Японы Фүкүока хотноо болсон энэ оны сүүлийн кюүшюү башё өчигдөр өндөрлөсөн. Мэргэжлийн сүмо бөхийн энэ удаагийн башёгийн барилдаанд 71 дэх их аварга Какүрюү М.Ананд озэки шагналаа гардсан юм.
Тэрбээр тус башён 15 дахь өдрийн барилдаанд ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржийг давж, 14 даваа, нэг унаатайгаар башёг дуусгасан билээ. Тэрбээр хоёр жилийн өмнө кюүшюү башёд 10 дараалан давсан амжилттай явж байгаад 11 дэх өдрөө харамсалтайгаар ялагдаж байсан удаатай. Тэгвэл энэ удаа тэрхүү өдрийн азгүйтэлдээ цэг тавьж, дээд зиндааны гуравдах түрүүгээ авч чадсан билээ.
Гэр бүл нь түүнийг тун их дэмждэг тухай тэрбээр дурьджээ. М.Ананд энэ башёд тэргүүлэх нь нэгэнт тодорхой болсон 14 дэх өдрийн барилдааны дараа түүний эхнэр Мөнхзаяа олны нүдэн дээр халуун дотноор үнссэн юм. Үүний дараа М.Ананд “Эхнэр минь намайг дандаа л тайвшруулдаг байсан. Өнөөдөр эхнэрийнхээ баярлаж буйг харах сайхан байна” гэжээ. Мөн “Охинтойгоо уулзалгүй нэг сар болсон. Энэ хугацаанд маш олон зүйл хийж чаддаг болсон байна билээ” хэмээн ярьсан байна.