Амаржаад удаагүй боловч ажилдаа эргэн орж, телевизийн нэвтрүүлэг хөтөлж буй дуучин М.Нара шинэ жилийн гоёлын будалт хийдэг давхар ажилтай болжээ. Энэ нь ч тийм гайхаад байхаар зүйл биш гэнэ. Өмнөх жилүүдэд найз нөхөд, танил хүмүүсийнхээ гуйлтаар гоёлын будалт хийж өгдөг байсан тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн үнэ төлбөртэйгээр олон нийтэд үйлчлэх болжээ.
Нэвтрүүлгийн зураг авалт болон шинэ жилийн баярын арга хэмжээнд уригдахаас бусад үед гэртээ хүүхдээ асрах зуураа энэхүү ажлаа үргэлжлүүлж буй М.Нара үнэтэй брэндийн чанартай сайн будаг шунх олныг авснаа ч цахим ертөнцөд дэлгэсэн. Үүгээр ч зогсохгүй, өөрийн давхар ажлынхаа талаар “Өнгөрсөн жил 70 мянгаар будаж байсан. Энэ жил хямдрал зарлаад 50 мянга болсон шүү. Сонирхсон хүмүүс нь өдөр судраа эртхэн хэлж, цагаа тохироорой. Болж өгвөл хэнийг ч гомдоохгүй, сайхан будаад өгчихмөөр байна. Шинэ жилээр энгийн хэрнээ дур булаам харагдуулах будалт чухал байдаг. Чанартай будгаар сайхан будаж чадна шүү, би” хэмээн хальт рекламдаад авчээ.
Японд урлагийн чиглэлээр суралцаж байхдаа нүүр будалт хэрхэн хийхийг сурч авсан гэх түүний өвөрмөц төрх, гайхалтай зохисон стиль нь зарим охид бүсгүйчүүдийг ч атаархуулдаг нь нууц биш.
Эх сурвалж: Photonews.mn