Азийн орчин үеийн урлагийн 28 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн”-д “Хавар” бүтээлээрээ, 7-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан олон улсын “Саммит” үзэсгэлэн, 8-р сард Монголын Урчуудын Эвлэл Хөх хотын “ИХ ЗУУ” орчин үеийн урлагийн төв хамтран зохион байгуулсан “Монгол морь” үзэсгэлэнгүүдэд “Нартай өдөр”, “Морины зохиомж” бүтээлүүдээрээ оролцсон байна.
Уг үзэсгэлэн сэдвийн хүрээнд монгол морьдыг дүрслэсэн 30 гаруй бүтээл дэлгэгдэх бөгөөд өөр хоорондоо ялгаатай гүн утга санаа агуулсан, цөөн тооны нарийн зураасаар хэлбэр дүрсээ дүрслэн илэрхийлж, зургийн гол дүрийн зарим нэг жижиг хэсэг дээр илүү бодит болгон нарийн зуралтаар бичиж гаргаж ирсэн нь өмнөх үзэсгэлэнгүүдээсээ онцлог бөгөөд шинэлэг болж байна.
“Саруул талын өглөө” үзэсгэлэн энэ сарын 21-ээс БНХАУлсад үргэлжлэн гаргахаар төлөвлөсөн байна.
Үзэсгэлэнгийн нээлт: 2014 оны 09 сарын 09-ны 18:00 цагт болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уг үзэсгэлэн 2014 оны 09-р сарын 09-18-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 88850812, 96426696, 89806021 дугаарын утсаар лавлана уу.
www.URLAG.mn