Цөөрмийн усанд үймцэх загасыг ажиж зогссон Жуан багшаас нэг хүн “Энэ загаснууд яаж байгаа бол?” гэж асуув. “Эднүүс жаргаж байна” гэж Жуанзы хариулав. “Та эдний дотор орсон биш жаргаж ч байгаа юмуу, зовж ч байгаа юмуу яаж мэднэм?” гэхэд мэргэн өтгөс “Чи миний дотор ороогүй байж намайг мэдэхгүйг яаж мэднэм?” гэж хариу асуужээ.
Гар хөдөлбөл ам хөдөлнө
Хякузэ багш ная хүрсэн мөртлөө шавь нарын хаа хамт хар бор ажил хийж, шал угааж, цэцэрлэгээ арчилдаг байв. Шавь нар нь ятгасан ч хүчир хөдөлмөрөө үргэлжлүүлсээр байв. Тэгэхлээр нь багшийн багаж хэрэгслийг шавь нар нууж орхижээ. Тэр өдөр багш хоол идсэнгүй. Дараа өдөр ч аяганы амсар зуусангүй. “Бидэнд уурласан юм боловуу” гэж бодоод шавь нар нуусан багажаа гаргаж тавив.Маргааш нь багш урьдынх шигээ ажлаа хийж, хоолоо ч идэв.“Гар хөдлөөгүй бол ам хөдлөх ёсгүй” гэж шавь нартаа үдэш сургамжлан хэлжээ.
Ажиглахуй
Ажиглах бясалгал заалгасан гурван шавьтайгаа багш гадаа бясалгаж суув. Сүмийн дээвэр дэх дарцаг салхинд дэрвэхийг ажсан шавь “Дарцаг дэрвэж байна” гэв. Илүү гярхай болох гэсэн удаах шавь “Салхи сэвэлзэж байна” гэв. Тэр хоёроос давж гарахын тулд гуравдахь шавь “Сэтгэл хэлбэлзэж байна” гэлээ. Тэгээд гурвуул багшийн зүг харахад багш нь “Ам л дарвалзаад байна” гэжээ.
Хариулт чиний гарт
Нэгэн жаал болжмор барьж аваад ардаа нууж “Ламбугай, миний гарт байгаа шувуу амьд уу, үхсэн үү?” гэж асуув. Өвгөнийг мад тавих боломж гэж жаалхүү бодсон юмсанж. Хэрэв “үхсэн” гэж хариулбал шувуугаа тавьж нисгэнэ. “Амьд” гэж хариулбал болжморын хүзүүг хуга базчихна гэж тооцоолжээ. Гэтэл лам “Хариулт чиний гарт” гэжээ.
Хүндэт зочин жанч
Икюү багшийг нэгэн ноён найранд урьжээ. Ноорхой бадарчны хувцсаа өмсөөд очиход гэрийн эзэн түүнийг танилгүй хөөж явуулав. Хувцсаа сольж, ёслолын жанчаа асаагаад очиход нь түүнийг хүндлэн угтаж, найрын ширээнд суулгав. Багш жанчаа тайлж сандал дээр тавиад “Намайг биш, үүнийг урьсан бололтой” гээд гарч оджээ.
Магадгүй
Амьдралд хүлээцтэй хандахын учрыг ухсан нэгэн настан хөдөө тосгонд амьдардаг байв.Нэг өдөр аргамаг сайн хүлэг нь алга болжээ. “Яасан золгүй хэрэг вэ” гэж айлын хүмүүс уулгалахад өвгөн “Магадгүйээ” л гэв.Хэдэн өдрийн дараа хүлэг морь нь гурван эмнэг морь дагуулан иржээ. “Ямар азтай юм бэ” гэж айлынхан шагшрахад “Магадгүйээ” л гэв. Дараа өдөр өвгөний хүү эмнэг номхруулах гэж байгаад хөлөө хугалчихжээ. “Ийм гай түй гэж байдагаа” хэмээн хөрш нь шогшроход өвгөн “Магадгүй ээ” л гэлээ. Маргааш нь тосгонд цэргийн түшмэд ирж, залуусыг цэрэгт дайчлав. Хөл нь хугархай хүүг албанаас хэлтрүүлжээ. “Ёстой завшаантай хэрэг болж дээ” гэж айл хотлоор ам булаалдахад “Магадгүйээ” гэж өвгөн хэлэв.
Христиан Будда
Газан багштай нэгэн оюутан уулзахзуураа “Та Библи уншиж байсан уу?” гэж асуужээ. “Үгүйээ, надад уншаад өг л дөө” гэхэд оюутан Библи судар сөхөж, Матайн хэсгээс уншив: “Аж амьдралд санаа зовоод яах вэ.Зэрлэг сараана цэцгийг хар л даа. Тордож ургуулаагүй хирнээ хээнцэр сайхан нь Соломон хааны тансаг хэвнэгээс ч илүү дуртмал биш үү?… Тийм учир маргаашийг бодож шаналах хэрэггүй. Болдог юм болдгоороо болно.”
Түүнийг сонсоод Газан “Энэ үгийг хэлсэн хүн гэгээрсэн нэгэн гэдэгт би эргэлзэхгүй байна” гэжээ.
Эх сурвалж: 300 Zen stories by Ananda