Монголын урлагийн тогооныхон дотроо бие биенээ ялгаварлан гадуурхахдаа гаргуун. Нэг тогооноос хоолоо олж идэж байж рок попынхон, зохиолын дууныхан гэж хуваагдчихаад сонсогчдоо бас хот хөдөөгөөр нь ялгачихдаг. Гэтэл рок попынхон ч тэр, зохиолын дууныхан ч тэр дотроо хэд хэдэн бүлэг фракциар хуваагдаж яг л улс төрийнхөн шиг өрсөлддөг юм байх. Сонсоод байхнээ зохиолын дууг уналтад ороод байх үед аварсан гэгдэх нэрийг албан ёсоор зүүдэг С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ нарын хоёр том фракци бий болсон гэнэ.
Шинээр СУИС-ийг төгсч, нийтийн дуунд эрчимтэй орж байгаа залуусын хувьд “Жавхлангийн дүү нар” гэгддэг фракцид хамаарагдах уу, эсвэл сэргэлэн Ээнээгийн дүү нар гэдэгт нь орох уу гэдэг томоохон сонголт гарч ирдэг гэнэ. С.Жавхлангийн дүү нар гэдэгт нь Ноён Бондгороос эхлээд 20 орчим уран бүтээлчид ордог бол харин Ч.Бат-Эрдэнэ буюу “Ээнээгийн дүү нар” гэдэг фракцид нь СТА Д.Намсрайноров, П.Идэржавхлан гэхчлэнгээр бичигддэг юм байх. Харин гурав дахь томоохон фракци гэвэл “Очирваань уул” гэгдэх холбоо. Тус холбоог МУГЖ, Завханы С.Батсүх толгойлдог бөгөөд мөн л Л.Далантай, Б.Батболд, Л.Нарантуяа гээд 20 орчим дуучид, хамтлагийг холбоондоо нэгтгэжээ.
Мэдээж бүх уран бүтээлчид эдгээр фракцид харьяалагдах албагүй, тусдаа уран бүтээлээ туурвидаг ч мөн чанартаа эдгээр фракциуд нийтийн дууныхан дундаа нэлээд хүчээ авч тоглолт зохион байгуулах, үзэгчдийг татах, хөгжмийн болон шүлгийн уран бүтээлчидтэй хамтран багагүй ажил хийдэг учраас “од” болохыг хүсч байгаа залуу уран бүтээлчид яалт ч үгүй хандаж саналаа тавьдаг болжээ.
Ийм фракцийн тоог дахин нэгээр нэмэхээр СТА Р.Дэлгэрмаагийн нөхөр Д.Хишигбаяр мөн ханцуй шамлан зүтгэж “Гүйгүүл морин” дуугаар олны танил болсон СТА А.Хосбаяр зэрэг Төв аймгийнхаа уран бүтээлчдийг нэгтгэж эхлээд бүлэг фракци болон явах болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn