Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Захирал Ч.Даваабаяр
Мэндчилгээ
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн байнгын үзэгч, эрхэм уншигч таны амрыг эрж, Монгол Улсад телевизийн урлаг үүсч хөгжсөний болон МҮОНТ байгуулагдсаны 45 жилийн ойн халуун баяр хүргэн мэндчилж байна.
1967 оны есдүгээр сарын 27-ны өдөр Монгол айлын хойморт цэнхэр дэлгэц гэрэлтэн асч, “Монголын зурагт радио” анхны нэвтрүүлгээ агаарын долгионоор цацаж, Монголчууд эх орныхоо төдийгүй ертөнц дэлхийн мэдээ мэдээллийг дуу дүрсийн хамт зэрэг хүлээн авснаар мэдээллийн болон телевизийн хэмээх шинэ урлагийн үүд хаалга нээгдсэн билээ.
Тэр цагаас хойш Монголын зурагт радио буюу өдгөөгийн МҮОНТ Монгол Улс, монгол түмнийхээ түүхийн хором мөч бүрийг алдалгүй бичиж, эгэл олныхоо баяр гуниг, итгэл үнэмшлийг хуваалцаж ирэхдээ өвөг дээдсийнхээ бүтээсэн их түүх, өв уламжлал, соёл заншлаар бахархаж, түүний дутааж дундруулж болохгүй эрдэнэсийн санг бүтээл туурвилаараа арвижуулж ирлээ.
“Үндэсний Олон Нийтийн” гэсэн тодотголтой, өөрийн тусдаа хуультай үндэсний хэмжээний телевизийн хувьд МҮОНТ нь олон нийтийн язгуур эрх ашгийг ямагт дээдлэн, үзэгч түмнийхээ хүсэл эрмэлзэл, оюуны эрэлт хэрэгцээг соргогоор мэдэрч, мэдээ мэдээллийн үнэн бодит, тэнцвэрт байдлыг чанд барьж, даяаршин буй дэлхий дахины соёл урлаг, оюун сэтгэлгээний ололт бүхнийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр шамдан ажиллаж байна.
Бидэнтэй ямагт хамт байж, зэмлэл, магтаалаараа уран бүтээлийн урам өгч, МҮОНТ-ийн түүхийг хамт бичилцэж ирсэн мэргэн үзэгч олон та бүхэндээ, хөгжлийн 45 жилийн туршлагатай, мэргэжлийн чадварлаг баг болох МҮОНТ-ийн хамт олондоо шинэчлэлийн эрин үед хамтдаа хөгжин урагшлахыг хүсэн ерөөе.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!