Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг 43 жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. 12 настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байсан юм. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай, агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм. Бямба гаргийн өглөө би хэдэн найзтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр рүү нь чулуу нүүлгэж, тэрхүү чулуугаа харваж буй одтой зүйрлэн баясаж байв. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалганы цонхыг онох нь тэр. Цонхны хагарах чимээг сонсоод ухаан жолоогүй тэндээс зугатаалаа. Настай эмэгтэй биднийг хараагүй гэдэгт би итгэлтэй байсан ч бүтэн шөнийн турш харсан бол яана гэсэн бодол намайг унтуулсангүй. Маргааш өглөө хаалгыг нь тогшин сонингоо өгөхөд тэрбээр урьдын адил дотно, дулаахан инээмсэглэлээрээ намайг угтан, мэндийг минь мэдэв. Харин би хийсэн гэмээсээ ичиж, нүүр рүү нь ч харж чадсангүй. Ингээд би сонин тараасныхаа хөлсийг цуглуулахаар шийдлээ. Гурван долоо хоногийн дараа яг 7 ам.доллар цуглуулав. Нэг цаасан дээр “Гэрийн тань арын хаалганы цонхыг санаандгүй хагалсныг минь уучлаарай. Энэ дугтуйн дахь мөнгө цонх шиллэхэд хүрэлцэнэ гэж би бодож байна” хэмээн бяцхан зурвас бичээд, мөнгөний хамт дугтуйлав. Ингээд харанхуй болохыг хүлээж байгаад хаалганых нь дэргэдэх шуудангийн хайрцагт хийлээ. Маргааш нь настай эмэгтэйгээс санаа зовох зүйлгүй инээмсэлэлээр угтлаа. Би ч гэсэн айх юмгүй эгцлэн харж инээмсэглэв.Сонингоо өгөөд эргэтэл настай эмэгтэй “Өө бүр мартахаа шахлаа. Чамд өгөх гэж жигнэмэг бэлдсэн юм” гээд боодолтой юм өгөв. Тэднийхээс гарч байхдаа их л баяртайгаар жигнэмэгээ идэж эхэллээ. Хэдийг идсэний дараа дахиад нэгийг авах гэтэл дугтуй гарт баригдав. Гаргаж ирээд яаран задалвал дотор нь 7 ам.долларын хамт” Хүү минь би чамаар бахархаж байна” гэж бичсэн зурвас байлаа.