Намрын билэгт сайн өдрүүд тохиож, найр наадмын цаг эхэлсэнтэй холбоотойгоор Гэрлэх ёслолын ордон залуу хосуудын хөлд дарагдах боллоо. Энэ сард Хуримын ордонд 300 орчим залуу хос гэрлэлтээ батлуулахаар бүртгүүлсэн байна. Тэр дундаас энэ жилийг сонгон гэрлэхээр болсон олны танил хосуудыг багцлан хүргэе.
Т.Бархүү, И.Одончимэг нарын зартай хуримын тов ирэх сарын дундуур гарчээ
Тэдний тухайд: МУГЖ И.Одончимэг болон Т.Бархүү нарын хувьд 2012 он дуулиан, шуугианаар дүүрэн жил болж байгаа гэхэд хилсдэхгүй.
Эхнэр И.Одончимэг нь: Он гарахаас хэдхэн хоногийн өмнө амаржсан гавъяат маань нярайлаад удаагүй байхдаа эмээ болсон. Харин өнгөрсөн эмэгтэйчүүдийн баяр буюу Мартын 8-нд түүний нөхөр жүжигчин Т.Бархүү гэргийдээ алмаазан шигтгээтэй цагаан алтан бөгж бэлэглэж, албан ёсоор гэрлэх санал тавьжээ.
Нөхөр Т.Бархүү: Эхнэрээ нярайлмагц хагас тэрбум төгрөгөөр хаус захиалсан бөгөөд хуримаа хийснийхээ дараа уг харшдаа тухлахаар шийдээд байгаа гэнэ. Мөн тэд “Шилмэл загвар”-аар хуримын гоёлоо хийлгэж байгаа бөгөөд жүжигчин Т.Бархүү хуримын бэлтгэлээс гадна шинэхэн гэрээ тохижуулах гээд тун ч завгүй байгаа сурагтай.
Дуучин Б.Хонгор энэ сарын 15-нд "Sky resort"-д хуримлав
Тэдний тухайд: 1970, 1980-аад оны Монголын эстрад урлагт түүх болон мөнхөрсөн дуучин н.Баяр агсны хүү Б.Хонгор “MCS” группын харьяа "Skyresort" цанийн баазын захирал н.Батсуурийн охин Б.Анартай энэ сарын 15-нд нижгэр хурим хийлээ.
Нөхөр Б.Хонгор: 2004 онд Отгонтэнгэр их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөөд үргэлжлүүлэн БНХАУ-ын магистрт суралцан, боловсролоо дээшлүүлсэн нэгэн. Үүнийхээ хажуугаар "Фучеэр холдинг" компанитай уран бүтээлийн хамтын ажиллагаа үүсгэн хэд хэдэн цомог гаргаж, маркетингийн хэлтэст нь ажиллаж байсан ажээ. Өдгөө тэрбээр өөрийн гэсэн бизнесээ эхлүүлсэн
Эхнэр Б.Анар: “MCS” группын харьяа "Skyresort" цанын баазын захирал н.Батсуурийн охин юм. Тэрбээр гадаадад бизнесийн удирдлагаар өндөр боловсрол эзэмшсэн, даруухан бүсгүй байдаг аж.
Цэлмүүн өнөөдөр “Маршал Таун” хотхонд хуримаа хийж байна
Түүний тухайд: “Universe best songs” наадмын анхны ялагч болж, Монголын урлагийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэйгээр гарч ирсэн дуучин Ч.Цэлмүүн өнөөдөр хуримаа хийж байна. Сүүлийн үед эрэгтэй дуучдаас хамтран дуулах санал ихээр авах болсон дуучин бүсгүй татгалзсан хариултыг өгч байгаа сурагтай.
Нөхөр Н.Алтанхайрхан: Цэлмүүний багын найз, айлын ганц хүү аж. Тэрбээр 100 айлд байрлах плитаны дэлгүүрийн өвөрмонгол эзний ганц хүү гэнэ. Боловсролын тухайд АНУ-д суралцдаг бөгөөд тэд хоёр жил үерхэж байгаа. Хамгийн гайхалтай нь сүйт залуу Н.Алтанхайрханы аав бэрээ тогтоохын тулд алтаар их хэмжээний эд хийж өгсөн гэнэ.
Поп дива дуучин С.Наран намрын дунд сарын шинийн 15-нд нижгэр хурим хийхээр болжээ
Тэдний тухайд: Халх, Монгол, Казак, Буриад хайр сэтгэлд хамаа байхгүй хэмээх үгийг баталж Халхын сайн дуучдын нэг болох Поп дива дуучин С.Наран намрын дунд сарын шинийн 15-нд хурим хийхээр болжээ.
Эхнэр С.Наран: Эршүүд өнгөтэй, чадалтай хоолойн цараагаа олонд таниулсан. Дуучин С.Наран казахуудын ёсыг “эвдэж” өнгөрсөн Наурызийн баяраар казах залуутай сүй тавьсан билээ.
Нөхрийн хувьд: Казахууд нэлээд үндсэрхэг улс. Тэр ч утгаараа барагтай л бол халх хүнтэй гэрлэхийг зөвшөөрдөггүй. Гэтэл одоогоор нэр нь тодроогүй байгаа сүйт залуу эхнэр болох эмэгтэйнхээ эршүүд хоолойн эрэмгий чадалд нь дурласан уу яасан ямартай ч эхнэрээрээ сонгожээ.
Хийлч Дээгий хоёр дахь сонгол мөн л харь эр
Түүний тухайд: Сонгодог урлагийн сонгодог жишээ гэгдэх хийлч Дээгий дахин гадаад эрийн цайг чанахаар болсонд харамлах сэтгэл тээх хүн олон. Гэхдээ энэ удаад албан ёсоор. Өөрөөр хэлбэл өмнөх нөхөртэйгөө албан ёсоор хуримлаагүй ч нэг гэрт орж, үрийн зулай үнэрлэснийг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Харамсалтай нь насны зөрүү, үндэс угсаа өөр болохоор хосуудын хамтын амьдрал нэг их удаан үргэлжлээгүй гэж дотны нөхөд нь ярьдаг юм билээ. Нөхрөөсөө өрх тусгаарлаад удаагүй ч тэрбээр дараагийнхаа амьдралыг эхлүүлсэн байна.
Нөхөр Марк Байли: “Leighton” компанийн Монгол дахь гүйцэтгэх захирал. Марк Байли хийлч Ч.Дэлгэрцэцэг нар өнгөрсөн сарын 9-ний өдөр хуримласан бөгөөд хурим гэр бүлийн хүрээнд болжээ.
Харумафүжи Д.Бямбадорж удахгүй гэрлэнэ
Тэдний тухайд: Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж буй монгол бөхчүүдээс зан төлөв, барилдааны ур хийц гээд олон сайхан чанараараа ялгардаг Харумафүжи Д.Бямбадорж удахгүй гэрлэх сурагтай. Энэ талаар Японы сонин хэвлэлд сүүлийн үед мэр сэр мэдээлэл гарах болжээ.
Нөхөр Харумафүжи: 1984 онд төрсөн озэки Харумафүжи өдгөө 26 нас хүрч байгаа. Тэрбээр эх орондоо ирж, хуримаа хийх бөгөөд ирэх хавар Японд мөн хуримын ёслол дахин хийх ажээ
Эхнэр М.Баттуул: Харумафүжигийн маш сайн нууцалсан найз бүсгүйг нь М.Баттуул гэдэг бөгөөд олны хайртай сумочийн эхнэр болох гэж байгаа азтай бүсгүй. Японы Иватэгийн их сургуульд оюутан солилцоогоор суралцдаг. 23 настай бүсгүй гэнэ.
Олимпийн хүрэл медальт С.Ням-Очир сүй тавьжээ
Нөхөр С.Ням-Очир: Лондонгийн олимпод жүдо бөхийн 73 кг-ын жинд барилдаж ард олондоо итгэл найдварын галыг асаан хүрэл медаль авчирсан тамирчин. С.Ням-Очирын ах нар бүгдээрээ жүдочид бөгөөд ээжийнх нь дүү нар самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Жамсран, ОУХМ Г.Баатарсүрэн, Г.Барсүрэн нар юм.
Эхнэр болох Д.Лхамдэгд: Нөхрийн адил мөн л тамирчин бүсгүй. Тэрбээр саяхан болж өндөрлөсөн Лондонгийн олимпод эмэгтэйчүүдийн жүдо бөхийн төрлөөр хүч үзсэн. Өөрийгөө дэлхийн дэвжээнд таниулсан С.Ням-Очир нь гэр бүлийнхээ хүнээр олимпод хүчээ сорих шилдэг тамирчин бүсгүйг сонгож гэрлэхээр сүй тавьжээ. Тэднийг намрын дунд сарын шинийн 17нд хуримлана гэсэн мэдээлэл цацагдсан.
Ч.ГАН