Говь нутагт бүжгийн урлагийн онцлог сайхан бүхнийг түгээж яваа “Говийн Уянга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байна.
Тус бүжгийн хамтлаг 1996 онд Сайншанд сумын Ерөнхий боловсролын II сургуулийн захирал Н.Бямбаагийн санаачилгаар 16 бүжигчин суралцагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Бүжгийн хамтлагийг БТА, МУСТА, багш Д.Саранцэцэг удирдан чиглүүлж, суурийг нь тавьсан бөгөөд хожим хамтлагийн үе үеийн бүжигчдийг МУСТА, багш Н.Ундрах үргэлжлүүлэн удирдаж, уран бүтээлийн замналыг нь түүчээлж байна.
Байгуулагдсан цагаасаа хойш нийт 11 үеийн 300 гаруй суралцагчийг бүжгийн урлагаар сурган хүмүүжүүлж улс аймгийн өсвөрийн бүжигчдийн уралдаанд олон удаа гала тоглолтод шалгарч, тэргүүн болон шагналт байрт шалгарч байв. Тухайлбал, төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидийн нэрэмжит “Өсвөрийн бүжигчдийн улсын наадам”, Хүн домог” бүжгийн үндэсний их наадам, “Олон үндэстэн ястны бүжгийн наадам” зэрэг томоохон уралдаан тэмцээнд тэргүүн, шагналт байрт шалгарч байжээ.

Орон нутагтаа төдийгүй улсын хэмжээнд үндэсний бүжгийн урлаг, өв соёлыг хүүхэд залууст өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн тус хамтлагаас 20 гаруй төгсөгч эдүгээ мэргэжлийн бүжигчин болж, Монголын урлагийн салбарт амжилттай ажиллаж байна.
Тухайлбал, 2016 онд “Авьяаслаг Монголчууд” шоунд амжилттай оролцож, шилдэг оролцогчдын нэг болсон Э.Ууган-Эрдэнэ ОХУ-д сурч ирээд Монголын орчин үеийн болон үндэсний бүжгийн салбарт амжилттай ажиллаж буй мэргэжлийн бүжигчин, бүжиг дэглээч юм.
Орон нутагтаа төдийгүй улсын хэмжээнд үндэсний бүжгийн урлаг, өв соёлыг хүүхэд залууст өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулж ирсэн тус хамтлаг энэ оны арванэгдүгээр сарын 15-нд 30 жилийн түүхт ойгоо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

