Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. "Хан Хэнтий-2015" аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сарын 24-нд 17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдах гэж байна.
Торгон мэдрэмжтэй, авьяаслаг гэрэл зурагчдын дуранд Зүрхэн нутаг маань хэрхэн бууаныг үзэгч түмэн та бүхэн тольдож, оюуны цангаагаа тайлахыг урьж байна. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь Хэнтий нутгийн байгалийн гайхамшиг, аж ахуйгаар дамжуулан олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх шинэ гарцыг эрэлхийлэхэд оршиж байгаа юм. Эзэн Чингисийн түүхт газар, өнгө алагласан навчис, өдөр бүр очих голуудын бэлчир, Батноровын алдарт Тожил дарханы хийцтэй эмээл, хазаар, гоёл, эрийн хийморь сэргээсэн адуун сүрэг, төрийн торгон сүргийг харж мэдрэмжээ" цэнгүүлэх"-дээ та бэлэн үү?
“Монголын Зүрх Хэнтий“ гэрэл зургийн үзэсгэлэн 7 хоногийн турш үргэлжлэх бөгөөд өдөр бүрийн 17 цагаас тусгай арга хэмжээ зохион байгуулагдах болохыг дуулгахад таатай байна. Эрхэм та гэрэл зургийн гайхамшгийг мэдрэхийн ялдамд сонирхолтой лекц, ярианд хамрагдах боломжтой юм.
Хөтөлбөр
2015.11.24-нд 17 цагаас "Нээлтийн үйл ажиллагаа"
2015.11.25-нд 17 цагаас "Залуучуудад зориулсан үйл ажиллагаа, лекц, яриа
2015.11.27-нд 17 цагаас "Ахмадууд болон нутгийн зөвлөлийнхөнд зориулсан үйл ажиллагаа"
2015.11.29-нд 17 цагаас "Аялал жуулчлалын компаниудад зориулсан үйл ажиллагаа"
2015.11.30-нд 15 цагаас "Гэрэл зурагчдын тусгай арга хэмжээ болон "Хаалтын үйл ажиллагаа" тус тус болно.
Та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 96691679, 80907071 дугаараас лавлана уу.